News :
Organizations » Хил Хамгаалах Байгууллагын Төв Архив
Хил Хамгаалах Байгууллагын Төв Архив

ХХЕГ-ын Төв архив нь ХЦУГ-ын даргын 1994 оны 155 дугаар тушаалаар  байгуулагдсан. Архивын үйл ажиллагааг төрийн архивын шаардлагын хэмжээнд явагдаж байна гэж үзэн Архивын ерөнхий газраас 2001 онд төрийн архивын 03006 дугаар гэрчилгээ, 2005 онд төрийн архивын 89 тоот батламжийг тус тус олгосноор тус архив нь төрийн архивын статустай, төрөлжсөн архивын зэрэглэлтэй ажиллаж байна. 

”Хил хамгаалах байгууллагын архивын дүрэм”-ийг ХХЕГ-ын даргын 2012 оны А/07 дугаар тушаалаар шинэчлэн батлуулж, анхан шатны болон төрийн архивын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Дүрэмд хил хамгаалах байгууллага нь төрийн болон анхан шатны архивтай байх, тэдгээрийн үндсэн үүрэг, эрх, сан хөмрөгийн баримтын бүрэлдэхүүнийг тусгасан.

 

Тус архив нь улсын хилийн болон хил хамгаалалтын түүхэнд холбогдох түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг төвлөрүүлэн хадгалах, хамгаалах, нийтэд ашиглуулах, байгууллага, иргэдэд архивын мэдээллээр үйлчлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хилийн отряд, ангиудын анхан шатны архивуудыг  мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.

“Төрийн архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх үнэдэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цахим архив” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн цахим сан байгуулж, шаардлагатай програм хангамжийг бий болгон, цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрээр ашиглуулж байна.

 

Эрхэм  зорилго

 

Хил хамгаалах албаны  хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, архивын баримтаар мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, цахим архив байгуулах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хил хамгаалах албаны түүхэн өвийг хадгалах, хамгаалах, баяжуулан хойч үедээ өвлүүлэх ажлыг зохион байгуулна.

 

Манай чиг үүрэг

 

  • Архив, албан хэрэг хөтлөлтөд холбогдолтой хууль, тогтоомж, заавар, стандартыг хэрэгжүүлэх ажлыг Хил хамгаалах албаны  хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих;
  • Улсын хилийн болон хил хамгаалалтын түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн бүрдүүлэх;
  • Баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, тоо бүртгэл хөтлөх, баримтын эрэлт хайлт, ашиглалтыг хөнгөн шуурхай зохион байгуулах;
  • Баримтанд гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, гэмтэж буй шалтгааныг илрүүлэх, сэлбэн засварлах, сэргээн шинэтгэх;
  • Архивын баримтын эрэлт хайлт, эрдэм шинжилгээ мэдээллийн лавлагааны санг бүрдүүлэх;
  • Архивын хоёрдогч мэдээллийг зохих програм хангамжийн үндсэн дээр мэдээллийн санд оруулах, электрон каталог, өгөгдлийн сангууд байгуулах, олон нийт ашиглах, зайнаас хандах боломж бүрдүүлэх;
  • Тусгай төрлийн баримтаар архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглуулах орчин нөхцөлийг бий болгох;
  • Байгууллага, иргэдэд архивын мэдээллээр үйлчлэх;
  • Архивын баримтыг судлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах.

Тус архив нь цаасан суурьтай баримтын хөмрөг, цахим баримтын хөмрөг гэсэн 2 үндсэн сан хөмрөгтэй, 40 гаруй хөмрөг үүсгэгчтэй, 30 гаруй мянган хадгаламжийн нэгжтэй, ХХЕГ болон хилийн отряд, ангиудын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон  удирдлага, зохион байгуулалт, улсын хилийн болон хил хамгаалалтын түүхэнд холбогдох эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий 1990 оноос хойшхи баримтыг архивын ажлын зааврын дагуу эмхлэн цэгцэлж, данс бүртгэл үйлдэн хадгалах, хамгаалах ажлыг архивын болон цахим техникийн мэргэжилтэй цомхон, чадварлаг баг хийж гүйцэтгэдэг юм. 

Архив нь ХХЕГ болон хилийн отряд, ангиудын архивын баримтын данс бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад үзлэг явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хөмрөг үүсгэгч нэгжүүдээс байнга хадгалах баримтыг шилжүүлэн авч, данс бүртгэлд оруулах, эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, саналыг хүлээн авч, архивын лавлагаа, тодорхойлолт өгөх, архивын баримтаар үзэсгэлэн гаргах, хэвлэн нийтлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.Тус архивт Монгол Улсын хил хамгаалах албаны үйл ажиллагаа, түүхэн замналыг  1990 оноос  хойшхи цаг үе, үйл явдал холбогдолтой баримт материал хадгалагдаж байна.  Үүнд:

 

  • Улсын хил хамгаалалтад холбогдолтой хууль тогтоомжийн болон бусад хэм хэмжээний актууд /хууль, зарлиг, тогтоол, удирдамж, захирамж, тушаал, шийдвэрүүд/;
  • Хөрш зэргэлдээ улсын хил хамгаалах байгууллагатай хийсэн гэрээ, хэлэлцээр, уулзалт, айлчлалын материал;
  • Улсын хил хамгаалалтын болон шалган нэвтрүүлэх албаны холбогдолтой баримт бичгүүд;
  • Хил хамгаалах байгууллага, түүний анги, салбаруудын түүхт ойн баримт, түүхэнд холбогдох материалууд;
  • Хил хамгаалах албанд ажиллаж байсан генерал,  офицер, ахлагч нарын хувийн хэрэг;
  • Хил хамгаалах албаны санхүүгийн үйл ажиллагаанд холбогдолтой баримтууд;
  • Хилчин ахмад дайчдын дурдатгал;
  • Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хаасан тухай тоо бүртгэлийн баримтууд.

Эдгээр баримтууд нь байгууллага, иргэдэд архивын мэдээллээр үйлчлэх, улсын хилийн болон хил хамгаалалтын түүхийн судалгааны гол хэрэглэгдэхүүн болдог.

 

Архивын үйлчилгээ

 

Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан тухай лавлагаа, цалингийн лавлагаа, тушаал, шийдвэрийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гарган өгч, эрдэмтэн судлаачид, иргэдийн хүсэлтээр архивын баримтыг уншлагын танхимаар түр олгон ашиглуулж, үйлчилдэг.

 

Тус архивт 1990 оноос хойшхи Монгол Улсын  хил хамгаалах албаны  үйл ажиллагаа, түүхэн замналын талаарх удирдлагын баримт хадгалагддаг тул энэ цаг үед холбогдолтой лавлагаа, хуулбар, мөн хилийн отряд, ангиудын 1980 оноос хойшхи цалингийн баримтаар лавлагаа гаргаж өгч үйлчилдэг. 

 

Харилцах утасны  дугаар: 267256, 93052238

 

06.30.2012 | Count : 2032
Other