Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Ц.Эрдэнэ: Залуусыг гэрээт хилчний албанд бүртгэнэ

М.Уран

Сүүлийн үед гэрээт хилчний албыг залуус ихээр сонирхох болжээ. Гэрээт хилчдээс гадаад, дотоодын их, дээд сургуульд олноороо суралцаж байгаа юм. Харин энэ удаа Хил хамгаалах байгууллагаас сайн дураар хилд алба хаах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлснээ дуулгасан. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын гэрээт хилчин хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Эрдэнэтэй уулзлаа.

-Хил хамгаалах байгууллага гэрээгээр хилд алба хаах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн талаар сонслоо. Алба хаах хүсэлтэй залуус ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Цэргийн жинхэнэ албыг хаасан, мөн найман сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хил хамгаалах байгууллад хэрэгцээтэй мэргэжлээр иргэний их, дээд сургууль төгссөн 29 нас хүртэлх насны залуусыг сайн дурын үндсэнд гэрээт хилчнээр сонгон шалгаруулж авна. Гэрээт хилчнээр сонгогдсон залуусын алба хаах хугацаа 24 сар байх бөгөөд цаашид өөрөө хүсвэл тухайн иргэнийг 31 нас хүртэл гэрээг сунгаж болно.

-Гэрээт хилчид тодорхой хэмжээний цалин хөлстэй байдаг. Бас тусгайлан хангалт эдэлдэг гэх юм билээ?

-Алба хаахаар сонгогдсон залуус орчин үеийн тохилог байранд байрлаж, тодорхой нэр төрлийн хувцас, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Мөн хоёр жилийн хугацаанд алба хаахад гэрээт хилчид маань дансандаа 10 гаруй сая төгрөгийн хуримтлалтай болоод буцах боломжтой. Алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцно. Ер нь л олон талын боломжтой шүү дээ.

-Улсын хилийг гэрээт хилчнээр хамгаалуулснаар ямар өөрчлөлт ахиц дэвшил гарч байна вэ?

-Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний албыг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа. Байнгын бэлтгэлтэй гэрээт хилчдээр алба хаалгаж эхэлснээр хил хамгаалалтыг оновчтой зохион байгуулж, албаны үйл ажиллагаа мэргэшиж, дадлага, чадвар, мэдлэг сайжирч байна. Гэрээт хилчид бие даан сурч, өөрийгөө боловсруулахад илүү анхаарч цаашид Хилийн албаны сургууль болон ОХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд суралцах, хил хамгаалах байгууллагад ахлагчаар улиран ажиллах бүрэн эрхтэй.

-Энэ удаагийн ээлжинд хамрагдах гэрээт хилчдийг хэзээнээс эхэлж бүртгэх вэ?

-Хилийн 0129 дүгээр ангид алба хаах гэрээт хилчдийн бүртгэл эхэлсэн. Ирэх сарын 4-нөөс гэрээт хилчин бэлтгэх анхан шатны сургалт эхэлнэ. Тиймээс залуус ХХЕГ-т өнөөдрөөс ирж бүртгүүлсэн  ч болно. Тухайн бүртгэл дуусах өдөр хүртэл энэ албыг сонирхож буй залууст манай байгууллагын үүд хаалга нээлттэй.

-Хоёр хилийн хугацаанд гэрээгээ амжилттай хаасан хилчдийг ямар боломжууд хүлээж байгаа бол?

-Тухайлбал, албаа хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан цэргийн албан хаагч төрийн болон төрийн бус магадлан итгэмжлэгдсэн их дууд сургууль, коллежид суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой. Мөн албаа амжилттай хаасан хилчдийг ахлагчийн албанд томилно. Онцгой гавьяа байгуулсан тохиолдолд Хил хамгаалах байгууллагын болон төр засгийн шагналд тодорхойлно. Гэрээт хилчид алба хаасан жил тутамд улсад ажилласан жилд гурван сар нэмэгдэн тооцно. Энэ мэтчилэн олон боломж залуусын өмнө нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

2012 оны 09 сарын 27 | Үзсэн : 4997