МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛЫГ "ИХЭРЛҮҮЛЛЭЭ"
  • 14:30
  • 4732
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тавдугаар сарын 28-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан МУГТ, Жүдо бөхийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хилийн 0208 дугаар тусгай салбар /"Хилчин" спорт хороо/-ын жүдо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Эрдэнэт-Од Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаалаа. Дэд хурандаа Х.Эрдэнэт-Од жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн анхны медалийг эх орондоо авчирсан гавьяатай тамирчин юм. Мөн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 жил дараалан түрүүлсэн ялгуусан амжилт түүний нэр дээр бичигддэг. Тэрбээр жүдо бөхөөс гадна самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга болж, тус тэмцээнээс нийт арван медаль хүртсэн амжилтын эзэн. Түүний энэхүү амжилтыг одоо хүртэл эвдэж чадаагүй байгаа нь Монголын жүдо бөхийн спортын түүхэнд үлдээсэн бахархалт амжилтуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Хилчин тамирчны их спортод оруулсан хувь нэмрийг төр засаг ийнхүү үнэлсэн нь хилчдийн төдийгүй монгол түмний бахархлыг төрүүлж байна. Эрхэм гавьяатыг шагналаа гардан авсны дараа баярт мөчийг нь хуваалцахад, "Өөрийн олон жилийн хичээл зүтгэлийг үнэлүүлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсондоо маш их баяртай байна. Миний спортын амьдрал хилийн цэрэгтэй салшгүй холбоотой. Намайг урмын үгээр тэтгэж, тусалж дэмждэг хилийн 0208 дугаар тусгай салбар /"Хилчин" спорт хороо/-ын хамт олон, нийт хилчдэдээ баярлаж талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Би “Бээжин 2008” зуны олимпийн наадмын дараа “Хилчин” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар өдийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Шавь нарынхаа амжилтаар тэжээгддэг дасгалжуулагч гэх эрхэм алдрыг зүүсэндээ өнөөдөр баярлаж бас бахархаж байна. Хилийн тэнгэр цэлмэг байх болтугай" гэлээ.