Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хилчин тамирчид амжилттай оролцлоо
  • 09:15
  • 3032
Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хилчин тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр нэг, хоёрдугаарыг байранд шалгарлаа.

Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-ны өдөр дунд хөнгөн, дунд, хүнд жин, эмэгтэйчүүд гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулагдсан юм. Уг тэмцээнд МҮБХУХ-ны гишүүн есөн клубын 56 тамирчин гурван жинд өрсөлдсөнөөс, +75 кг жинд оролцсон ахмад Г.Бямбажаргал аваргын алтан медалийн эзэн болж, спортын мастер цол хүртлээ. Мөн 75 кг жинд дэд ахлагч П.Еламан алтан медаль, спортын дэд мастер цол, 65 кг жинд дэд ахлагч Б.Мөнх-Учрал хүрэл медалийн эзэн болсон байна. Ийнхүү нийт дүнгээр хилийн 0303 дугаар тусгай салбарын “Алтан шонхор” клубын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарлаа.

Мөн тэмцээнд Хилийн 0286 дугаар ангийн “Тайгын нударга” клуб анх удаа оролцсон бөгөөд тус клубын тамирчин ахлагч Л.Эрдэнэдалай, ахлах ахлагч Ч.Цолмон, энгийн Б.Мягмарбаясгалан нар амжилттай оролцож ахлагч Л.Эрдэнэдалай мөнгө, Б.Мягмарбаясгалан аваргын алтан медаль хүртлээ. Хилийн 0286 дугаар ангийн “Тайгын нударга” клуб багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.