ТҮРҮҮЧ Б.МӨНГӨӨНӨӨ: АМЬДРАЛДАА, ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН
  • 14:24
  • 9802
Хилийн 0166 дугаар ангийн 0206 дугаар салбарын түрүүч Б.Мөнгөөнөөтэй цэргийн албаа хэрхэн хааж байгаа талаар ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Цэргийн албанд татагдан ирсэн сэтгэгдэл ямар байна?

-Цэргийн алба гоё байна. Би Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас цэргийн албанд 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн. Ялангуяа хилийн цэрэгт алба хааж байгаа нь янзын сайхан байна.

-Яг юу нь тийм сайхан байна гэж?

-Эх орноо манаж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Би есдүгээр ангийн сурагч байхдаа хилийн салбарт анх очиж үзсэн. Мазаалай хамгаалах клубын сурагч байсан юм. Тэр үед хилийн багана, харуулыг үзээд ихэд гайхаж билээ.

-Цэргийн албаны талаар анх ямар ойлголт, төсөөлөлтэй байв?

-Эр хүн болсных цэргийн алба хаачих юмсан гэх бодол төрөхөөс яг ямар орчин нөхцөл байдаг талаар ойлголтгүй байсан. Анх хилийн салбарт иртэл авсаархан орчин угтсан. Харин дасаад ирэхээр салбар маань том, тохитой санагдах болсон. Ийш тийшээ явахаар салбараа төрсөн гэр шигээ санадаг талаар бид хоорондоо ярилцдаг. Хилийн харуулд гарах мэдрэмж их сонин байсан. Үүргээ гүйцэтгээд харуулаас бууж ирэх гоё. Манайхан хадаг сүүгээ бариад л угтдаг юм.

-Хилчин болоод чи юунд илүүтэй суралцаж байна вэ?

-Цэргийн албанд татагдан ирээд тэсвэр хатуужил, бусдаас үг сонсох чадвар сууж төлөвшиж байна. Хилийн салбарт хийх ажил ч их, гараас гарах нь хурдан байдаг. Магадгүй хамтдаа хийдэг болохоор тэр байх. Цэргийн албанд хүн өөрийгөө арай өөр нүдээр олж хардаг юм байна. Өөрийнхөө дутагдалтай талыг олж харан улмаар засаж байгаа. Анх зарим юмны нарийн учрыг ойлгохгүй сандардаг байлаа. Зөв буруу хийж байгаагаа ч ялгахгүй. Их ичдэг байсан. Ганцхан би биш хугацаат цэргийн алба хаагчид өөрийгөө илэрхийлэхээс эхлээд задарч хөгжиж байгаа.

-Чамд бодит ямар өөрчлөлт гарч байна?

-Би хүний үг даадаггүй байсан. Өөрийнхөө зөв гэж зөрүүдэлдэг байлаа. Одоо бол би эхлээд бодно. Хилийн харуул дээр ялангуяа олонтой бус ганцаараа байгаа үед ихийг тунгаан боддог. Манай найзууд ч ихийг бодож байгаа талаар хоорондоо ярилцдаг. Амьдралдаа, өөртөө дүгнэлт хийх боломжийг энэ алба олгосон. Мөн аливаа ажлыг гараас гаргаж сурч байна. Ажил хийвэл дуустал гэдэг үгийг мэдэрч байна гэх үү дээ. Цагийн юм цагтаа гэдэг чанар бас сууж байна. Цаашид дарга нараасаа ихийг суралцаад халагдана гэж боддог. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх боломж нөхцлийг сайн хангаж өгсөн нь манай салбарын давуу тал. Салбарын захирагч угаас цэргүүдтэйгээ их ажиллаж, зөвлөдөг.

-Эсрэгээр цэргийн албанд татагдаагүй байсан бол?

-Би нэг цэгтээ л байх байсан болов уу. Цэргийн албанд битүүхэн тэмүүлдэг байсан нь оножээ. Гэхдээ анх ирэхэд говьд заримдаа 40 хэм хүрч халах нь амаргүй байсан. Бас тэмээ малд дүй муутай. Одоо ч араншинг нь нэг л олохгүй байгаа. 

-Гэр бүлийнхээ үнэ цэнийг бас мэдэрдэг байх?

-Ойр байхаар ойлгодоггүй юм билээ. Одоо бодоход яах гэж тийм алхам хийв гээд л өнгөрснөө боддог. Гэхдээ аав ээжийгээ сүрхий гомдоож байгаагүй болов уу. Манай аав тус ангид цэргийн алба хааж байсан учраас надад алба хаахыг зөвлөсөн. Аавын хэлсэн бүхэн үнэн байж. Тиймээс би залуусыг цэргийн албанаас халгах биш хаагаад үзээрэй гэж хэлмээр байна.