Гэрээт хилчний алба
  • 14:26
  • 7189

Монгол Улсын Хил хамгаалах албанд харуулын дарга, жолооч, холбоочин, шалгагч, гэрээт цэргийн албан тушаалд  сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хаалгана.

Гэрээгээр алба хаах гэрээ байгуулсан иргэнийг “Гэрээт хилчин” гэнэ. Гэрээгээр алба хаах анхны хугацаа 2 жил байна.

Гэрээгээр алба хаах хүсэлт гаргасан 18-29 настай, 160 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас доошгүй жинтэй, бүрэн дундаас дээш боловсролтой, Монгол Улсын иргэн, эрэгтэй, цэргийн жинхэнэ алба хаасан /эсвэл хугацаат цэргийн албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа/ иргэнийг:

-Бие бялдрын хөгжил;
-Эрүүл мэнд;
-Боловсролын түвшин;
-Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр тусгайлан сонгон шалгаруулж авна.

Амралт, чөлөө: Холбогдох хуулийн дагуу жилд 1 удаа ээлжийн амралт эдэлнэ. Ээлжийн амралтаараа орон нутагтаа ирж, очих замын зардлыг 2 жилд нэг удаа автомашин аль эсвэл галт тэргээр зорчих тухайн үеийн тарифаар бодож олгоно.
Ажлын 7 хүртэлх хоногийн хугацаатай цалинтай, 14 хоног хүртэл хугацаагүй цалингүй чөлөө авч болно.

Мөнгөн хангалт:

-гэрээт хилчин нь гэрээний хугацаанд ажиллах албан тушаалын зэрэглэлийн үндсэн болон цэргийн цолны нэмэгдэл /үндсэн цалингийн 10 хувь/,

-хилийн нэмэгдэл /алба хааж байгаа отряд, заставын зэрэглэлээс хамаарч үндсэн цалингийн 10-25 хувь/,

-цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл /зэргээс хамаарч үндсэн цалингийн 5-15 хувь/,

-онцгой нөхцлийн нэмэгдэл /үндсэн цалингийн 10 хувь/, эмчилгээ сувилалын зардал, орон нутагт амарсаны замын зардлаар хангагдах бөгөөд нийлбэр дүнгээр сард 502704-523809 төгрөгийн цалин авна.

Гэрээт хилчний алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтээс шалтгаалан үндсэн цалингийн 30 хүртэл хувиар 3 сар хүртэл хугацаагаар шагнана. Гэрээг улирал бүр дүгнэж 1 сарын үндсэн цалинтай, жилийн эцэст 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

Хувцасны хангалт: Гэрээт хилчид нь 17 нэр төрлийн хувцас хэрэгсэл, 19 нэр төрлийн ахуйн хэрэглэлээр хангагдана. Дүрэмт хувцаснаас гадна 43 нэр төрлийн тусгай хэрэгслээр үнэ төлбөргүй хангагдана.

Хүнсний хангалт: Гэрээт хилчин нь сар бүр 23 нэр төрлийн хүнсний хангалт үнэ төлбөргүй хэрэглэнэ. Гэрээт хилчдэд мэргэжлийн тогооч үйлчлэх бөгөөд хүссэн хоолоо захиалах, өөрсдөө боловсруулж хэрэглэх боломжтой.

Орон сууцны хангалт: Гэрээт хилчид тусгайлан бэлтгэсэн 2-6 ор бүхий орон сууцанд амьдарна. Унтлагын өрөөний 5, гал тогооны 38,  ахуйн үйлчилгээний 5, угаалгын өрөөний 5, соёл амралтын өрөөний 12 бүгд 65 нэр төрлийн тавилга, эд хэрэглэлээр үнэ төлбөргүй хангагдана.

Эмнэлгийн хангалт: Гэрээт хилчдэд бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй байна. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт жилд 1 удаа, отряд /анги/-уудын хүн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт сар, улирал бүр хамруулна.

Уналгын хангалт: Гэрээт хилчин бүр албан хэрэгцээ, нөхцөл байдлаас хамааран 2-3 уналгын морь, мотоцикль, унадаг дугуйгаар хангагдана.       

Хил хамгаалах байгууллагад иргэдийг гэрээт хилчнээр сонгон шалгаруулж авах 

Хил хамгаалах байгууллагад гэрээгээр алба хаахаар гэрээ байгуулсан иргэнийг “Гэрээт хилчин” гэнэ. Гэрээт хилчний алба хаах анхны хугацаа 24 сар байна.  Гэрээт хилчний хүсэлт, хилийн отряд /анги/-ын даргын санал дүгнэлтийг үндэслэн гэрээг тухайн иргэнийг 31 нас хүртэл сунгаж болно.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолыг удирдлага болгон Хил хамгаалах байгууллагад харуулын дарга, шалгагч, холбоочин, хөгжимчин, жолооч, тамирчин, мэргэн буудагч, нохой хөтлөгч, сантехникийн засварчин, малчин, гэрээт цэргийн албан тушаалд иргэдийг сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хаалгана.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ын 5 дугаар зүйлд заасны дагуу цэргийн жинхэнэ  албыг 8 сараас доошгүй  хугацаагаар  хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, Хил хамгаалах байгууллагад хэрэгцээтэй мэргэжлээр иргэний их, дээд сургууль төгссөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт хилчнээр сайн дурын үндсэн дээр дор дурдсан үзүүлэлтээр тусгайлан томилогдсон комисс сонгон шалгаруулж авна. Үүнд:

- Бие бялдрын хөгжил,
- Эрүүл мэнд;
- Боловсролын түвшин, мэргэжлийн байдал;
- Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал.