Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилчин бүсгүй олимпийн медалийг 32 жилийн дараа эх орондоо авчирлаа

Э.ОЮУ

Лондонгийн олимпод оролцсон Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид наймдугаар сарын 16-ны өглөөний 06.00 цагт эх орондоо эргэн ирлээ. Энэ үед ХХЕГ, “Хилчин” спорт хороо, Хилийн 0253 дугаар ангийн хамт олны төлөөлөл, үлээвэр хөгжимчдийнхөө хамтаар Монгол Улсын гавъяат тамирчин, дэслэгч С.Батцэцэгийг тосохоор нисэх онгоцны буудал дээр аль эрт ирчихээд байв. Ийнхүү Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд 32 жилийн турш тасраад байсан олимпийн хүрэл медалийг эх орондоо авчирсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, дэслэгч С.Батцэцэгийг эх орондоо газардах мөчид үлээвэр хөгжим эгшиглэж, хилчин хамт олон нь монгол түмний хүндэтгэлийн дээд илрэл болсон алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барьсаар угтлаа. Медаль авсныхаа дараахан тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, “Монгол Улсын Хилийн цэрэгт баярлалаа” хэмээснийг үзэгчид тодхон санаж байгаа байх. Тийм ээ, харин одоо түүнд Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын нийт хилчид нь “баярлалаа” хэмээн хэлж байна. Дасгалжуулагч З.Дүвчин багш нь түүнийг Дэлхийн аваргад түрүүлснийх нь дараахан зөвхөн олимпод л “сойх” бодолтой байгаагаа хэлсэн гэдэг. Тэр нь ч зөв байжээ. Одоо тэр “Хилчин” спорт хорооны төдийгүй нийт хилчдийн, нийт монголчуудын бахархал нь, хайртай тамирчин нь болсон. Эх орондоо тавтай морил, бас дахин баяр хүргэе!

2012 оны 08 сарын 16 | Үзсэн : 5004