Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Урлагт зүтгээд...

Д.Гал

Улсын баярын өмнөхөн хэн хүссэн хүн дураараа ороод байдаггүй төрийн ордны, хэн дуртай хүнийг оруулаад байдаггүй ёслолын их өргөөнд манай Хилийн цэргээр овоглосон хоёр нөхөр Ерөнхийлөгчөөсөө шагнал авахаар уригдсан байхтай таарав. Нэг нь хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, нөгөөх нь дуучин Н.Амгалан. Бас энэ хоёр багш шавь гэж байгаа. Багш нь Г.Энхбаяр. Тэрбээр МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, түүний шавь, нэгэн цагт Хилийн цэргийн чуулгад дуучнаар ажиллаж асан, одоо АДБЧ-ын дуучин Н.Амгалан МУГЖ гэсэн алдрыг хүртэж буй нь энэ ажээ.

Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын хувьд одоо ч Хилийн цэрэгтээ зүтгэсээр яваа гэдгийг хэлэх нь илүүц биз. Анх энэ айлд ирэхдээ мөрөн дээрээ хоёр жижигхээн таван хошуутай нөхөр байсан бол одоо тэр нь хоёр том өлзий утсан хээ болж хувирсан харагдана билээ. Гэхдээ энэ нөхөр өнгөрсөн хугацаанд тасралтгүй эндээ ажиллаад байсан юм биш. Угаасаа “цацаа, цалгиа” ихтэй болохоороо энгийн газар хэсэг бужигнуулж, энэ хугацаанд хөгжмийн урлагийн түүхэнд алт, мөнгөн үсгээр бичигдэх олон арван дуу хийсэн байгаа юм.

Түүнийг рок попынхон битгий хэл жирийн нэгэн хүртэл “Хоовон” гэдгээр нь мэддэг. Ер нь “Хоовон” Энхбаяр гэхгүй бол хүмүүс экс Ерөнхийлөгч энэ тэртэй андуураад явчихдаг талтай. Тиймээс тэр нэгэн цагт пионерийн зуслан дээр авсан хоч нь эдүгээ бараг овог болсон хэрэг. Харин үүнд түүний аав Гомбосүрэн гуай нэг их гомддоггүй гэсэн. “Хоовон” хоовойчихоод тун хөдөлгөөнтэй нэгэн байсан төдийгүй тэр үед “Тунгалаг Тамир” кино ид хүчээ авч “Хоовон хөх” Хонгорын дүр үзэгчдийн сэтгэлд хоногшиж асан явдал ч түүнийг ийм нэр хоч авахад нөлөөлсөн байж магадгүй хэмээн орчин үеийн рок поп хөгжмийн нэг судлаач саяхан өөрийнхөө бүтээлд дурссан байна билээ. Ямар ч байсан хөдөлгөөний хувьд түүнд Хонгортой төстэй зүйл их байсан нь үнэн агаад харин хаа ч очиж хоч нэгтийнхээ адил бусдын “адуунаас” хазаар гүйлгэж асан тохиолдол үгүй гэдгийг Оюуны өмчийн газар болон Хөгжмийн зохиолчдын өвийг хамгаалах нэгэн нийгэмлэгийн тэргүүн саяхан мэдэгдсэн харагдана билээ. “Хоовон” ингэхэд хоёр хэлийг гаргууд сайн эзэмшсэн нөхөр. Нэг нь монгол хэл. Нөгөөх нь хөгжмийн хэл. Ийм байхаас аргагүй хэмээн нөхөд нь хуучлах аж. Яагаад гэхээр мань нөхөр анх, “мөөм, ээж, аав, до ре ми фа соль...ал-хи, тамхи...” гэж хэлд орсон байгаа юм. Юуны учир үүнийг өгүүлэв гэхээр саяхан энэ дэлхийн нэгэн томоохон эрдэмтэн хэлд орж байгаа хүүхдийн эхний 10 үгэн дотор түүний ирээдүй харагддаг гэсэнтэй холбогдуулан ийн дурссан хэрэг. Тэгэхээр эрхэм “Хоовонгийн” хувьд хөгжмийн зохиолч болох нь нэн эртнээс тодорчээ гэлтэй.

Ингэхэд үг яриа зогссон тэр газраас хөгжим эх авч урсдаг гэсэн нэг үг байдаг. Мөн хөгжим нь бидний биеэр эдлэх аргагүй тансагийг сэтгэл зүрхэнд дүүргэж өгдөгөөрөө онцлогтой гэлцэх ажээ. Хөгжмийн зохиолч, удирдаач, хилчин, дэд хурандаа, “Хоовон” Г.Энхбаярын зохиосон хөгжим ч ялгаагүй. Түүний дуу зөвхөн сайн сайхны тухай өгүүлдэгээрээ ялгардаг. Тиймээс, “Амьдрал хичнээн сайхан болохыг урлаг бидэнд харуулж байх ёстой. Тэгэхгүй бол эргэлзээ төрж мэднэ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэнтэй санаа нэг байна. Учир юун гэвэл МУ-ын УГЗ Г.Энхбаярын сэтгэл зүрхэндээ хөвөрдсөн аялгуунууд чухамхүү үүнийг батлах мэт байдгаас тэр. “Сүүн цагаан хурим”, “Шинэ жилийн шөнө сайхан”, “Мөнгөн бороо” гээд л хөвөрч өгнө шүү дээ.

Ийнхүү “Хоовон” маань урлагт зүтгээд... зүтгээд гэнэ шүү, одоо ч зүтгэсээр, бас цаашид зүтгэх энэ амаргүй, бас зөвхөн урлагийнхан л ойлгох ажлынхаа төлөө “Урлагийн гавьяат зүтгэлтэн” гэсэн алдар цолыг хүртлээ. Тэрбээр зөвхөн дуу хуур бус хүн ёсоор амьдрах урлагт ч муугүй амжилт гаргасан нэгэн. Яагаад гэхээр түүнд хөгшин залуу, баян ядуу, ажилтай, ажилгүй гээд түмэн жорын нөхөд бий. Мөн сайхан хань, хүүхдүүд, хамгийн гол нь “Хоовонг” жинхэнэ номхруулдаг ач зээтэй.

Хилийн цэрэг ийнхүү урлагийн төлөө зүтгэдэг гавьяатуудынхаа тоог нэгээр нэмлээ. Бас “Хоовон” энэ алдрыг хүртсэнд энгийн, цэргийн ямар олон хүн баярлаж байна аа. Тиймээс эрхэм “Хоовондоо” дараачийнхаа алдар цолын төлөө хоовойтол зүтгээрэй хэмээн нийт хилчдийнхээ өмнөөс ерөөе.

2012 оны 07 сарын 10 | Үзсэн : 3230