Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Дэд ахлагч Г.Билгүүн: Байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээнэ

Г.Гэрэл

Өнгөрсөн долдугаар сард болсон чөлөөт нислэгийн FIC төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид гуравдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд амжилттай оролцсон Хилийн 0218 дугаар ангийн хилчин шалгагч, дэд ахлагч Г.Билгүүнтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө танд ногоон мөрдэстнүүдээ төлөөлөн Монгол Улсын шигшээ багт багтаж тэмцээнд амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Тус тэмцээнд үзүүлсэн амжилтаа танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Энэ тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. “Эх орны манаа” сонины уншигч хилчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2012 оны Азийн аварга болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож багийн болон хувийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хос хүрэл медалийн эзэн боллоо. Чансаагаараа Азид хоёрдугаар байрт шалгарсан байгаа.  

-Энэ спортын давуу тал, онцлог нь юу вэ?

-Монголд хөгжөөд 25 жил болж байгаа спорт юм. Сүүлийн үед хичээллэх залуусын тоо нэмэгдэж байгаа. Хамгийн гол нь хүнд маш их техник сэтгэлгээ суулгадаг онцлогтой. Шугам зураг, геометр, физик талын мэдлэг чухал нөлөө үзүүлдэг. Энэ дашрамд төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Мөн Хилийн 0218 дугаар ангийн захирагч, заставын дарга болон хамт олон маань намайг маш их дэмжиж байсныг хэлмээр байна. Та бүхнийхээ туслалцаа дэмжлэгтэйгээр тэмцээнд сайн оролцсон шүү. Хамт олондоо болон нийт хилчиддээ ажлын өндөр амжилт хүсье. Мөн ямар ч тамирчны ард бат найдвартай ар тал болох гэр бүл нь байдаг. Тиймээс эхнэр хүүхэддээ баярлаж явдагаа хэлье.

-Танд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Би хилчин хүн гэдгээрээ их бахархаж явдаг. Эх орны торгон хил дээр алба хаана гэдэг хүссэн хүн бүхэнд олдоод байдаг завшаан биш. Тийм учраас цаашид Хил хамгаалах байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явахын тулд хичээх болно. Ирэх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Франц Улсад болно. Тиймээс тэмцээний бэлтгэлдээ одооноос эхлэн гарч байгаа.

2012 оны 08 сарын 08 | Үзсэн : 4813