Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Олон улсын гэрээ, хэлэлцээр
Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ

 

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ
2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар (цаашид “Талууд” гэх):
Нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй байдлын тухай олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан;
Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан;
Найрсгаар хамтран ажиллах үзэл санааны дагуу улсын хилийг хамтран хамгаалах, өнө мөнхөд энх тайван, найрсаг харилцааны хил байлгахын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэн;
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I БҮЛЭГ
Нэр томъёо
1 дүгээр зүйл
Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1. “Хил”, “Улсын хил”, “Хилийн шугам” гэсэн нэр томъёонууд нь адил утгыг илэрхийлнэ. “Улсын хил” гэж Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг заагласан хилийн шугамыг хэлнэ. Тухайн шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.
2. “Хилийн шугамыг тогтоосон баримт бичиг” гэж Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын хилийг тогтоосон эрх зүйн баримт бичгүүд, түүний дотор Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хилийн гэрээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс гуравдагч улстай байгуулсан хилийн уулзварын цэгийн тухай хэлэлцээрийг хэлнэ.
3. “Улсын хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг” гэж хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсний дараа гаргасан Хилийн протокол, түүний хавсралтуудыг хэлнэ.
4. “Улсын хилийг хамтран шалгасан баримт бичиг” гэж хилийн хамтарсан шалгалтын дараа гаргасан, хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн нэмэлт болох Хилийг хамтран шалгасан тухай протокол, түүний хавсралтуудыг хэлнэ.
5. “Хилийн тэмдэг” гэж хилийн шугам дээр болон хилийн шугамын хоёр талд босгосон, хилийн шугамын чиглэл, явалтыг бодитоор харуулсан, түүнчлэн түүний газар зүйн байршлыг хэмжин хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн болон хамтран шалгасан баримт бичигт тусгагдсан тэмдгийг хэлнэ.
6. “Хилийн ойн огтолсон зурвас” гэж хилийн шугамаас хоёр тийш тодорхой хэмжээний өргөнтэй зайд хилийн шугамын үзэгдэх орчинг хангах зорилгоор мод, бут, бусад ургамлыг цэвэрлэж гаргасан зурвасыг хэлнэ.
7. “Хил орчмын нутаг” гэж хил залгаж буй Монгол Улсын сум болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хот, шянь, хошууг хэлнэ.
8. “Хил орчмын оршин суугч” гэж хил орчмын нутагт байнга оршин суудаг хоёр улсын иргэнийг хэлнэ.
9. “Эрх бүхий байгууллага” гэж Талуудын дотоодын хууль тогтоомжоор тогтоосон, энэхүү Гэрээний дагуу холбогдох асуудлыг шийдвэрлэх байгууллагыг хэлнэ.
10. “Хилийн төлөөлөгч” гэж энэхүү Гэрээ болон Талуудын хууль тогтоомжийн дагуу томилогдсон, хилийн тодорхой хэсэгт хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх эрх, үүрэг бүхий ажилтныг хэлнэ.
11. “Хилийн ус” гэж хоёр улсын хилийг огтлон гарч байгаа болон хилийн шугам дээр орших нуур, гол, горхи болон бусад усыг хэлнэ.
12. “Хил дамнасан байгууламж” гэж хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос, хий дамжуулах хоолой, цахилгаан, холбооны шугам, гүүр, усны далан, усны хашлага зэрэг байгууламжийг хэлнэ.
13. “Агаарын хөлөг” гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож чадах аливаа хэрэгсэл, түүний дотор нисэх хэрэгсэл, агаарын бөмбөлөг, нисэх онгоц (нисгэгчгүй нисэх хэрэгсэл, нисдэг тэрэг) зэргийг хэлнэ.
14. “Хөвөх хэрэгсэл“ гэж өөрөө явагч буюу өөрөө үл явагч усан дээрх хөдөлгөөнт төхөөрөмжийг хэлэх бөгөөд энэ нь цэргийн, албаны, тээврийн зэрэг зориулалттай байна.
15. “Давагдашгүй хүчин зүйл” гэж урьдчилан харах, урьдчилан сэргийлэх, даван туулах боломжгүй бодит нөхцөл байдлыг хэлнэ.
16. “Хилийн зөрчил” гэж хил орчмын нутагт энэхүү Гэрээ, Талуудын хооронд хилийн асуудлаар байгуулсан бусад гэрээ болон тэдгээрийн дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг хэлнэ.
17. “Хил зөрчигч” гэж хүчин төгөлдөр бус баримт бичигтэй, эсхүл хүчин төгөлдөр баримт бичигтэй боловч Талуудын тогтоосон боомт, хэлэлцэн тохиролцсоноос бусад газраар хил нэвтэрсэн этгээдийг хэлнэ.
II БҮЛЭГ
Хилийн шугамын чиглэл, явалт, тэмдэг, хилийн ойн огтолсон
зурвасыг арчлан хамгаалах
2 дугаар зүйл
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн шугам нь хилийн шугамыг тогтоосон дараахь баримт бичгүүдэд зааснаар тодорхойлогдоно:
1. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хилийн гэрээ”;
2. 1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Гурван улсын хилийн уулзварын цэгийг тогтоох тухай хэлэлцээр”.
3 дугаар зүйл
Талууд хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг болон хилийн шугамыг хамтран шалгасан дор дурдсан баримт бичгүүдийн дагуу хилийн шугамын чиглэл, явалт болон хилийн тэмдгийн байршлыг тодорхойлно:
1. 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”;
2. 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийг нэг дэх удаа хамтран шалгасан тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Протокол”;
3. 1996 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Гурван улсын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-Протокол”;
4. 1996 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Гурван улсын улсын хилийн Баруун уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-Протокол”;
5. 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаа хамтран шалгасан тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Протокол”;
6. Талууд цаашид байгуулж хүчин төгөлдөр болгосон хилийг хамтран шалгасан баримт бичгүүд.
4 дүгээр зүйл
1. Талууд энэхүү Гэрээ, энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг болон хилийн шугамыг хамтран шалгасан баримт бичигт заасны дагуу хилийн тэмдэг, хилийн ойн огтолсон зурвасыг арчлан хамгаална.
2. Талуудын эрх бүхий байгууллага зарчмын хувьд гурван жил тутам нэг удаа хилийн тэмдэг болон хилийн ойн огтолсон зурваст хамтарсан үзлэг явуулна. Хамтарсан үзлэг хийх хугацаа, газрыг Талуудын эрх бүхий байгууллага урьдчилан тохиролцоно. Хамтарсан үзлэгийн үр дүнгийн талаарх протоколыг монгол, хятад хэлээр тус бүр 2 эх хувь үйлдэнэ.
5 дугаар зүйл
1. Талууд хилийн тэмдгийг хамгаалах арга хэмжээ авч, эвдэж гэмтээх, хөдөлгөж шилжүүлэх, устгаж үгүй болгохоос урьдчилан сэргийлнэ.
2. Хэрэв хилийн тэмдгийг эвдэж гэмтээсэн, хөдөлгөж шилжүүлсэн, устгасныг илрүүлбэл хоёр Талын эрх бүхий байгууллага нэн даруй харилцан мэдэгдэнэ. Хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн болон хамтран шалгасан баримт бичигт заасны дагуу уг тэмдгийг хариуцдаг Тал тэмдгийг хуучин байршилд нь засварлах, сэргээх буюу шинээр босгох арга хэмжээг нэн даруй авах бөгөөд энэ ажлыг эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө нөгөө Талдаа мэдэгдэнэ.
Нэг Талын эрх бүхий байгууллага нь дээр дурдсан ажлыг гүйцэтгэхдээ нөгөө Талын эрх бүхий байгууллагын төлөөлөгчийг байлцуулна. Ажил хийж гүйцэтгэсний дараа протокол (1 дүгээр хавсралт) үйлдэнэ.
3. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хилийн тэмдгийг хуучин байршилд нь сэргээх буюу шинээр босгох боломжгүй бол Талуудын эрх бүхий байгууллага энэ тухай протокол (2 дугаар хавсралт) үйлдэж, хилийн тэмдгийг хуучин байршилд нь сэргээх буюу шинээр босгох боломжгүй шалтгааныг тайлбарлан тусгаж, тухайн асуудлыг энэхүү Гэрээний 47 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан Монгол, Хятадын хилийн хамтарсан комисст танилцуулна. Уг комисс нь хилийн шугамын чиглэл, явалтыг өөрчлөхгүйгээр дээрх хилийн тэмдгийг босгох өөр тохиромжтой байршлыг тогтооно. Талуудын мэргэжилтний хамтарсан ажлын хэсэг хилийн тэмдгийг шинэ байршилд босгосны дараа протокол (3 дугаар хавсралт) үйлдэж, Монгол, Хятадын хилийн хамтарсан комисст хүргүүлж батлуулна. Энэ нь дараагийн хилийн хамтарсан шалгалт хийх үндэслэлийн нэг болно.
4. Засварласан, сэргээсэн, шинээр босгосон, байршлыг нь шилжүүлсэн хилийн тэмдэг, түүний загвар, хэмжээ, материалын чанар, байршил зэрэг нь хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн, эсхүл хилийг хамтран шалгасан баримт бичгийн шаардлагад нийцсэн байна.
5. Аль нэг Тал дангаараа хилийн шугам дээр хилийн тэмдэг шинээр босгох, бусад тэмдэглээ хийхийг хориглоно.
6. Талууд хилийн тэмдгийг гэмтээсэн, байршлыг нь өөрчилсөн, устгасан этгээдэд тус тусын дотоодын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6 дугаар зүйл
1. Хилийн ойн огтолсон зурвасын өргөн нь 15 метр байна (хилийн шугамаас хоёр тийш 7.5 метр).
2. Шаардлагатай үед Талуудын эрх бүхий байгууллага хилийн ойн огтолсон зурвасыг цэвэрлэх ажлыг дангаараа, эсхүл хамтран зохион байгуулж болно.
Нэг Талын эрх бүхий байгууллага өөрийн талын хилийн ойн огтолсон зурвасыг цэвэрлэхдээ 10-аас доошгүй хоногийн өмнө нөгөө Талын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Тухайн ажлыг гүйцэтгэхдээ нөгөө Талын эрх бүхий байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
3. Хилийн ойн огтолсон зурвасыг цэвэрлэхдээ галдан шатаах, химийн бодис ашиглах зэрэг байгаль орчинд хортойгоор нөлөөлөх, хоёр талд хохирол учруулж болзошгүй бусад арга хэрэглэхийг хориглоно.
4. Талууд өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол хилийн ойн огтолсон зурваст газар хагалж тариа тарих, суваг шуудуу ухах, барилга байгууламж барих болон аж ахуйн бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
III БҮЛЭГ
Хилийг хамтран шалгах
7 дугаар зүйл
1. Талууд зарчмын хувьд 10 жил тутамд нэг удаа улсын хилийг хамтран шалгана. Хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хамтарсан шалгалт хийх хугацааг өөрчилж, эсхүл хилийн тодорхой хэсэгт хамтарсан шалгалт хийж болно.
2. Хилийн хамтарсан шалгалт бүрийн өмнө Талууд шалгалтын эхлэх хугацаа, журам, хамрах хүрээ зэргийг дипломат шугамаар харилцан тохиролцоно.
3. Талууд хамтарсан шалгалт хийхийн тулд Монгол, Хятадын хилийг шалгах хамтарсан комисс байгуулна. Уг комисс нь хамтарсан шалгалтын зорилго, зарчим, журам, ажиллах арга хэлбэр, бусад холбогдох асуудлыг хэлэлцэн тогтооно.
4. Хилийн хамтарсан шалгалт бүрийн дараа Талууд хилийг хамтран шалгасан тухай протокол байгуулна. Энэхүү протокол нь хүчин төгөлдөр болсноор хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн нэмэлт баримт бичиг болно.
IV БҮЛЭГ
Хилийн усыг хамгаалах, ашиглах
8 дугаар зүйл
1. Талууд өмнө байгуулсан холбогдох хэлэлцээр, Талуудын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасны дагуу хилийн усыг хамгаалж, ашиглана.
2. Талууд хилийн ус, түүний эргийн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, хөрсний идэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн бохирдол болон бусад тааламжгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.
3. Талууд шаардлагыг үндэслэн хилийн усан хэсгийг тэмдэгжүүлнэ.
9 дүгээр зүйл
1. Талуудын эрх бүхий байгуулага хилийн усны урсгалын хэмжээ, усны түвшин, усны чанар, мөстөлтийн байдал зэрэг мэдээллийг солилцож, шаардлагатай үед ус зүйн болон усны чанарын хамтарсан хэмжилт хийж, үер болон цөн түрэх зэрэг аюулаас урьдчилан сэргийлнэ.
2. Үер буух, цөн түрэх, усны гэнэтийн бохирдол зэргээс үүдэж хил дамнасан хохирол учирч болзошгүй онцгой байдлын үед Талуудын эрх бүхий байгууллага нэн даруй мэдээлэл солилцож, үүсэх хохирлыг багасгах, хязгаарлах арга хэмжээ авна.
10 дугаар зүйл
1. Талуудын хөвөх хэрэгсэл Буйр нуурын хилийн өөрийн талын хэсэгт зорчиж, зогсож, зангаа хаяж болно. Түүнчлэн голуудын хил болгосон хэсэгт зорчих эрхтэй. Зорчих журмыг Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хилийн усанд зорчиж буй хөвөх хэрэгсэл нь хоёр хажуу талдаа таних тэмдэг, дугаар, өөрийн улсын төрийн далбааг мандуулсан байна.
2. Хилийн усанд осол, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд нэг Талын хөвөх хэрэгсэл нөгөө Талын голын эрэгт түр зогсож болно. Талуудын эрх бүхий байгууллага дээрх хөвөх хэрэгсэлд шаардлагатай туслалцааг харилцан үзүүлж, нөгөө Талын холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
11 дүгээр зүйл
1. Хоёр талын иргэд хилийн усны өөрийн талд загасны аж ахуй эрхэлж болно. Тэсэрч дэлбэрэх, хорт бодис, цахилгаан гүйдэл зэргийг ашиглаж загас, усны бусад амьтан барихыг хориглоно. Шинжлэх ухаан, судалгааны зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд загасчлах хориотой хугацаа, бүсэд загас, усны бусад амьтан агнахыг хориглоно.
Талуудын эрх бүхий байгууллага дангаараа, эсхүл хамтран хилийн усанд загас, усны бусад амьтан хууль бусаар агнах явдлыг таслан зогсоох арга хэмжээг авна.
2. Хилийн усанд загасны аж ахуй эрхлэх үйл ажиллагаа нь хөвөх хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулах ёсгүй.
3. Талуудын эрх бүхий байгууллага хилийн усны загасны нөөцийг зүй зохистойгоор ашиглах, хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Хилийн усны загас, усны бусад амьтдыг хамгаалж, үржүүлэх асуудлыг Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.
12 дугаар зүйл
1. Талууд хил болгосон голуудын эрэг нурах, түүний гулдралд өөрчлөлт орохоос хамгаалах талаар шаардлагатай арга хэмжээг авна.
Нэг Тал хил болгосон голын эргийг хамгаалах байгууламж барихдаа нөгөө Талын голын эрэг, гулдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд байгууламжийг барихаас өмнө нөгөө Талдаа мэдэгдэнэ.
2. Нэг талын эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл нөгөө талын эрх бүхий байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хил болгосон голын гулдралыг цэвэрлэж болно.
3. Нөгөө талын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аль нэг тал нь хил болгосон голын гулдралд хүний нөлөөгөөр зориудаар өөрчлөлт оруулж болохгүй.
13 дугаар зүйл
Хилийн усанд болон голын эрэгт барилга байгууламж (үүнд хил дамнасан байгууламж хамарна) барих, засварлах, нураах үед хөвөх хэрэгслийн хөдөлгөөн, загасны үржил, нүүдэлд нөлөөлөх, экологийн орчинг сүйтгэх болон Талуудын эрх ашгийг хохироосон бусад асуудал үүсэх үед Талууд холбогдох хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.
V БҮЛЭГ
Хил орчмын нутагт үйл ажиллагаа эрхлэх,
хилийн дэглэмийг сахиулах
14 дүгээр зүйл
1. Нэг Тал нь хил орчмын нутагт аж үйлдвэр, газар тариалан, ойн аж ахуй эрхлэх, байгалийн баялаг эрж хайх, олборлохдоо нөгөө Талын ашиг сонирхолд хохирол учруулахгүй.
2. Нэг Тал хилийн шугамаас өөрийн тал уруу 1000 метрийн дотор тэслэх, дэлбэлэх үйл ажиллагаа явуулах шаардлагатай тохиолдолд 48 цагаас доошгүй хугацааны өмнө нөгөө Талдаа урьдчилан мэдэгдэхийн зэрэгцээ нөгөө Талын ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлэх арга хэмжээ авна.
3. Хилийн шугамаас өөрийн тал уруу 10 км зайд газрын гадарга, хөрсний гүн, агаар мандалд цацраг идэвхт, химийн болон бусад хорт бодис байршуулах, тархаахыг хориглоно.
15 дугаар зүйл
1. Хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хариуцан хамгаалах асуудлыг Талууд болон Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн тохиролцоно.
2. Хил дамнасан байгууламжийг барьж байгуулахдаа хилийн шугамын чиглэл, явалтыг өөрчлөхгүй.
16 дугаар зүйл
1. Талууд улсын хилийн ойролцоо мал, гэрийн тэжээвэр амьтад хариулгагүй бэлчээрлэх явдал гаргуулахгүй байж, нөгөө улсын нутаг дэвсгэрт орохоос сэргийлэх арга хэмжээ авна.
2. Нэг тал нөгөө талын мал, гэрийн тэжээвэр амьтан хил давж байгааг илрүүлбэл нэн даруй буцаан гаргаж нөгөө талдаа мэдэгдэнэ.
Мал, гэрийн тэжээвэр амьтан хил давж, нөгөө Талын нутгийн гүнд орсон байвал нэн даруй харилцан мэдэгдэж, эрж олох, тусгаарлах, хамгаалалтад авах, аль болох түргэн хугацаанд бүрэн бүтэн буцааж өгөх арга хэмжээ авна.
17 дугаар зүйл
Хэрэв хил орчмын нутагт хүн, мал, амьтны халдварт өвчин, ургамал болон тариалангийн хортон шавьж, хог ургамал зэрэг илрэх, түүнчлэн хил давж тархах магадлалтай бол Талуудын эрх бүхий байгууллага энэ тухай яаралтай харилцан мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авна. Талууд болон Талуудын эрх бүхий байгууллага энэ талаар тусгайлсан хэлэлцээр байгуулж болно.
18 дугаар зүйл
1. Хил орчмын нутагт байгалийн гамшиг (үер, ус, гал түймэр, цөн түрэх гэх мэт) тохиолдсон үед Талуудын эрх бүхий байгууллага яаралтай харилцан мэдэгдэж, гамшгийг улсын хил давахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Талууд болон Талуудын эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан хэлэлцээрийг үндэслэн нэг Тал нөгөө Талын хүсэлтээр шаардлагатай тусламжийг үзүүлж болно.
2. Талууд хил орчмын нутагт гарсан ой, хээрийн түймэр хил давахаас урьдчилан сэргийлэхийн тулд гал түймэр байнга гардаг бүс нутагт хилийн шугамын хоёр талд галын аюулаас хамгаалах зурвас байгуулж болно.
19 дүгээр зүйл
1. Талууд хилийн шугамаас хоёр тийш 1000 метрийн зай дотор ан агнах, буудах, хил давуулан буудах, ан амьтан хөөхийг хориглоно.
2. Талууд ан амьтан хил даван нүүдэллэхэд зориудаар саад учруулж болохгүй. Хэрэв хилийн байгууламж нь ан амьтны нүүдэлд нөлөөлж байвал Талууд хэлэлцэн шийдвэрлэнэ.
20 дугаар зүйл
Талууд хил орчмын нутгийн тодорхой хэсэгт харилцан тохиролцсоны үндсэн дээр хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг байгуулж болно. Талууд болон Талуудын эрх бүхий байгууллага энэ талаар холбогдох хэлэлцээр байгуулж болно.
21 дүгээр зүйл
1. Талууд хилийн шугамаас өөрийн тал уруу 25 километрийн бүс дотор агаараас газрын зураг авах, хэмжилт хийх агаарын хөлөг нислэг үйлдэх тохиолдолд 15-аас доошгүй хоногийн өмнө нөгөө Талдаа дипломат шугамаар урьдчилан мэдэгдэнэ (4 дүгээр хавсралт).
2. Хэрэв дээр дурдсан нислэгийн үеэр улсын хил давах шаардлагатай бол 30-аас доошгүй хоногийн өмнө нөгөө Талдаа дипломат шугамаар хүсэлт тавьж зөвшөөрөл авна (5 дугаар хавсралт). Нөгөө Тал нь нислэг үйлдэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө тухайн хүсэлтэд хариу өгнө.
22 дугаар зүйл
Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Талууд өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол хуурай газрын хилийн шугамаас хоёр тийш 50 метрийн дотор хил хамгаалалтын, боомтын болон хил дамнасан байгууламжаас бусад байнгын барилга байгууламж барихыг хориглоно.
23 дугаар зүйл
Талуудын эрх бүхий байгууллага хил орчмын нутагт явагдаж буй төрөл бүрийн үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд энэхүү Гэрээний заалтын дагуу хилийн дэглэмд нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагааны хэлбэр, хугацаа, чиглэлийн талаар тухайн үед нь харилцан мэдэгдэнэ.
24 дүгээр зүйл
Талууд хил зөрчих, хил орчмын нутагт хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, контрабанд хийх, хар тамхи, мансууруулах бодис, хориотой барааг худалдах, тээвэрлэх зэрэг хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Талууд болон Талуудын эрх бүхий байгууллага энэ талаар холбогдох хэлэлцээр байгуулж болно.
VI БҮЛЭГ
Хил нэвтрэх
25 дугаар зүйл
1. Хоёр улсын иргэд өөрсдийн улсын хууль тогтоомж болон Талуудын холбогдох хэлэлцээрээр тогтоосон хүчин төгөлдөр баримт бичигтэйгээр улсын хил нэвтэрч, тогтоосон хугацаанд нөгөө талын нутаг дэвсгэрт зорчино.
2. Талууд төмөр замын тээвэр үйлчилгээний ажилтныг хилээр нэвтрүүлэх, хилийн өртөөнд болон хилийн өртөө хооронд байлгах асуудлыг Талуудын, эсхүл Талуудын эрх бүхий байгууллагын холбогдох хэлэлцээрийн дагуу зохицуулна.
3. Талууд зорчигч, ачаа тээш, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон боомтоор хил нэвтрүүлнэ.
4. Гамшгийн үед болон яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд Талуудын эрх бүхий байгууллага урьдчилан тохиролцож тогтоосон журмын дагуу холбогдох хүмүүсийг нэрсийн жагсаалт, биеийн байцаалтаар тухайн чиглэл, хугацаанд хил нэвтрүүлнэ.
26 дугаар зүйл
Талуудын хил орчмын оршин суугчид, хил дамнасан байгууламжийг барьж байгуулахад оролцогсод, хил орчмын эдийн засаг, худалдааны тусгай бүсэд ажиллагсад болон тус бүсэд нэвтрэх хүмүүсийг хялбарчилсан журмаар хилээр нэвтрүүлэх асуудлыг Талуудын, эсхүл Талуудын эрх бүхий байгууллагын холбогдох хэлэлцээрийн дагуу зохицуулна.
27 дугаар зүйл
1. Талууд хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлтийг Талуудын, эсхүл Талуудын эрх бүхий байгууллагын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлнэ.
2. Агаарын хөлөг нь Талуудын, эсхүл Талуудын эрх бүхий байгууллагын хэлэлцээрийн дагуу хил нэвтэрнэ.
28 дугаар зүйл
1. Хилийн боомтыг шинээр байгуулах, ажиллуулах, боомтыг хаах, ангиллыг нь өөрчлөх, түр нээх, хаах зэрэг асуудлыг Талуудын холбогдох хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.
2. Талуудын эрх бүхий байгууллага хилийн боомтын асуудлыг зохицуулах талаарх хамтын ажиллагааг өргөжүүлж, боомтын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангана.
VII БҮЛЭГ
Хил орчмын харилцаа
29 дүгээр зүйл
1. Талууд тус тус хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн хил орчмын нутгийн засаг захиргааны нэгжийн хооронд харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ.
2. Талууд хил хамгаалах, хилийн хяналт шалгалт, зам тээвэр, худалдаа, ус, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн салбарын байгууллагууд хооронд ажлын харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
3. Талууд хил орчмын нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулбал цаг тухайд нь харилцан мэдэгдэнэ.
30 дугаар зүйл
Талууд болон Талуудын эрх бүхий байгууллага хил орчмын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хялбарчлах холбогдох хэлэлцээр байгуулж болно.
VIII БҮЛЭГ
Хилийн зөрчлийг шийдвэрлэх
31 дүгээр зүйл
Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага дараахь хилийн зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана:
1. Байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хилийн шугамын чиглэл, явалтад өөрчлөлт орох;
2. Хилийн тэмдэг болон хилийн бусад байгууламжийг эвдэж гэмтээх, хөдөлгөж шилжүүлэх, устгаж үгүй болгох;
3. Хил давуулан буудах;
4. Хил зөрчихгүйгээр, эсхүл хил зөрчиж нөгөө талын иргэний амь нас, эрүүл мэндийг хохироох;
5. Хил зөрчиж бусдын эд зүйлс дээрэмдэх, хулгайлах, эвдэн сүйтгэх;
6. Хүн, тээврийн хэрэгсэл /үүнд агаарын хөлөг, хөвөх хэрэгсэл, автомашин, мөсөн дээрх тээврийн хэрэгсэл зэрэг хамаарна/ хууль бусаар хил нэвтрэх, мал, гэрийн тэжээвэр амьтан хил давах;
7. Хууль бусаар хил нэвтэрч аж ахуй эрхлэх, байгалийн баялаг эрэх, хайх, олборлох, ан агнах болон бусад үйл ажиллагаа эрхлэх;
8. Хүн, барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэх;
9. Хар тамхи, мансууруулах бодис, зэвсэг, галт хэрэгсэл зэргийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх;
10. Хүн, мал, амьтны халдварт өвчин болон ургамал, тариалангийн хортон шавьж хил давж тархах;
11. Үер, ус, гал түймрийн аюул хил дамнан тархах;
12. Хил болгосон голын гулдрал, урсгалыг зориудаар өөрчлөх болон хилийн усыг бохирдуулах;
13. Хилийн бусад зөрчил.
32 дугаар зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хамтран хилийн дэглэм зөрчих үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авна.
2. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хилийн зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг барагдуулах хүсэлтийг шалган шийдвэрлэнэ.
3. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хилийн зөрчлийг шийдвэрлэхийн зэрэгцээ мөн нөгөө талын нутаг дэвсгэрт орхисон, гээсэн эд зүйлсийг буцаан олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.
33 дугаар зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хил зөрчигчийг болон хил зөрчсөн шинж тэмдгийг илрүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг өөрийн улсын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлан хил зөрчигчийг хэн болохыг тогтоож, энэ талаар харилцан шуурхай мэдэгдэнэ.
2. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хил зөрчигчийг шуурхай шалгаж, түүний хэн болох, хил зөрчсөн бодит учир шалтгааныг нь тогтоон, саатуулснаас хойш 7 хоногийн дотор хил зөрчихөөс өмнө байсан талд нь шилжүүлэн өгнө.
Хэрэв хил зөрчигчийг тогтоосон хугацаанд шилжүүлэн өгөх, эсхүл хүлээн авах боломжгүй тохиолдолд хил зөрчигчийн талаарх холбогдох нөхцөл байдал, тогтоосон хугацаанд нь шилжүүлэн өгөх, эсхүл хүлээн авах боломжгүй болсон шалтгааныг нөгөө талын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
3. Хил зөрчигч нь саатуулсан улсын иргэн байвал түүнийг шилжүүлэн өгөхгүй.
4. Хил зөрчигч нь хил зөрчсөнөөс гадна саатуулсан талын нутаг дэвсгэрт өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол тухайн талын эрх бүхий байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн гэмт хэргийг шалгах хугацаанд уг этгээдийг цагдан хорьж болно.
5. Хил зөрчигчийг хүлээлгэн өгөхдөө саатуулсан талын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хүлээн авагч талын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллагад хил зөрчигч хил зөрчсөнийг нотлох баримт болон хил зөрчихдөө хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, хүлээн авагч талын нутаг дэвсгэрээс оруулж ирсэн эд зүйлсийн хамт шилжүүлэн өгнө.
6. Хил зөрчигчийг хүлээлцэх журмыг Талуудын хилийн төлөөлөгч эсхүл Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн тохиролцоно. Хил зөрчигчийг хүлээлцсэн баримт бичгийн загварыг 6 дугаар хавсралтад тодорхойлов.
34 дүгээр зүйл
1. Талууд нь хил зөрчигч өөр, өөрийн улсын хууль тогтоомж болон тэдгээрийн нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан эрхээ эдлэх баталгаагаар хангана. Талуудын эрх бүхий байгууллагын албан хаагчид хил зөрчигчтэй хүнлэг бус, хэрцгий байдлаар хандаж үл болно.
2. Хил зөрчигч нь хил хамгаалалтын ажилтан болон бусад хүмүүсийн амь насанд шууд аюул учруулахаас бусад тохиолдолд хил зөрчигчийн эсрэг зэвсэг хэрэглэж үл болно.
Хил хамгаалалтын ажилтан хил зөрчигчийн эсрэг зэвсэг хэрэглэхдээ урьдчилан анхааруулах дохио өгсний дараагаар зэвсэг хэрэглэнэ. Зэвсэг хэрэглэх нь хууль бус үйлдлийг үр дүнтэйгээр таслан зогсоох байдлаар хязгаарлагдана.
3. Хил зөрчигчийг баривчлах үед гэмтсэн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлнэ.
35 дугаар зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч болон эрх бүхий байгууллага хилийн ойролцоо цогцос олдсон тохиолдолд түүний харъяаллыг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамтарсан шалгалт хийж, шилжүүлэн өгөх болон холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2. Цогцос хүлээлцэх журмыг Талуудын хилийн төлөөлөгч эсхүл Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн тохиролцоно. Цогцос хүлээлцсэн баримт бичгийн загварыг 7 дугаар хавсралтад тодорхойлов.
3. Хилийн ойролцоо малын сэг, эзэнгүй эд зүйлс олдсон үед Талуудын хилийн төлөөлөгч тэдгээрийн харъяаллыг тогтоон шилжүүлэн өгөх, эсхүл устгах арга хэмжээ авна.
36 дугаар зүйл
1. Нэг талын эрх бүхий байгууллага нөгөө улсын нутаг дэвсгэрээс агаарын хөлөг хууль бусаар хил даван өөрийн улсын нутаг дэвсгэрт нэвтэрснийг тогтоосны дараа хил зөрчсөн агаарын хөлгийн онцлог шинж тэмдэг, түүний хил зөрчсөн хугацаа, газар /газарзүйн тэмдэглэгээ/, өндөр болон нислэгийн чиглэл /замнал/-ийг нөгөө талын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
2. Агаарын хөлөг хил зөрчихөөс өмнө байсан талын эрх бүхий байгууллага ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан даруйдаа хууль бусаар хил давсан хэргийг хянан магадлаж, учир шалтгааныг нь нөгөө талын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Агаарын хөлөг хил зөрчихөөс өмнө байсан талын эрх бүхий байгууллагад тус агаарын хөлгийн мэдээлэл байхгүй тохиолдолд нөгөө талын эрх бүхий байгууллагад мэдэгдэн эрэн хайх арга хэмжээ авна.
3. Талуудын эрх бүхий байгууллага агаарын хөлгийн хил зөрчсөн шалтгааныг хамтран шалгана.
4. Агаарын хөлөг хил зөрчсөн тухай мэдээллийг солилцох журмыг Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн тохиролцсоны дагуу зохицуулна.
IX БҮЛЭГ
Хилийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг, ажиллах журам
37 дугаар зүйл
1. Талууд энэхүү Гэрээ болон Талуудын хууль тогтоомжийг үндэслэн хилийн тодорхой хэсэгт хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогчийг томилон ажиллуулах бөгөөд тэдгээрийг томилсон тухайгаа харилцан мэдэгдэнэ.
Хилийн төлөөлөгчийн хариуцах хэсэг болон уулзалт хийх газрыг 8 дугаар хавсралтад тодорхойлов.
2. Талуудын хилийн төлөөлөгч энэхүү Гэрээ, өөр, өөрийн улсын хууль тогтоомж болон Талуудын хооронд хилийн асуудлаар байгуулсан бусад гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулна.
3. Талуудын хилийн төлөөлөгч хилийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед Талуудын эрх бүхий бусад байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон асуудал гарвал тэдгээрийн ажилтныг оролцуулна.
4. Хилийн төлөөлөгчийн эзгүйд түүний эрх, үүргийг хилийн төлөөлөгчийн орлогч гүйцэтгэнэ.
5. Хилийн төлөөлөгч нь хилийн төлөөлөгчийн туслах, нарийн бичгийн дарга, орчуулагч, холбоочинг томилон ажиллуулж болно.
38 дугаар зүйл
1. Хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогч, хилийн төлөөлөгчийн туслах болон бусад ажилтнууд энэхүү Гэрээнд заасан албан үүргээ гүйцэтгэх зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт байх хугацаанд тэдгээрийн аюулгүй байдал болон тээврийн хэрэгсэл, баримт бичиг, эд зүйлсэд халдаж үл болно. Эдгээр хүмүүсийн тээврийн хэрэгсэл, баримт бичиг, хувийн эд зүйлсийг хилийн хяналт шалгалтгүй хилээр нэвтрүүлнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажилтнууд нөгөө талын нутаг дэвсгэрт энэхүү Гэрээнд заасан албан үүргээ гүйцэтгэх үед Талууд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Эдгээр ажилтан нь нөгөө талын нутаг дэвсгэрт байх хугацаандаа тухайн улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
39 дүгээр зүйл
Талуудын хилийн төлөөлөгч энэхүү Гэрээнд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хил орчмын нутгийн засаг захиргааны болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран өөрийн хариуцах хэсэгт хилийн дэглэмийг сахин хамгаалах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
40 дүгээр зүйл
Талуудын хилийн төлөөлөгч хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шийдвэрлэх хүрээнд шаардлагатай тохиолдолд дараахь мэдээллийг солилцож байна:
1. Хилийн болон хил орчмын нутгийн цагийн байдал, болзошгүй өөрчлөлтийн талаарх мэдээлэл;
2. Хилийн дэглэмийг сахин хамгаалах, хилийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл;
3. Хил зөрчиж болзошгүй, эсхүл хууль бусаар хил нэвтрэхээр урьдчилан төлөвлөж, бэлтгэж буй үйлдлийн талаарх мэдээлэл;
4. Хил зөрчин нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхээр завдсан этгээдийн тухай болон өөрийн нутаг дэвсгэрт баривчилсан хил зөрчигчийн хэн болохыг тогтоосон мэдээлэл.
41 дүгээр зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч хэлэлцээ, уулзалт, хамтарсан шалгалт, захидал солилцох болон бусад арга хэлбэрээр хамтран ажиллана. Хэлэлцээний үр дүнгийн талаар тухай бүр протокол байгуулах бөгөөд протоколыг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдэж, Талуудын хилийн төлөөлөгч гарын үсэг зурна. Протоколд хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа зэргийг тусгана.
2. Талуудын хилийн төлөөлөгчийн туслах зөвхөн хилийн төлөөлөгчийн өгсөн даалгаврын дагуу уулзалт хийж болно. Уулзалтын журмыг Талуудын хилийн төлөөлөгч хэлэлцэн тохиролцоно. Уулзалтын дүнгийн талаар тэмдэглэл хийж, Талуудын хилийн төлөөлөгч баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
42 дугаар зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч хилийн зөрчлийг шийдвэрлэх талаар хамтран гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр авч буй арга хэмжээний талаар цаг тухайд нь харилцан мэдэгдэнэ.
2. Талуудын хилийн төлөөлөгч хилийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд тухайн асуудлыг дипломат шугамаар шийдвэрлүүлнэ.
43 дугаар зүйл
1. Аль нэг талын хилийн төлөөлөгч хэлэлцээ хийхийг хүсвэл доод тал нь 7 хоногийн өмнө хэлэлцээ хийх хугацаа, газар, хэлэлцэх асуудал болон оролцох бүрэлдэхүүнийг нөгөө талдаа мэдэгдэнэ. Хилийн төлөөлөгчид хэлэлцээг аль болох нөгөө талын санал болгосон хугацаанд зохион байгуулах зарчмыг баримтлах бөгөөд саналыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хариу өгнө. Хэрэв хэлэлцээ хийхээр санал болгосон хугацааг хүлээн авах боломжгүй бол өөр хугацааг санал болгоно.
2. Нэг талын хилийн төлөөлөгч санал болгосон хэлэлцээ, уулзалтад нөгөө талын хилийн төлөөлөгч өөрийн биеэр оролцоно.
Хэрэв нөгөө талын хилийн төлөөлөгч албан томилолттой, амралттай, эсхүл эрүүл мэндийн шалтгааны улмаас хэлэлцээ, уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй бол хилийн төлөөлөгч орлогчоо томилон оролцуулж болох бөгөөд энэ тухайгаа нөгөө талын хилийн төлөөлөгчид урьдчилан мэдэгдсэн байна.
3. Ердийн нөхцөлд хэлэлцээ, уулзалтыг хоёр улсын хууль тогтоомжоор тогтоосон тухайн өдрийн ажлын цагт багтаан зохион байгуулна. Хойшлуулшгүй тохиолдолд цаг тухайд нь зохион байгуулж болно.
44 дүгээр зүйл
1. Урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Талуудын хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогч болон хилийн төлөөлөгчийн туслах хилийн зөрчлийг шийдвэрлэх хүрээнд зөрчил гарсан газар хамтарсан шалгалт хийж болно. Шаардлагатай тохиолдолд шинжээч, гэрч, хохирогчийг зөрчил гарсан газарт ажиллуулж болно. Хамтарсан шалгалттай холбоотой зардлыг Талууд тус тусдаа хариуцна.
Хамтарсан шалгалтын үр дүнгийн талаар хамтарсан протокол үйлдэх бөгөөд түүнд Талуудын хилийн төлөөлөгч гарын үсэг зурна.
2. Хамтарсан шалгалтын явцад Талуудын хилийн төлөөлөгч хилийн зөрчил гарсан шалтгаан, явц, үр дагаврын талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй тохиолдолд энэ асуудлыг хамтарсан протоколд тусгана.
45 дугаар зүйл
1. Хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогч энэхүү Гэрээнд заасан албан үүргээ гүйцэтгэх хүрээнд энэхүү Гэрээний 9 дүгээр хавсралтад тодорхойлсон загварын үнэмлэхээр хил нэвтэрнэ.
2. Хилийн төлөөлөгчийн туслах, нарийн бичгийн дарга, орчуулагч, холбоочин энэхүү Гэрээний 10 дугаар хавсралтад тодорхойлсон загварын үнэмлэхээр хил нэвтэрнэ.
3. Энэхүү Гэрээнд заасан асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай шинжээч болон бусад хүмүүс хилийн боомтоор эрх бүхий байгууллагаас олгосон хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр, боомтгүй газраар энэхүү Гэрээний 11 дүгээр хавсралтад тодорхойлсон загварын нэг удаа хил нэвтрэх үнэмлэхээр хил нэвтэрнэ.
4. Талуудын хилийн төлөөлөгч хил нэвтрэхээс доод тал нь 24 цагийн өмнө хил нэвтрэх хүмүүс, хугацаа болон газрын талаар нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд энэ зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасан хүмүүс зөвхөн урьдчилан тохиролцсон газраар хил нэвтэрч болно.
46 дугаар зүйл
1. Талуудын хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогч, эсхүл хилийн төлөөлөгчийн туслах тохиролцсон газарт хил зөрчигч, цогцсыг хүлээлцэхэд байлцана.
2. Талуудын хилийн төлөөлөгчийн тохиролцсон газарт захидал, хил давсан мал (гэрийн тэжээвэр амьтан), эд зүйлсийг хүлээлцэх ажиллагааг явуулна. Холбоо барих нарийвчилсан арга хэлбэрийг Талуудын хилийн төлөөлөгч хэлэлцэн шийдвэрлэнэ.
3. Талуудын хилийн төлөөлөгчийн харилцан тохиролцсоны дагуу хилийн төлөөлөгчийн орлогч, хилийн төлөөлөгчийн туслахаас бусад ажилтан захидал, хил давсан мал (гэрийн тэжээвэр амьтан), эд зүйлсийг хүлээлцэж болно.
4. Захидал, хил давсан мал (гэрийн тэжээвэр амьтан), эд зүйлс хүлээлцсэн баримт бичгийн загварыг энэхүү Гэрээний 12, 13, 14 дүгээр хавсралтад тодорхойлов.
X БҮЛЭГ
Хэрэгжүүлэх механизм
47 дугаар зүйл
1. Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссыг байгуулна.
2. Монгол, Хятадын хилийн хамтарсан комисс нь Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын дүрмийг хэлэлцэж тогтооно.
XI БҮЛЭГ
Төгсгөлийн хэсэг
48 дугаар зүйл
1. Энэхүү Гэрээний бүх хавсралт нь түүний салшгүй хэсэг байна.
2. Талууд харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
49 дүгээр зүйл
Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ” хүчингүй болно.
50 дугаар зүйл
Талууд энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болгоход тавигддаг дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа бичгээр харилцан мэдэгдэх бөгөөд сүүлчийн мэдэгдлийг илгээсэн өдрөөс хойш 30 дахь өдрөөс эхлэн энэхүү Гэрээ нь хүчин төгөлдөр болно.
Энэхүү Гэрээ нь арван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд аль нэг Тал энэхүү Гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө түүнийг цуцлах тухайгаа нөгөө Талдаа бичгээр мэдэгдээгүй бол хүчинтэй байх хугацаа нь арав, арван жилээр аяндаа сунгагдана.
Энэхүү Гэрээг... оны ... сарын ... өдөр ... хотноо монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
МОНГОЛ УЛСЫН
ЗАСГИЙН ГАЗРЫГ
ТӨЛӨӨЛЖ
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ
ТӨЛӨӨЛЖ
1 дүгээр хавсралт
Хилийн _____ дугаар тэмдгийг засварласан, сэргээсэн,
шинээр босгосон тухай протоколын загвар
___ оны ___ сарын ___өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасны дагуу ___ (улсын нэр)____(эрх бүхий байгууллагын нэр) төлөөлөгч ____(овог нэр) ___ оны ___ сарын ___ өдөр (улсын нэр) ____(эрх бүхий байгууллагын нэр) төлөөлөгч ____(овог нэр)-ийг байлцуулж, хилийн ___ дугаар тэмдгийг ___ (засварлах, сэргээх, шинээр босгох) ажиллагаа явуулав.
Хилийн___ дугаар тэмдэг ________ (хилийн тэмдгийг засварлах, сэргээх, шинээр босгох болсон шалтгаан, ажлын явцын талаар дурдана).
Дээрх ажиллагааг ____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан __________ (Хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг болон хилийн шугамыг хамтран шалгасан баримт бичиг)-т заасны дагуу явуулав.
Энэхүү протоколыг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Монгол Улсын
Эрх бүхий байгууллагыг
төлөөлж
Гарын үсэг, тамга
БНХАУ-ын
Эрх бүхий байгууллагыг
төлөөлж
Гарын үсэг, тамга
2 дугаар хавсралт
Хилийн ____ дугаар тэмдэг эвдэрсэн, хөдөлсөн,
устсаны дараа хуучин байршилд нь сэргээх, шинээр босгох
боломжгүй болсон тухай протоколын загвар
____оны ___ сарын ___өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасны дагуу ___ (улсын нэр)____(эрх бүхий байгууллагын нэр) төлөөлөгч ____(овог нэр) ___ оны ___ сарын ___ өдөр (улсын нэр) ____(эрх бүхий байгууллагын нэр) төлөөлөгч ____(овог нэр)-ийг байлцуулж, хилийн ____ дугаар тэмдэг ____ (эвдэрсэн, хөдөлсөн, устсан) гэдгийг нотолж, түүнчлэн ____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан ________ (Хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг болон хилийн шугамыг хамтран шалгасан баримт бичиг)-д заасны дагуу түүнийг хуучин байршилд нь сэргээх, шинээр босгох аргагүй болсныг нотлов.
Хилийн___ дугаар тэмдэг ____ (хилийн тэмдгийг хуучин байршилд нь сэргээх, шинээр босгох боломжгүй болсон шалтгаан болон нөхцөл байдлыг дурдана)
Талууд энэ талаар Монгол, Хятадын хилийн хамтарсан комисст илтгэх нь зүйтэй гэж санал нэгтэй зөвшөөрөв.
Энэхүү протоколыг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Монгол Улсын
Эрх бүхий байгууллагыг
төлөөлж
Гарын үсэг, тамга
БНХАУ-ын
Эрх бүхий байгууллагыг
төлөөлж
Гарын үсэг, тамга
3 дугаар хавсралт
Хилийн ____ дугаар тэмдэг эвдэрсэн, хөдөлсөн, устсаны дараа
байршлыг нь шилжүүлэн шинээр босгосон тухай протоколын загвар
____ оны ___ сарын ___өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 5 дугаар зүйл болон Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын ____ оны ____ сарын ____ өдрийн шийдвэрийн дагуу, мэргэжилтний хамтарсан ажлын хэсгийн ____ (Монгол, Хятад)-ын талын төлөөлөгч ____ (овог нэр) ____ оны ____ сарын ____ өдөр ____ (Монгол, Хятад)-ын талын төлөөлөгч ____(овог нэр)-ийг байлцуулж, ____ (эвдэрсэн, хөдөлсөн, устсан) хилийн ____ дугаар тэмдгийн байршлыг нь шилжүүлж шинээр босгов.
Байршлыг нь шилжүүлж шинээр босгосон хилийн ____ дугаар тэмдгийн хилийн тэмдгийн бүртгэлийн хүснэгт нь ____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан ________ (Хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичиг болон хилийн шугамыг хамтран шалгасан баримт бичиг)-т үндэслэсэн болно.
Энэхүү протоколыг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Монголын талын мэргэжилтний ажлын хэсгийн ахлагч
Гарын үсэг
Хятадын талын мэргэжилтний ажлын хэсгийн ахлагч
Гарын үсэг
4 дүгээр хавсралт
Агаарын хөлөг хилийн
шугамын ойролцоо өөрийн талд нислэг
үйлдэх талаар мэдэгдэх ноот бичгийн агуулгын загвар
____ (Улсын нэр) ____ (Гадаад харилцааны яам/Элчин сайдын яам) ____ (Улсын нэр) ____ (Элчин сайдын яам/Гадаад харилцааны яам)-нд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд ____ оны _____ сарын ____ өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 21 дүгээр зүйлд заасны дагуу дараахь зүйлийг мэдэгдэх завшаан тохиов:
1. Нислэгийн зорилго
2. Нислэгийн үзүүлэлт:
1) нислэг үргэлжлэх хугацаа болон нислэг эхлэх тодорхой он, сар, өдөр, цаг хугацаа;
2) нислэгийн орон зай, 25 километрийн бүсэд орж гарах газар зүйн байршил, нислэгийн чиглэл;
3) нислэгийн өндөр.
3. Агаарын хөлгийн үзүүлэлт:
1) эзэмшигч;
2) төрөл болон загвар;
3) өнгө;
4) таних тэмдэг;
5) онгоцны дугаар;
6) дуудлагын дохио;
7) радарын төхөөрөмж суулгасан эсэх.
4. Аппаратны үзүүлэлт:
1) төрөл болон загвар;
2) төвлөрлийн зай.
Гүн хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.
5 дугаар хавсралт
Агаарын хөлөг хил нэвтэрч нислэг үйлдэх
зөвшөөрөл хүсэх тухай ноот бичгийн
агуулгын загвар
____ (Улсын нэр) ____ (Гадаад харилцааны яам/Элчин сайдын яам) ____ (Улсын нэр) ____ (Элчин сайдын яам/Гадаад харилцааны яам)-нд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд ____ оны _____ сарын ____ өдөр байгуулсан “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 21 дүгээр зүйлд заасны дагуу дараахь агаарын хөлөгт хил нэвтэрч нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхийг хүсэх завшаан тохиов:
1. Нислэгийн зорилго
2. Нислэгийн үзүүлэлт:
1) нислэг үргэлжлэх хугацаа болон нислэг эхлэх тодорхой он, сар, өдөр, цаг хугацаа;
2) нислэгийн орон зай, 25 километрийн бүсэд орж гарах гарах газар зүйн байршил, нислэгийн чиглэл;
3) нислэгийн өндөр;
4) нислэгийн явцад хил нэвтрэхээр төлөвлөсөн газар (газар зүйн байршил, суурин газрын болон нислэгийн замналын зураг);
5) нөгөө талд нэвтрэх гүн.
3. Агаарын хөлгийн үзүүлэлт:
1) эзэмшигч;
2) төрөл болон загвар;
3) өнгө;
4) таних тэмдэг;
5) онгоцны дугаар;
6) дуудлагын дохио;
7) радарын төхөөрөмж суулгасан эсэх.
4. Аппаратны үзүүлэлт:
1) төрөл болон загвар;
2) төвлөрлийн зай.
Хэрэв танай тал зөвшөөрч аль болох хурдан хариу өгвөл ____ (Улсын нэр) ____ (Гадаад харилцааны яам/Элчин сайдын яам) гүнээ талархах болно.
Гүн хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.
6 дугаар хавсралт
Хил зөрчигчийг хүлээлцсэн
баримт бичгийн загвар


Дугаар_____

Он, сар, өдөр:_____
Цаг хугацаа: ____
Газрын нэр:_____
____оны ____ сарын ____-ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 33 дугаар зүйлд заасны дагуу хил зөрчигч ____ (улсын харъяалал, овог нэр, хүйс, төрсөн газар, төрсөн он, сар, өдөр)-ыг ____ (албан тушаал, овог нэр) шилжүүлэн өгч, ____ (албан тушаал, овог нэр) хүлээн авав. Энэхүү этгээд нь ____ оны ____ сарын ____ -ны өдрийн ____ цагт____ (газрын нэр, ойролцоох хилийн тэмдгийн дугаар)–аар хил зөрчсөн бөгөөд түүнийг ____ оны ____ сарын ____-ны өдөр ____ цагт ____ (газрын нэр, ойролцоох хилийн тэмдгийн дугаар)–т ____ (хэн) барьсан. Хил зөрчсөн шалтгаан нь ________ болно.
Хил зөрчигчийн хамт доорх тээврийн хэрэгсэл болон эд зүйлсийг хүлээлгэн өгөв. Үүнд: ________ (нэр, тоо ширхэг болон гол онцлог шинж тэмдэг)
Хэрэв тээврийн хэрэгсэл, эсхүл эд зүйлсийг хүлээлгэн өгөөгүй бол шалтгааныг тайлбарлана.
Хүлээлцэх үед ________ (Талууд хүлээлцэх үед тайлбарлах шаардлагатай бусад холбогдох зүйлсийг бичнэ).
Энэхүү хүлээлцсэн баримт бичгийг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Хүлээлгэн өгсөн: ______
(Гарын үсэг, тамга)
Хүлээн авсан: ________
(Гарын үсэг, тамга)
7 дугаар хавсралт
Цогцос хүлээлцсэн баримт бичгийн загвар


Дугаар ____

Он, сар, өдөр: ____
Цаг хугацаа: ____
Газрын нэр: ____
____ оны ____ сарын ____-ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 35 дугаар зүйлд заасны дагуу ____________(овог нэр, хүйс, гол онцлог шинж тэмдэг) цогцсыг __________ (албан тушаал, овог нэр) шилжүүлэн өгч, ____ (албан тушаал, овог нэр) хүлээн авав. Энэ цогцсыг ____ оны ____ сарын ____-ны өдөр ____ (газрын нэр, ойролцоох хилийн тэмдгийн дугаар)-т ________ (хэн) илрүүлсэн. Талуудын нотолсноор энэ хүн нь нас барахаасаа өмнө _________ (улсын харъяалал) –ын иргэн байсан бөгөөд нас барахад хүргэсэн байж болох шалтгаан нь _______________.
Цогцостой хамт доорх эд зүйлсийг хүлээлгэн өгөв. Үүнд: ________ (нэр, төрөл, тоо ширхэг болон гол онцлог шинж тэмдэг). Хэрэв хүлээлгэн өгөөгүй бол шалтгааныг тайлбарлана.
Хүлээлцэх үед ________ (Талууд хүлээлцэх үед тайлбарлах шаардлагатай бусад холбогдох зүйлсийг бичнэ).
Энэхүү хүлээлцсэн баримт бичгийг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Хүлээлгэн өгсөн: ______
(Гарын үсэг, тамга)
Хүлээн авсан: ________
(Гарын үсэг, тамга)
8 дугаар хавсралт
Хилийн төлөөлөгчийн хариуцах хэсэг
болон уулзалт хийх газар
____ оны ____ сарын ____-ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 37 дугаар зүйлд заасны дагуу Талуудын хилийн төлөөлөгчийн хариуцах хэсэг болон уулзалт хийх газрыг дараахь байдлаар тогтоов:
Нэг. Монгол Улсын хувьд:
1. Баян-Өлгийн хилийн төлөөлөгч
a) Хариуцах хэсэг:
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын улсын хилийн Баруун уулзварын цэг болох Монгол Алтайн нуруу (Алтай шань май)-ны Таван Богд уул (Хүйтэн шань)-ын 4082.0 тоот өндөрлөгөөс хилийн 49 дүгээр тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Даян уулзалтын цэг
2. Ховдын хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг:
Хилийн 49 дүгээр тэмдгээс хилийн 310 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Булган, Байтаг уулзалтын цэг
3. Говь-Алтайн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг:
Хилийн 310 дугаар тэмдгээс хилийн 487 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Бургастай уулзалтын цэг
4. Өмнөговийн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг:
Хилийн 487 дугаар тэмдгээс хилийн 715 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Шивээхүрэн, Гашуунсухайт уулзалтын цэг
5. Дорноговийн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг:
Хилийн 715 дугаар тэмдгээс хилийн 917 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Ханги, Замын-Үүд уулзалтын цэг
6. Сүхбаатарын хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг:
Хилийн 917 дугаар тэмдгээс хилийн 1303 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Бичигт, Асгат, Авдрант уулзалтын цэг
7. Дорнодын хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Хилийн 1303 дугаар тэмдгээс Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын улсын хилийн Зүүн уулзварын цэг болох Тарваган Дахын овооны төвийн 645.2 тоот цэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Сүмбэр, Баянхошуу, Хавирга уулзалтын цэг
Хоёр. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд:
1. Алтайн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улсын улсын хилийн Баруун уулзварын цэг болох Алтай шань май (Монгол Алтайн нуруу) Хүйтэн шань (Таван Богд уул)-ын 4082.0 тоот өндөрлөгөөс хилийн 139 дүгээр тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Хуньшаньзюй, Такашикен уулзалтын цэг
2. Цонжийн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Хилийн 139 дүгээр тэмдгээс хилийн 265 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Улиастай уулзалтын цэг
3. Хамийн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Хилийн 265 дугаар тэмдгээс хилийн 500 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Лаоемяо уулзалтын цэг
4. Далай хөвөөгийн хилийн төлөөлөгч
а Хариуцах хэсэг: Хилийн 500 дугаар тэмдгээс хилийн 713 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б Уулзалт хийх газар: Сэхээ, Ганц мод уулзалтын цэг
5. Эрээн хотын хилийн төлөөлөгч
а Хариуцах хэсэг: Хилийн 713 дугаар тэмдгээс хилийн 917 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б Уулзалт хийх газар: Замын шуран, Эрээн хотын уулзалтын цэг
6. Улиастайн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Хилийн 917 дугаар тэмдгээс хилийн 1253 дугаар тэмдэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Жаргалант, Зүүн хатавч, Улаанцав уулзалтын цэг
7. Амгалангийн хилийн төлөөлөгч
а) Хариуцах хэсэг: Хилийн 1253 дугаар тэмдгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улсын улсын хилийн Зүүн уулзварын цэг болох Тарваган Дах овооны төвийн 645.2 тоот цэг хүртэлх хэсэг
б) Уулзалт хийх газар: Рашаан, Өвдөг, Ар хашаат уулзалтын цэг
9 дүгээр хавсралт
Хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогчийн
үнэмлэхний загвар
Хавтас: Улсын сүлд, Үнэмлэх, Улсын нэр
1 дүгээр нүүр: Цээж зураг, тамга, эзэмшигчийн гарын үсэг
____ (улсын нэр)-ын Засгийн газар ____ оны ____ сарын ____-ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 45 дугаар зүйлд заасны дагуу ____ (цэргийн цол, овог, нэр)-ыг ____ (улсын нэр) хилийн ____ (хариуцах хэсгийн нэр)-т ____ (хилийн төлөөлөгч, хилийн төлөөлөгчийн орлогч)-р томилов.
____ (цэргийн цол, овог, нэр) нь дээр дурдсан Гэрээнд заасан үүргээ биелүүлэх зорилгоор хэлэлцэн тохиролцсон чиглэлээр Монгол, Хятадын хилийг нэвтрэх эрхтэй.
________ (Эрх олгогдсон хүний гарын үсэг)
Тамга
____ оны ____ сарын ____-ны өдөр
2 дугаар нүүр: 1 дүгээр нүүрний орчуулга
10 дугаар хавсралт
Хилийн төлөөлөгчийн туслах, нарийн бичгийн дарга,
орчуулагч, холбоочны үнэмлэхний загвар
Хавтас: Улсын сүлд, Үнэмлэх, Улсын нэр
1 дүгээр нүүр: Цээж зураг, тамга, эзэмшигчийн гарын үсэг
____ оны ____ сарын ____ -ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 45 дугаар зүйлд заасны дагуу ________ (цэргийн цол, овог, нэр)-ыг Монгол, Хятадын хилийн ____ (хариуцах хэсгийн нэр)-т хилийн төлөөлөгч ____ (туслах, нарийн бичгийн дарга, орчуулагч, холбоочин)-р томилов.
____ (цэргийн цол, овог, нэр) нь дээр дурдсан Гэрээнд заасан үүргээ биелүүлэх зорилгоор хэлэлцэн тохирсон чиглэлээр Монгол, Хятадын хилийг нэвтрэх эрхтэй.
____ (Улсын нэр) ____ хэсгийн хилийн төлөөлөгч ____
(гарын үсэг)
Тамга
____ оны ____ сарын ____-ны өдөр
2 дугаар нүүр: 1 дүгээр нүүрний орчуулга
11 дүгээр хавсралт
Монгол, Хятадын хилээр нэг удаа
нэвтрэх үнэмлэхний загвар
Монгол, Хятадын хилээр нэг удаа нэвтрэх үнэмлэх
____ оны ____ сарын ____-ны өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 45 дугаар зүйлд заасны дагуу ____ (овог нэр) нь____ оны ____ сарын ____-ны өдрөөс ____ оны ____ сарын ____-ны өдөр хүртэл ____ (зорилго) ____ (улсын нэр) ___ хэсгээр Монгол, Хятадын хилээр нэг удаа нэвтрэх эрхтэй.
Энэхүү үнэмлэх нь тухайн хүний өөрийгөө нотлох хүчин төгөлдөр баримт бичгийн хамт хүчинтэй.
____ (улсын нэр)____ хэсгийн хилийн төлөөлөгч
(гарын үсэг)
Тамга
____ оны ____ сарын ____-ны өдөр
_______________________________________________ Дээрх хэсгийн орчуулга
12 дугаар хавсралт
Захидал хүлээлцсэн
баримт бичгийн загвар


Дугаар____

Он, сар, өдөр: ____
Цаг хугацаа: ____
Газрын нэр: ____
____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 46 дугаар зүйлд заасны дагуу ____ (улсын нэр)____(хэсэг) хилийн төлөөлөгч (албан тушаал, овог, нэр) ____ (улсын нэр) ____(хэсэг) хилийн төлөөлөгчид өгөх ____ (дугаар) захидлыг ____ (албан тушаал, овог, нэр) шилжүүлэн өгч, ____ (албан тушаал, овог, нэр) хүлээн авав.
Хүлээлцэх үед захидлын битүүмжлэгдсэн байдал хадгалагдаж байгааг Талууд нотлов.
Энэхүү хүлээлцсэн баримт бичгийг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Захидал хүргэсэн: ______
(Гарын үсэг, тамга)
Хүлээн авсан: ________
(Гарын үсэг, тамга)
13 дугаар хавсралт
Хил давсан мал (гэрийн тэжээвэр амьтан)-ыг
хүлээлцсэн баримт бичгийн загвар


Дугаар ____

Он, сар, өдөр: ____
Цаг хугацаа: _____
Газрын нэр: _____
____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 46 дугаар зүйлд заасны дагуу ____ (улсын нэр)-ын нутаг дэвсгэрээс ____ (цаг хугацаа, газрын нэр, ойролцоох хилийн тэмдгийн дугаар)-аар хил давсан мал (гэрийн тэжээвэр амьтан) ________ (төрөл, тоо, хүйс, зүс, нас, им тэмдэг болон бусад онцлог шинж тэмдэг)-ыг ____ (албан тушаал, овог нэр) хүлээлгэн өгч, ____ (албан тушаал, овог нэр) хүлээн авав.
Хүлээлцэх үед ________ (Талууд хүлээлцэх үед тайлбарлах шаардлагатай бусад холбогдох зүйлсийг бичнэ).
Энэхүү хүлээлцсэн баримт бичгийг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Хүлээлгэн өгсөн: ______
(Гарын үсэг, тамга)
Хүлээн авсан: ________
(Гарын үсэг, тамга)
14 дүгээр хавсралт
Эд зүйлсийг хүлээлцсэн
баримт бичгийн загвар


Дугаар____

Он, сар, өдөр:____
Цаг хугацаа:____
Газрын нэр:____
____ оны ____ сарын ____ өдөр байгуулсан “Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний 46 дугаар зүйлд заасны дагуу ____ эд зүйлс (нэр, төрөл, тоо ширхэг болон бусад онцлог шинж тэмдэг)-ыг ____ (албан тушаал, овог, нэр) хүлээлгэн өгч, ____ (албан тушаал, овог, нэр) хүлээж авав.
Дээрх эд зүйлсийг ____ (хэн) ____ (газрын нэр, ойролцоох хилийн тэмдгийн дугаар)-аас ____ оны ____ сарын ____-ны өдөр ____ цагт илрүүлсэн бөгөөд талуудын нотолсноор энэхүү эд зүйл нь ____ (улс)-ын өмчид хамаарна.
Хүлээлцэх үед ________ (Талууд хүлээлцэх үед тайлбарлах шаардлагатай бусад холбогдох зүйлсийг бичнэ).
Энэхүү хүлээлцсэн баримт бичгийг монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувиуд нь адил хүчинтэй байна.
Хүлээлгэн өгсөн: ______
(Гарын үсэг, тамга)
Хүлээн авсан: ________
(Гарын үсэг, тамга)
 

 

2010 оны 06 сарын 01