Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БООМТ, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 04 дүгээр сарын 12-ны  өдөр                                    А/97                             Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

            1.Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг 1 дүгээр, нэвтрэх зөвшөөрлийн хуудасны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга /хошууч генерал Ш.Лхачинжав/, хилийн ангийн захирагч нарт үүрэг болгосугай.

            3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2009 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ДАРГА,

                        ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                               Ц.СЭРГЭЛЭН

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС, БООМТ, БҮСЭД НЭВТРЭХ

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ  ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хил хамгаалах байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл /цаашид нэвтрэх зөвшөөрөл гэх/-ийг олгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 

1.2.Журмын хэрэгжилтийг хангахад хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.3.Нэвтрэх зөвшөөрлийг хууль дээдлэх, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан олгоно.

Хоёр.Нэвтрэх зөвшөөрөл олгох

2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 28 дугаар зүйлийн 28.9, 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх зөвшөөрлийг олгоно.

2.2.Нэвтрэх зөвшөөрлийн хүсэлтийг иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газар болон тухайн орон нутагт байрлах хилийн ангид гаргана.

2.3.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т  “Хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх” гэж заасны дагуу Засгийн газраас олгогдсон эрх, тусгай зөвшөөрлийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газраас нэвтрэх зөвшөөрлийг олгоно.

2.4.Хилийн зурвас, хилийн боомт, хилийн бүсэд дараах үндэслэлээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.

            2.4.1.ажил үйлдвэрлэл явуулах;

            2.4.2.аялал, жуулчлал;

            2.4.3.нислэг үйлдэх;

            2.4.4.хилийн боомтод үйл ажиллагаа явуулах;

            2.4.5.эрдэм шинжилгээ-судалгаа хийх;

            2.4.6.байгалийн баялаг ашиглах;

2.4.7.хадлан, тэжээл бэлтгэх.

2.4.8.хилийн зурваст мал оторлох;

            2.4.9.гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэвтрэх тохиолдолд;

2.4.10.хуульд заасан бусад үндэслэлээр.

2.5.Тухайн орон нутагт байрлах хилийн анги нь журмын 2.4.1, 2.4.2, 2.4.5, 2.4.6, 2.4.7, 2.4.8 дугаар заалтад дурьдсан болон хилийн зурвас, бүсэд байнга оршин суудаг иргэн, байрладаг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх зөвшөөрлийг олгоно.

2.6.Нэвтрэх зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, үйл ажиллагаанаас хамаарч Хил хамгаалах ерөнхий газар 1 жил, хилийн анги 30 хоног хүртэл хугацаагаар олгож, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.

2.7.Хил хамгаалах ерөнхий газар болон хилийн анги нь холбогдох материалыг үндэслэн нэвтрэх зөвшөөрлийг тухай бүр шуурхай олгох бөгөөд нэмэлт тодруулга авах тохиолдолд  ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.8.Нэвтрэх зөвшөөрлийг хэвлэмэл загварт бичиж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

Гурав.Нэвтрэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

3.1.Иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

3.1.1.бүрэлдэхүүн, зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан өргөдөл;

3.1.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;

3.1.3.гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;

3.1.4.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.

3.2.Аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

3.2.1.үйл ажиллагаа явуулах зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан албан бичиг, бүдүүвч зураг;

3.2.2.байгууллагын гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /ашигт малтмал хайх, олборлох, аялал, жуулчлал, агнуурын амьтан агнах, барих, худалдаа, үйлчилгээний гэх мэт/, гэрээний нотариатаар баталгаажсан хуулбар;

3.2.3.иргэний үнэмлэх, гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;

3.2.4.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний зөвшөөрөл;

3.2.5.тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн гэрчилгээний хуулбар; 

3.2.6.ажилтнуудын нэрсийн болон тээврийн хэрэгслийн жагсаалт;

3.2.7.Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлалаас олгосон нислэг үйлдэх зөвшөөрөл.

            3.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэвтрэх зөвшөөрлийн хүсэлтийг “Хил хамгаалах ерөнхий газарт”, “Хилийн ангид” гэж хаяглан, журмын 3.1, 3.2-т заасан холбогдох материалын хамт ирүүлнэ.

3.4.Нэвтрэх зөвшөөрлийг сунгуулахдаа хүсэлтийг дахин гаргаж, өөрчлөлт орсон материалыг хавсаргана.

Дөрөв.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох

4.1.Нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл.

4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх;

4.1.2.хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан дэглэмийн гэрээ зөрчигдөх;

4.1.3.Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх;

4.1.4.улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад хүндрэл учруулах;

4.1.5.хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдсон.

4.2.Нэвтрэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.

4.2.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.9 дэх заалтыг зөрчсөн;

4.2.2.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, завдсан;

4.2.3.улсын хил хамгаалалтад сөргөөр нөлөөлсөн;

4.2.4.улсын хил зөрчсөн, хилийн зөрчилд холбогдсон, нуун дарагдуулсан;

4.2.5.хилийн боомтын аюулгүй байдал, боомтод мөрдөх журам зөрчсөн; 

4.2.6.нэвтрэх зөвшөөрөлд зааснаас өөр газарт болон зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан;

4.2.7.нэвтрэх зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, бусдад шилжүүлсэн;

4.2.8.хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

            4.3.Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох тохиолдолд үндэслэл, тайлбарыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр өгнө.

Тав.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

5.1.Монгол Улсын хилийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг хэрэгжүүлэхээс гадна дараах үүргийг хүлээнэ.

5.1.1.Хил хамгаалах ерөнхий газраас олгосон нэвтрэх зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/-д бүртгүүлэх;

5.1.2.онцгой нөхцөл байдал үүссэн үед Хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллах;

5.1.3.ажилтан, тээврийн хэрэгслийн өөрчлөлтийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/-д бүртгүүлэх;

5.1.4.тогтоосон замналаар хөдөлгөөн үйлдэх;

5.1.5.хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

5.2.Монгол Улсын хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-д заасан хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугч нь хилийн зурваст нэвтрэхдээ тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/-аас зөвшөөрөл авна. 

Зургаа.Тавих хяналт

6.1.Тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн хилийн зурвас, боомтод нэвтрүүлж, хяналт тавина.

6.2.Хилийн зурвас, боомт, бүсэд ажил, үйлдвэрлэл явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, хууль хяналтын байгууллагуудтай хамтран хяналт тавина.

Долоо.Хүлээлгэх хариуцлага

7.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ХИЛИЙН ЗУРВАС, БҮСЭД НЭВТРЭХ  ЗӨВШӨӨРӨЛ

20. . .оны  . . . дугаар                                                                                Улаанбаатар

сарын . . . -ны өдөр                                  Дугаар . . .                                     хот

 

Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.2.1, 30.2.3, 30.2.4 дэх заалтыг үндэслэн . . . . . . . . . . . . . . . . . . . . . байгууллагын ажилтан. . . . . . . . . . . . . . . . . . . . . ахлагчтай. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . нарын . . . хүн. . . . . . . . . . маркийн. . . . . . . . . . . . . . . улсын дугаартай автомашинтайгаар....... . . . . . . . . . .. . . . . аймгийн. . . . . . ............ . . . . . . . . . .сумын

. .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .нэртэй газар, хилийн зурвас, бүсэд  20. . .оны. . . . дугаар сарын. . . .-ны өдрөөс  20. . .дугаар. . . сарын. . .-ны өдрүүдэд. . .хоногийн хугацаатайгаар. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хийх зорилгоор ажиллах тул зөвшөөрөл олгов.

                                                                                                                                                .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

/албан тушаал/

                                                                                                                                                .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

/цол, нэр/

 

Нэвтрэх зөвшөөрлийн арын хуудас

Анхаарах  зүйлс:

· Нэвтрэх зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах анги /салбар/-д бүртгүүлэн, өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллана.

· Монгол Улсын хилийн тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу ажил үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцоно.

· Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар орон нутагт байрлах хилийн анги /салбар/-д мэдэгдэнэ.

· Хилийн зурвас, бүсэд зорчихдоо иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг биедээ авч явна.

· Хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.

· Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

        ХИЛИЙН БООМТОД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ

20. . .оны  . . . дугаар                                                                                      Улаанбаатар

сарын . . . -ны өдөр                                 Дугаар …….                                        хот

 

Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх заалтыг үндэслэн...……………………………….….байгууллагын...........………...............…………маркийн………………….....дугаарын машинтай................................................нарын

бүгд.................хүн...................................хилийн боомтод 20....оны ...дугаар сарын ......-ний өдрөөс 20......оны .....дугаар сарын ......-ны өдөр хүртэл ...........хоногийн хугацаатай.........................................................үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ажиллах зөвшөөрөл олгов.

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН:

............................................

/албан тушаал/

............................................

/цол, нэр/

 

        Нэвтрэх зөвшөөрлийн арын хуудас

Анхаарах зүйлс:

·  Нэвтрэх зөвшөөрлийг тухайн хилийн анги /боомт/-д бүртгүүлэн, өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллана.

·  Нэвтрэх зөвшөөрөлд заасан газар, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна.

·  Хилийн боомтод мөрдөх журмыг мөрдөнө.

·  Хилийн зөрчил, боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийн талаар Хил хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.

·  Хил хамгаалах байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.

·  Хилийн зөрчилд холбогдсон, боомтод мөрдөх журам зөрчсөн тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

2017 оны 04 сарын 12