Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ХХЕГ хооронд 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийг баталгаажуулах ёслолын ажиллагаа энэ сарын 6-ны өдөр ХХЕГ-ын Соёмбо танхимд болж өнгөрлөө. Санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав нар гарын үсэг зурсан юм. Хил хамгаалах байгууллага болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам хамтын уламжлалт харилцаатай бөгөөд энэхүү харилцаагаа 2013-2016 онд улам баталгаажуулах, хилийн зурвасыг сэргээх, зэрлэг ан амьтадын хөдөлгөөнийг бүртгэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаараа харилцан ярилцсан юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд:

-Монгол орны хойд хилийн хэсэгт ой маш их байдаг. Монгол Улс ОХУ, БНХАУ-тай 900 гаруй км хэсэгт ойгоор хиллэдэг юм билээ. Тиймээс ойн түймэр их гардаг. Сүүлийн гурван жилийн байдлаар ойн түймэр жил бүр хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Энэ нь монгол орны ойн санд ноцтой хохирол учруулж байна. Энэ хүрээнд хилийн зурвасыг сэргээх ажлыг эхний удаад хийхээр төлөвлөсөн.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын багцад ой хамгаалахтай холбоотой олон ажлууд бий. Эдгээр ажлуудаас ХХЕГ-тай хамтарч нэлээд хэдэн ажлыг хийнэ. Энэ ажил үр дүнгээ өгвөл бид цаашдаа өөр олон төсөл дээр хамтарч ажиллах болно.

Тухайлбал, зэрлэг ан амьтадын хөдөлгөөнийг бүртгэх, ажиглах, мэдээлэл солилцох ажлыг хийж эхлэх юм.

2013 оны 03 сарын 07 | Үзсэн : 1732