УЛЬХАН, ХАВИРГА БООМТЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА
  • 16:00
  • 4731
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байгаа бөгөөд нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан автозамтай болох зорилт тавьж байгаа аж. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Дорнод аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Дорнод аймгийн Засаг дарга, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс хилийн 0275 дугаар ангийн Ульхан боомтод энэ сарын 21-ний өдөр ажиллалаа. Ульхан боомтын үйл ажиллагааг танилцуулах үеэр “Ульханы хилийн боомтыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, нийт 117 км замыг хатуу хучилттай замаар холбож, Оросын Холбооны Улсаас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоог 30-50 хувь нэмэгдүүлэхээр тусгасан гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Ингэснээр зорчигчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч бараа, үйлчилгээний эргэлт нэмэгдэн, бүс нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэж нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхижих юм байна.