Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

            Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Хил хамгаалах байгууллагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

1.2.Цэргийн алба хаагч өргөдөл гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх асуудлыг Цэргийн дотоод албаны дүрмийн 4 дүгээр хавсралтын 81 дүгээр зүйлийн дагуу зохион байгуулна.

 

            Хоёр.Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх

            2.1.Хил хамгаалах ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Тамгын хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан офицер, хилийн отряд /анги/-уудад Нууц, мэдээллийн аюулгүй байдлын ахлах офицер хүлээн авч, дараах арга хэмжээг авна. Үүнд:

            Өргөдөл, гомдол нь тус байгууллагын чиг үүрэг, удирдлага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах эсэхийг тогтоох;

            Амаар гаргасан өргөдөл, гомдлыг тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчаар гарын үсэг зуруулах, зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэл хөтлөх;

            Хил хамгаалах ерөнхий газар, хилийн отряд /анги/-уудад цэргийн алба хаагч, ажилтан, иргэдээс санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг ажиллуулан, ирүүлсэн санал, хүсэлтийг бүртгэн авч, удирдлагад танилцуулах;

            Бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын програмд бүртгэх;

            Өргөдөл, гомдлыг удирдлагад танилцуулан цохолт хийлгэж, шийдвэрлэх албан тушаалтанд ирсэн өдөрт нь багтаан шилжүүлэх;

            Иргэдээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр, тухайлбал шууд нэвтрүүлэг,  тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж, шийдвэрлэлтийн явцын талаар Олон нийттэй харилцах албаар дамжуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

            2.2.Гомдлыг түүнд гэж нэр дурдагдаагүй буюу ажил үүргийн хамааралгүй албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно.

            2.3.”Нууц”, ”Гарт нь” гэж хаягласан өргөдлийг задлалгүй, гаднах хаягаар нь бүртгэж, тухайн албан тушаалтанд шууд шилжүүлнэ.

            Гурав. Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

            3.1.Тухайн иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар хариу нь өгөгдсөн, өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаана.

            3.2.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д “Өргөдөл, гомдол нь тодорхой нэр, хаяггүй бол хянан үзэхгүй байж болно” гэсний дагуу нэр, хаяггүй мэдээллийг шалгахгүй.

3.3.Өргөдөл, гомдол нь буцах тодорхой нэр хаяггүй бол энэ талаар тайлбар үйлдэн хадгална.

 

            Дөрөв. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

            4.1.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан албан тушаалтан өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын 3-5 хоногийн дотор багтааж хариуг өгнө.

            4.2.Бусад өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Нэмэлт тодруулга шаардлагатай тохиолдолд уг хугацааг “Өргөдөл, гомдол хянан, хэлэлцэж дүгнэлт гаргах комисс”-ын даргын шийдвэрээр 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

            4.3.Шууд шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдол, саналыг “Өргөдөл, гомдол хянан хэлэлцэж дүгнэлт гаргах комисс”-ын хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана. “Өргөдөл, гомдол хянан хэлэлцэж дүгнэлт гаргах комисс”-ын хурлын тэмдэглэл, дүгнэлтийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн отряд /анги/-уудын дарга /захирагч/ нарт танилцуулж, гаргасан шийдвэрийн дагуу хариуг зөвхөн бичгээр өгч, хэрэгжилтэд хяналт тавина.

            4.4.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу үнэн зөв, шуурхай шийдвэрлэхийн тулд холбогдох албан тушаалтан өргөдөл, гомдлын мөрөөр судлах, тодруулах, шалгалт хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авна.

            4.5.Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглох ба удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.

            4.6.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим сүлжээгээр, эсхүл албан бичгээр зэрэг аль тохиромжтой хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ. Өргөдлийн татгалзсан хариуг зөвхөн бичгээр гаргаж, зохих тайлбартайгаар хүргүүлнэ.

4.7.Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын гишүүдээр уламжлагдан ирсэн өргөдөл, гомдолд Хил хамгаалах ерөнхий газрын даргын, бусад байгууллага, албан тушаалтнаар уламжлагдан ирсэн бол Тэргүүн дэд болон дэд дарга, бүтцийн нэгжийн дарга нарын гарын үсэг бүхий албан бичгээр хариуг өгнө.

4.8.Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын хариуг хуулбарлан өргөдөлд хавсаргаж өргөдөл, гомдол хариуцсан офицерт буцааж эх хувиар нь хүлээлгэн өгнө.

 

            Тав. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих

            5.1.Хил хамгаалах ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга, Тамгын хэлтсийн дарга, Тамгын хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан офицер, бичиг хэргийн эрхлэгч нар, хилийн отряд /анги/-уудад дарга /захирагч/, Захиргаа, нууцын офицер бүртгэлээр хяналт тавина.

            5.2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал (сургуульд суралцуулах, орон сууц олгуулах гэх мэт)-аар гаргасан өргөдлийн шийдвэрлэлт, хэрэгжилтэд өргөдөл, гомдол хариуцсан офицер, захиргаа, нууцын офицер бүртгэлээр хяналт тавина.

            5.3.Өргөдөл, гомдол хариуцсан офицер нь байгууллагад ирсэн өргөдөл, гомдол, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлын талаарх мэдээ тайланг зохих судалгааны үндсэн дээр гаргаж, удирдлагад сар бүрийн эхний 5 хоногт, шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрч байгаа болон тухайн долоо хоногт шийдвэрлэх өргөдөл, гомдлын талаар бусад нэгжийн дарга нарт 7 хоног бүр танилцуулна. Түүнчлэн өргөдөл, гомдлын агуулга, бүтцийн судалгааг гарган, сар бүр байгууллагын дотоод сүлжээ болон цахим хуудсанд байрлуулах ажлыг зохион байгуулж, сард 2 удаа Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай хуралд Захиргааны удирдлагын чиглэлээр хийх мэдээлэлд дүнг тусгана.  

            5.4.Иргэдээс ирүүлсэн болон шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр дээд байгууллага (Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам)-аас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, мэдээлэл, танилцуулга бэлтгэн, улирлын мэдээг өргөдөл гомдол хариуцсан офицер улирал бүрийн эхний сарын 10-ны дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.

            5.5. Хилийн отряд /анги/  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн  мэдээг улирал бүрийн эхний сарын 05-ны дотор Тамгын хэлтэст ирүүлнэ.

 

            Зургаа.Хариуцлага тооцох

            6.1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж, бусдыг доромжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээдэд Иргэний хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

            6.2.Нэргүй мэдээлэл, гомдлыг шалгахад үндэслэлгүй болох нь тогтоогдвол мэдээлэл ирүүлсэн этгээдийг тогтоон, холбогдох зардлыг төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд хандана.

            6.3.Хуульд заасан хугацаанд өргөдөл, гомдолд хариу өгөөгүй, хугацаа хоцроосон, өргөдлийг үрэгдүүлсэн албан тушаалтанд  холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12