ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АВАРГУУД ТОДОРЛОО
  • 11:54
  • 7087
Сар шинийн босгон дээр Хил хамгаалах байгууллага хөдөө аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн алба, мэргэжилтэн, малчин, ногоочин, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулдаг уламжлалтай.

“Цөөвөр” хэмээх XVII жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын хөдөө аж ахуйн 2020 оны үйл ажиллагааны үр дүнгээр хилийн 0168 дугаар ангийн хөдөө аж ахуйн алба “Аварга алба”-аар шалгарсан байна.

Хилийн 0245 дугаар ангийн хөдөө аж ахуйн албаны дарга, хошууч Ш.Хүрэлбаатар “Аварга мэргэжилтэн”, хилийн 0164 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Р.Батсуурь “Аварга малчин”, хилийн 0146 дугаар ангийн саальчин Д.Саруултуяа “Аварга саальчин”, хилийн 0257 дугаар ангийн ногоочин Н.Цэрэндорж “Аварга ногоочин”, хилийн 0108 дугаар ангийн малын суурийн ахлагч, ахлагч Э.Дүгэрсүрэн “Мөнгөн ботгоны эзэн”, хилийн 0285 дугаар ангийн агтны суурийн ахлагч, дэд ахлагч О.Батчулуун “Мөнгөн унаганы эзэн”, хилийн 0132 дугаар ангийн малын суурийн ахлагч, ахлагч М.Энхбаяр “Мөнгөн тугалны эзэн”, хилийн 0184 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Б.Төмөрбаатар “Мөнгөн хурганы эзэн”, хилийн 0311 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Х.Серикболат “Мөнгөн ишигний эзэн”-ээр тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнуулав.

Хилийн 0166 дугаар ангийн гэрээт хилчин, ахлах түрүүч Г.Лувсандондовыг “Сайн малчин гэрээт хилчин”-ээр шалгаруулж өргөмжлөл, зэс аяга, цалинтай 10 хоногийн чөлөө, хилийн 0129 дүгээр ангийн байлдагч Б.Алтангэрэл, хилийн 0146 дугаар ангийн байлдагч, дэд түрүүч А.Хүрэлбаатар, хилийн 0245 дугаар ангийн байлдагч, дэд түрүүч Ө.Баярбат, хилийн 0101 дүгээр ангийн байлдагч, дэд түрүүч Б.Бадамсамбуу, хилийн 0151 дүгээр ангийн байлдагч Г.Пүрэвбат нарыг “Сайн малчин хугацаат цэргийн алба хаагч”-аар шалгаруулж өргөмжлөл, зэс аяга, орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр, яам, агентлаг, байгууллагын шагналаар 24 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа. Ажил үйлсээрээ тэргүүлсэн анги хамт олон, алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь ажлын амжилт хүсье.

Дашрамд дуулгахад Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2020 оны жилийн эцсийн мал, амьтдын тооллогоор хилийн 28 ангийн 188 суурьт 82087 толгой мал, 17 ангийн туслах аж ахуйд 404 толгой амьтан тоологдсон байна. Төллөх насны 31.564 толгой эх малаас 23.444 толгой төл хүлээн авч 98.5 хувьтай бойжуулжээ.