Дэлхий нийтэд эрчимтэй тархаж байгаа цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж, төсвийн орлого тасалдах, гадаад худалдааны тэнцэл алдагдах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, ажилгүйдэл нэмэгдэх, хүн амын бодит орлого буурах зэрэг ноцтой үр дагаварыг дагуулж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд цар тахлын энэхүү хүнд цаг үеийг даван туулахад нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал туйлын чухал байгаа. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улсын хилийн боомтууд дээр нүүрс тээврийн чингэлэгийн терминалыг байгуулах тогтоолыг гаргасан билээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын хилийн Шивээхүрэн боомт дээр “Монголын Алт” (МАК) ХХК нь өөрийн хөрөнгөөр, нийтдээ 596.8 сая төгрөгийн өртөг бүхий чингэлэгтэй нүүрс тээврийн дөрвөн гарцыг барьж байгуулан, хилийн шалган нэвтрүүлэх байрыг, холбогдох техник хэрэгслийн хамт Хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өглөө.
Чингэлэгт тээврийн терминалыг байгуулснаар хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тээврийн урсгалын нягтралыг зөв оновчтой, аюулгүй байдлыг ханган зохион байгуулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх, халдвар хамгааллын дэглэм сахигдах зэрэг олон талын ач холбогдолтой. Цар тахлын энэ цаг үед нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд нь 24 цагийн туршид Монгол Улсын хилийн дотор чингэлэгтэй нүүрсийг улсын хилийн зурвас дахь терминал руу тээвэрлэснээр хоёр улсын хилийн боомтын ажиллах цагийн хүрээнд богинын рейсээр нүүрс экспортлох үйл ажиллагаа явагдах юм.
Энэхүү онцлог дээр суурилсан экспортын үйл ажиллагааны үр дүнд Шивээхүрэн боомтоор жилд дунджаар 12 сая гаруй тонн нүүрс экспортлодог бол энэ хэмжээ 10 сая тонноор нэмэгдэн 22 сая гаруй тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм.
Нарийнсухайтын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтран өмнө нь 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий гаалийн хяналтын 8 урсгалтай барилга, хилийн шалган нэвтрүүлэх 8 гарц, ариутгалын байгууламж, эрчим хүч, шилэн кабель зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байдаг.