Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.БАТТӨР: БИД “GREEN HOSPITAL” БУЮУ ЭКО ЭМНЭЛЭГ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 31-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дахин байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Эмнэлгийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөртэй ярилцлаа. Тэрбээр Анагаах ухааны их сургуулийг 2001 онд төгссөн, 2005-2009 онд Япон улсад Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж ирээд ЭМШУИС-д тэнхимийн эрхлэгч, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн Сургалт хариуцсан захирал, 2012 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Сургалт эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, маркетинг эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
 
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ямар зорилт чиг үүрэгтэй ажиллах вэ?
-Эмнэлэг хоёр үе шаттай ашиглалтанд орж байгаа. Эхний ээлжинд бид амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ тусламж үйлчилгээнд үзлэгийн 21 кабинет, дүрс оношлогоо лабороторийн 13 кабинет болон өдрийн эмчилгээний 20 ширхэг ороор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хэдийгээр хэвтэн эмчлүүлэх байр маань ашиглалтанд орох хараахан болоогүй ч бүрэн оношлогоо шинжилгээгээ хийгээд өдрийн эмчилгээгээр үйлчлэх хүрээнийхээ хүмүүсд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байгаа. Хоёр дахь шат нь хэвтэн эмчлүүлэх хэсэг буюу Сценарь маань энэ оны наймдугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна. Барилгын гадна ажил дууссан, дотор тохижилтын ажлын санхүүжилт батлагдсан байгаа. Барилга ашиглалтанд орсон ч доторх тоног төхөөрөмж, мэс заслын вакум хагалгааны өрөө зэргийг тохижуулах, хүчил төрөгчийн үйлдвэр байгуулах гээд бусад хөрөнгө мөнгө шаардсан том ажлууд байна. Эдгээр ажлуудыг бид гадны хөрөнгө оруулалтаар шийдэх талаар хоёр, гурван том төслийг бичээд харьяалагдах яамдуудад өгсөн. Гэхдээ хэрэгжиж эхэлтлээ зургаан сар ба түүнээс илүү хугацаа зарцуулдаг учир хэвтэн эмчлүүлэх байр ашиглалтанд ороход эхний ээлжинд дотрын хүлээн авах болон эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаа хэвийн явагдана.  Харин мэс заслын тасгын тухайд тоног төхөөрөмж бусад зүйлсээс шалтгаалдаг учир үүнд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд төсөл хөтөлбөрийг хүлээх шаардлагатай учир магадгүй оны эцсээс эхлээд тусламж үйлчилгээг хүргэх байх гэсэн хүлээлттэй байж байна.
-Эмнэлгийн хүчин чадал, тоног төхөөрөмж, боловсон хүчний тухайд?
-Өнөөдрийн байдлаар манай эмч ажилчдаас 70 гаруй хүн БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг ашиглалтанд ортол бидний үйлчлэх хүрээний хүн ам БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, болон бусад тусламж үйлчилгээг авахын тулд тэндээ хамрагдана. Манай талаас хүний нөөцөөр нь хангаж байгаа. Тодруулж хэлбэл мэс засал, гэмтэл болон бусад мэдээгүйжүүлэх хагалгааны чиглэлийн эмч нар БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм учраас албан хаагч, иргэд маань найман сар хүртэл БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болно. Харин амбулаторийн тусламж үйлчилгээ, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах мөн цэрэг халах, татах үеийн эрүүл мэндийн үзлэгийг шинэ байрандаа амбулатордоо авах боломжтой. Техник хэрэгслийн хувьд өмнө нь 2012 онд үзүүлж байсан тусламж үйлчилгээтэйгээ харьцуулбал эмнэлэг эрс шинэчлэл хийж өөр түвшинд хүрсэн. Хамгийн энгийн жишээ бол компьютер томографийн аппарат байна. Нэмээд дурангийн аппарат авч байна. Энэ аппарат нь дурандах явцдаа хавдар байна уу, үгүй юу гэдгийг ялган оношлодог. Удахгүй энэ оны нэгдүгээр сард томоохон төв эмнэлгүүдэд байдаг оношлогооны “Сити” аппарат ашиглалтанд орно. Мөн шинээр нэвтрүүлж байгаа Сперометр буюу Уушигны үйл ажиллагааг тодорхойлдог багаж байна. Энэ багажаар ханиад томуу ихтэй үед уушигны үйл ажиллагааг хянах боломжтой болно гэсэн үг. Дээр нь харшлын сорил шинжилгээ шинээр нэвтэрч байна. Удахгүй ходоодны дуран, элэгний хатуурлыг оношлох эхо шинжилгээний аппаратуудтай болно.
-Танай эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд иргэд ямар материал бүрдүүлсэн байх шаардлагатай вэ? 
-Манай эмнэлгээр Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ. Тухайн хүмүүс үйлчлүүлэхээр ирэх бол ажлын үнэмлэх, эрүүл мэндийн даатгалтай бол даатгалын дэвтэрээ, ахмадууд ахмадын үнэмлэх бусад бичиг баримтаа авчраад үйлчлүүлэх боломжтой. Харин гэр бүлийн хүмүүсээ үзүүлэх бол эхний ээлжинд алба хаагч өөрөө энэ манай аав ээж, гэр бүлийн хүн гэдгээ хэлээд цахим бүртгэлд бүртгүүлэхэд хангалттай. Үүнээс хойш гэр бүлийн гишүүд нь хүн дагуулж ирэх шаардлаггүй, регистрийн дугаараараа цаашид үйлчилгээ аваад явчихна. Бид  мөн цахим эмнэлэг болохыг зорьж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд үйлчлүүлэгчиддээ карт өгнө, албан ёсоор бүртгэлд орсон бол тухайн хүмүүс картаараа эсвэл хурууны хээ, регистрийн дугаараараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн авах боломжтой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд зуун хувь даатгалаараа авдаг. Гэхдээ даатгал нь улиралд 165000 төгрөгний хязгаарлалттай байдаг. 165000 төгрөгөндөө багтаад цусны шинжилгээ, шээсний шинжилгээ гэх мэт бусад шинжилгээг улирал тутам үнэгүй авч болно. Харин 165000 төгрөгөөсөө хэтэрвэл хувь хүн өөрөө төлнө. Энэ бол манай эмнэлэг биш улсын бүх эмнэлэгт байдаг ерөнхий зарчим байгаа. Нэг зүйлийг иргэддээ онцгойлон сануулж хэлмээр байна. Хэвтэн эмчлүүлэх байр ашиглалтанд ортол хилчид болон бусад хүрээний эмчлүүлэгчдэд бага зэргийн хүндрэл гарч магадгүй юм. Манай эмнэлэг дээр ирж амбулаторын үзлэг шинжилгээгээ өгчихөөд өөр эмнэлэг рүү явж хэвтэж эмчлүүлэх гэх мэт хүндрэл бэрхшээл гарах магадлалтай байгаа. Бид бүхэн удахгүй хэвтэн эмчлүүлэх байраа ашиглалтанд оруулна. Гэхдээ бид БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт хүсэлт албан бичиг явуулсан байгаа. Юу вэ гэхээр холоос хөдөө орон нутгаас магадгүй манай хилчид яаралтай хэвтэн эмчлүүлэх болон бусад эмнэлгийн тусламж авах үед аль болох хүлээгдэл чирэгдэл багатайгаар түргэн шуурхай хүлээж аваарай гэсэн утга бүхий бичиг хүргүүлсэн. Хөдөөнөөс ирсэн иргэдэд цаг хугацаа, байр савнаас эхлээд хүндрэлтэй зүйл их гардаг шүү дээ. Мөн БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч ажилчиддаа үйлчлэх хүрээний хүмүүсээ ирвэл түргэн шуурхай үйлчлэх үүрэг даалгаварыг өгсөн.
-Танай хамт олон 2017 онд ямар зорилт дэвшүүлсэн бэ? 
-Бид зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлж байгаа учир иргэдэд маркетинг менежментийн талаас нь үйл ажиллагаагаа ойлгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ чанартай үзүүлхийн тулд “Green Hospital” буюу эко эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна. Бид эко эмнэлэг гэсэн уриалга гаргасан учир ногоон орчинг бүрдүүлэхийн тулд нэг, хоёрдугаар давхартаа зургийн галерей байгуулсан. Ард иргэд үйлчлүүлж байх явцдаа санаа сэтгэл тайван үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Энэ мэтчилэн эко эмнэлэг гэдэг агуулгын дор маш олон зүйлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт ногоон орчин бүрдсэн гэж ойлгож болно. Хоёрдугаарт ус, цахилгаан гэх мэт ахуйн хэрэглээг хэмнэсэн технологуудыг нэвтрүүлсэн эмнэлэг байх нь гэж ойлгож болно. Ер нь эрүүл мэндийн байгууллага бол цахилгааны зарцуулалтаараа хоёрдугаарт эрэмблэгддэг. Өөрөөр хэлбэл 24 цагаар үйл ажиллагаа явуулж, хүчин чадалтай багаж тоног төхөөрөмж ашиглахад маш их хэмжээний цахилгаан зарцуулдаг бөгөөд үүнийгээ дагаад ус болон бусад хэрэглээ нь маш өндөр байдаг. Тэгэхээр зөв маркетингаар асуудлуудаа шийдвэрлье гэж байгаа юм. Дээр нь урвалч бодис цөмийн ямар нэгэн оношлууруудыг хэрэглэдэг маш олон төрлийн эм эмнэлгийн хэрэгслүүдийг ашиглах тул тэр бодисууд нь эргээд гадаад орчиндоо нөлөөлдөг зэргээс хамаараад эмнэлгийг эко байлгах нь зүйтэй гэсэн шаардлагууд тавигдаж байгаа юм. Монгол Улсад одоогийн байдлаар эко эмнэлэг болох зорилт тавиад ажиллаж байгаа эмнэлэг байхгүй. Харин “Бага энерги зарцуулж их үр бүтээлтэй ажиллая” хэмээх санааг ажилчид баримталж бас дэвшүүлж байгаа. Энэ санаагаа бүх ажил үйлчилгээ нэгжүүддээ хэрэгжүүлж ажиллана. Хамгийн энгийн жишээ гэхэд л үйлчлүүлэгч ирээд цахим бүртгэлд бүртгүүлдэг, дараа нь эмчид очдог, шинжилгээний бичиг авдаг, авахын тулд дахин цахим бүртгэлд дугаарладаг гэх мэтчилэн асар их дамжлагыг дамжиж байж оношоо тодорхой болгодог. Харин манай эко эмнэлэгт ирээд цахим бүртгэлд нэг удаа бүртгүүлээд л шаардлагатай бүх шинжилгээгээ өгөөд явах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч бага зам туулж байна, үйлчилгээ сайжирч байна гэсэн үг. Ийм учир бүх салбар нэгжүүддээ энэ уриалгыг тавиад байна. Дашрамд хэлэхэд амбулаторийн 21 кабинет гэдэг маань нэгдсэн эмнэлэгийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа учир эх барихаас бусад бүх тусламж үйлчилгээг манайхаас авах боломжтой. Жишээлбэл манайх хавдрын кабинеттай учир заавал хавдрын эмнэлэг рүү явах шаардлагагүй. Мөн халдварт өвчин туссан бол заавал халдварт руу явалгүйгээр манайд оношлуулах боломжтой. Дээр нь манайх хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа учир Төрийн тусгай албан хаагчдын хүүхдүүд, хүүхдийн кабинетаар үйлчлүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх боломжтой болно. Удахгүй 20 ортой хүүхдийн тасаг нээгдэнэ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд 20 ортой тасаг нээгдэж байгаагаараа давуу талтай юм. 
-Хилчдэд тусгайлсан эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг үзүүлэх вэ? 
-Манай эмнэлгийн албан хаагчид Хил хамгаалах байгууллагаас цэргийн цол авч хувцас өмсөхөөр болсон. ХХЕГ-ын шууд удирдлаган дор очихгүй ч эх орныхоо дархан хилийг нүд цавчилгүй манан зогсоо эрэлхэг хилчидтэйгээ мөрдэс нэг хамт олон болно гэдэг их таатай сонсогдож байгаа. Энэ утгаараа бид илүү ойр дотно ажиллана гэсэн үг. Надад ирсэн мэдээллээр өнгөрсөн жил хилийн анги, застав, харуулуудад үзлэг шинжилгээ хийгдээгүй, цаашлаад сүүлийн хоёр, гурван ч жил хагас дутуу үзлэг хийгдсэн гэх мэдээлэл байна. Бид Хууль зүй, дотоод хэргийн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд 2017 онд хилийн бүх отрядын бие бүрэлдэхүүнийг зуун хувь эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэж тусгаж өгсөн. Үр дүнгийн гэрээнд орсон ажил бол зайлшгүй биелдэг учир хилчид маань эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт зуун хувь хамрагдана гэж ойлгож болно. Эмнэлэг дотор байдаг урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн бүтэц бүрэлдэхүүний хувьд 2012, 2013 онд байснаасаа бараг хоёр дахин их хүчин чадалтай болсон. Бүрэлдэхүүний хувьд бараг 30 орчим эмч сувилагч багтсан. Ийм томоохон хилийн бүлэг үүсч байна. Тиймээс  энэ хоёрдугаар сараас эхлэн хилийн ангиудад өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрнэ гэдгийг хэлэхэд таатай байна. 
-Хил хамгаалах байгууллага саяхан эрүүл мэндийн алба байгуулсан. Энэ албатай хэрхэн хамтарч ажиллах бол?
-Энэ албанд томилогдсоноосоо хойш хамгийн ойр ажиллаж байгаа газар бол ХХЕГ. Нэгдүгээрт бид цэргийн цолоо ХХБ-аас авч байгаа учир бидний хамтын ажиллагаа илүү ойр салшгүй холбоотой байна гэж бодож байна. ХХЕГ манай эмнэлгийн шинээр үүсгэн зохион байгуулж байгаа бүтэц бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, орчин нөхцөл бүрдэхэд бусад агентлагуудаа манлайлж, урайлж ажиллаж байгаад бид бүхэн талархаж байгаа. Шинээр авч байгаа Биохимийн анализаторийн урьдчилгаа төлбөр болох 20 гаруй сая төгрөгийг шийдэж өгсөн. Энэхүү аппаратыг ашигласанаар үйлчлүүлэгчдийн тоо эрс ихсэж, лабораторын чанар сайжирч өөр түвшинд очиж байна. Үүгээрээ бидний хамтын ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн үр дүн гарчихсан явж байна гэж хэлж болно. ХХЕГ-ын хувьд эрүүл мэндийн албатай болно гэдэг маш том давуу тал. Хилчид бол жилийн дөрвөн улиралд хамгийн хол алслагдсан, бартаа саад ихтэй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг учир албаны хэмжээнд илүү өргөн эмч, сувилагчийн бүрэлдхүүнтэй байх шаардлагатай. Бид ХХБ-ын албаны эмч нартай хамтарч хилийн отрядуудад эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийнэ. Мөн ХХЕГ-ын Эрүүл мэндийн албанд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдтэй манай эмч мэргэжилтнүүд хоорондоо сэлгэн ажиллаж, мэдлэг туршлага хуваалцах маягаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь Эрүүл мэндийн албанд ажиллаж байгаа эмч ажилчид маань өдөр тутам эмнэлгийн тусламж үзүүлэх талаасаа харьцангуй бага, тэр талын үйл ажиллагаанд оролцох нь ховор учир эмнэлгийн үйл ажиллагаанаас холдож хөндийрч магадгүй юм.
Ярилцсан Ахмад Ч.ӨЛЗИЙСАЙХАН
2017 оны 01 сарын 23 | Үзсэн : 1470