ГЭРЭЭТ ХИЛЧИН, БАЙЛДАГЧ Б.БИЛГҮҮН: ХАМГААЛАХ ЁСТОЙ НАНДИН ЗҮЙЛ МИНЬ ЭХ ОРОН
  • 14:35
  • 8134
Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хаагаад цаашид үндсэн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй олон залуу бий. Тэдний төлөөлөл болгон хилийн 0168 дугаар ангид гэрээт хилчний алба хаасан байлдагч Б.Билгүүнтэй ярилцлаа.

Дэд хурандаа Г.Даваатогтох

-Анх яагаад гэрээт хилчний албыг сонгох болсон бэ?

-Би гэрээт хилчний албыг сонгохдоо  Хил хамгаалах байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой байсан. Цэргийн албыг хугацаат цэргийн албанаас нь эхлэн мэдэрч, шат алгасахгүй явна гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Тэр дундаа гэрээт хилчний алба тун өндөр хариуцлагатай санагдсан.

-Яагаад гэрээт хилчний албыг өндөр хариуцлагатай алба гэж дүгнэх болов?

-Манай анги гэрээт хилчний албанд шилжээгүй байхад хил хамгаалалтад офицер, ахлагч, ХЦАХ-чид үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бол хилийн манааны бүрэлдэхүүний дийлэнх хувийг гэрээт хилчид бүрдүүлдэг. Түүнчлэн гэрээт хилчид хугацаат цэргийн албаа хаагаад сайн дураараа гэрээ байгуулан цалин, хангамжаа аваад цаашид хөгжин дэвших боломжтой залуус юм. Тиймээс гэрээтийн албыг мэргэжлийн хилчдийг бэлтгэх алба хэмээн нэрийдэж байгаа байх. Өнөөдрийн гэрээт хилчдийн дундаас хожмын нэгэн өдөр Хил хамгаалах байгууллагыг удирдах мэргэжлийн чадварлаг хилчин төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Би ингэж боддог болохоор хамт алба хааж буй нөхдөөрөө үргэлж бахархаж явдаг.

-Хилийн салбарт алба хааж байх үеийн хамгийн дурсамжтай нэгэн явдлыг яриач?

-2019 онд манай салбарт Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны цугларалтыг анх удаа хил дээр зохион байгуулсан. Цугларалтын бэлтгэлийг хангахаар бид их завгүй ажилласан. Тийм том цугларалт болох гэж байхад гэрээт хилчид ч бас үүргээ ухамсарлан санаа нэгдэн ажиллаж зорилгодоо хүрсэн. Энэ үед гэрээт хилчид бид маш их ажил хийж гүйцэтгэсэндээ баяртай байдаг. Ер нь гэрээт хилчний алба тэр чигээрээ дурсамж дүүрэн өнгөрсөн.

-Хилийн багана дээр анх очсон хүн бүрийн сэтгэл хөдөлдөг. Таны хувьд?

-Монгол Улсын дархан хил дээр ирээд сүлдэт баганыг анх удаа харах тэр үед өвлийн анхны цас орж байсан. Тэр үед Монгол Улсынхаа нутаг дэвсгэрийн зах хязгаарыг тэмдэглэн орших багана хүртэл бидний нутаг гэж бодохоор омогших сэтгэгдэл төрсөн. Би хилийнхээ багана дээр буугаа барин ёсолж байхдаа сэтгэл омогшин, хилийн цэрэгт алба хааж байгаадаа маш их бахархаж байлаа. Энд төрсөн сэтгэгдэл хэзээ ч мартагдахгүй.

-Эх орны талаарх таны бодол?

-Хамгаалах ёстой нандин зүйл минь эх орон. Миний хайртай бүхэн эх орон гэх ойлголтод бүхэлдээ оршдог. Хэрвээ би тэднийгээ хайрлаж хамгаалж явахгүй бол бусдын эрхшээлд амьдарна гэж бодогддог. Тэгэхээр бид эх орноо хамгаалах нь зүй ёсны хэрэг.

-Гэрээний хугацаа дууслаа. Цаашдын зорилго?

-Цаашид Хил хамгаалах байгууллагадаа  ажиллана. Өөрөөр хэлбэл ахлагч, офицерын эгнээнд шилжин ажиллах хүсэлтэй байгаа. Нэгэнт эхэлсэн мөрөөдөл болохоор цаашид цэргийн хүн болох зорилгынхоо төлөө зүтгэнэ гэж боддог. Хилийн алба улам их таалагдаж байгаа. Маш сайхан алба шүү. Анх зөвхөн Улаанбаатар хотод ажиллаж, амьдарна гэж боддог байсан. Одоо бол хил, хязгаартаа байх нь илүү амгалан санагдаж байна. 

-Гэрээт хилчний албыг сонгон ирж байгаа залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Нэгэнт л гэрээт хилчний албыг сонгон алба хааж байгаа бол шантралгүй хаагаарай гэж хэлмээр байна. Зорьсон зорилгодоо хүрээрэй. Яг үүрэг зорилгоо ойлгосон хүнд бол хэцүү санагдаад байдаггүй. Анх ирж байхад амаргүй санагдаж болно. Гэхдээ албандаа дасаад өөрийн зорилго, үүргээ ойлгож, ухамсарлаад ирэхээр өдрөөс өдөрт дурладаг тийм л алба.

-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе?

-Салбарынхаа хамт олонд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн хамт алба хааж байсан гэрээт хилчдэдээ албаа сайн хаагаад зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье.