Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Fletcher School”, “Tufts University” сургуулийн магистр Б.Хонгорзул: ТАНАЙХАН ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ХҮМҮҮСЭЭ МЭРГЭШҮҮЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ
АНУ-ын Засгийн газрын “Фүлбрайт” хэмээх нэр хүндтэй тэтгэлэгт хамрагдаж, “Fletcher School”, “Tufts University” зэрэг сургуулийг Дипломат ажиллагаа, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн Бат-Ирээдүйн Хонгорзул хэмээх бүсгүйтэй уулзаж, монголчууд гадаадад боловсрол эзэмших боломж, нөхцөлийн талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсаа төлөөлж Япон, АНУ, Сингапур зэрэг олон улсад ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай Монголын гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон уулзаж байсан анхны Монгол хүн юм. Одоо Б.Хонгорзул эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрх ашгийг дэмжих сайн дурын ажлыг хийж байна. 
 
- Та олон нийтийн сүлжээ болон өөрийн хөтөлдөг блогоороо дамжуулан залуусын боловсролд чиглэсэн мэдээлэл хүргэдэг. Бусдад зөв мэдээлэл хүргэнэ гэдэг маш том өглөг гэж боддог юм.
- Миний ажигласнаар Монголын хүүхэд залуучууд бусад орныхонтой харьцуулахад нэлээн олон зүйлээр хоцорч явдаг. Ялангуяа мэдээлэл, боловсрол, хувь хүний хөгжлийн тухай монгол хэлээр мэдээлэл хомс. Энэ байдалд миний оруулж чадах хувь нэмэр гэвэл өөрийн гадаад хэл, гадна ертөнцийн танил тал, холбоосыг ашиглаж, залуучуудад хэрэгтэй байх болов уу гэсэн мэдээллийг судалж, орчуулж, боловсруулж, дүн шинжилжээ хийн, ойлгоход амар болгоод түүнийгээ хүргэхийг хичээдэг. Яагаад ихэвчлэн боловсролын сэдвийг хөнддөг вэ гэхээр миний ээж, аав хоёулаа багш мэргэжилтэй. Тиймээс боловсролтой л бол цаашаа явах бүх үүд хаалга нээлттэй гэдгийг сайн ойлгосон. Мөн өөрийн биеэр мэдэрч, эргэн тойрноосоо тийм үлгэр авдаг учраас энэ сэдэвт түлхүү ач холбогдол өгдөг юм.
-“Гадаадад магистрт суралцах арга зам” хэмээх номыг хандиваар босгож, залууст хүргэсэн. Энэ номынхоо талаар бидэнд сонирхуулахгүй юу?
- “Гадаадад магистрт суралцах арга зам” ном миний хөтөлдөг “www.khongi.com” блогоос улбаалсан гэж хэлж болно. Энэ номоор дамжуулан гадаадад суралцах сонирхолтой залуучуудын дунд байнга эргэлзээ төрүүлж байдаг асуудлуудыг хөндсөн. Мөн тэдэнд үнэн зөв мэдээлэл өгөхөөс гадна гадаадад магистрт суралцсан монгол залуучуудын талаарх мэдээллийг нэгтгэсэн юм. Ер нь номоороо дамжуулан залуучуудад боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг харуулах, урам зориг өгөхийг хүссэн. Уг номын хэвлэлийн зардлыг 100% хандиваар босгосон. Харин номын орлогыг сургууль завсардсан хүүхдүүдийг сургуульд явуулах төсөлд зарцуулах юм. Тэгэхээр сургууль завсардсан хүүхдүүдэд хичээлдээ явах боломж бүрдэж байгаа, мөн  ах эгч нар нь хайгаад олддоггүй мэдээллийг авч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх юм. 
-Гадаадад тэтгэлгээр суралцахад IELTS, IBT TOEFL зэрэг шалгалтын оноо зайлшгүй шаардлагатай гэдгийг хүн бүр мэддэг болсон байна. Харин олон нийтийн, сайн дурын ажил тэтгэлэгт хамрагдах бас нэг үндэс болдог гэдэг талаар мэдээлэл багатай санагддаг. Энэ талаар юу хэлэх бол? 
-Монголчуудын дунд түгээмэл байдаг нэг ташаа ойлголт бий. Хүмүүс IELTS, TOEFL-ийн оноогоо сайн авчихвал гадагшаа тэтгэлгээр явах боломж бүрдэнэ гэж ойлгодог. Гэтэл эдгээр шалгалтууд нь элсэлтийн комисст бүрдүүлж явуулах том багц материалын нэг л үзүүлэлт юм. Хэлний шалгалтын онооноос гадна ерөнхий мэдлэгийн шалгалтууд өгнө, эсээ бичнэ, хүмүүсээс өөрийнхөө тухай тодорхойлолт авна, анкет бөглөнө гэх зэрэг маш олон зүйлээс хамаарч таны сургууль болон тэтгэлэгт тэнцэх эсэх шийдэгдэнэ. Үүнд нөлөө үзүүлэх бас нэгэн хүчин зүйл бол таны хэлснээр нийгмийн идэвх, санаачилга юм. Тухайн хүний амжилтууд өөрийг нь хэн болохыг, хэрхэн тодорхойлж байгааг элсэлтийн комисс баталгаа, баримттайгаар харахыг хүсдэг. Тиймээс өөрийн хүрээнийхэн, цаашилбал нийгэмдээ үйлчилж, хувь нэмэр оруулснаа жишээгээр харуулах нь чухал. Нийгэмд чиглэсэн, сайн дурын ажил нь аль ч салбарын, ямар ч ажил байж болно. Гол нь өөрийн чинь оролцоо юу байсан, тухайн ажлын үр дүнд юунд хүрсэн гэдгийг товч, тодорхой ойлгуулах нь чухал. Манай Монголд одоогоор энэхүү нийгмийн идэвхт ажил өргөжөөгүй байгаа хэдий ч нэг үеэ бодвол залуучууд их санаачлагатай болж байгаа нь ажиглагддаг.
-Тэгвэл гадны сургуулийн тэтгэлэг зарлагдаж буй мэдээллийг хүүхдүүд  хаанаас авах боломжтой вэ. Тэтгэлэг зарлагддаг хугацаа гэж бас бий шүү дээ?
-Гадны тэтгэлэгт хөтөлбөр, гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сурах боломжийн талаар мэдэх хамгийн дөхөм эх сурвалж бол “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” гэх мэт өдөр тутмын сонин. Тэтгэлгүүдийн талаарх мэдээлэл хамгийн түрүүнд эдгээр сонинд тавигддаг. Хоёр дахь эх сурвалж нь тухайн тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байгаа байгууллага, Элчин сайдын яам болон тэтгэлгийн өөрийнх нь цахим хуудас юм. Монгол хүмүүст зориулагдсан хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл ихэвчлэн монгол хэлээр байдаг хэдий ч олон улсынх англиар байдаг. Гуравдахь эх сурвалж нь боловсролын үзэсгэлэн яармагууд. Эдгээр нь ихэвчлэн хотод зохион байгуулагддаг нь сул талтай хэдий ч боломж гарвал ирээд үзэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд хөтөлбөр бүр өөр. Тиймээс өөрийн сонирхсон хөтөлбөрийн хугацааг мэдэж, түүндээ тааруулж бэлдэх цаг хугацааг тооцоолоорой гэж зөвлөмөөр байна.
- Гадаад хэлийг сурах талаар хүн бүрийн арга барил өөр өөр байдаг. Харин интернэтийн ертөнцөөс үл хамааран, байгаа орчин нөхцөлдөө тааруулан хэлний түвшингээ хэрхэн дээшлүүлж болох вэ. Энэ тал дээр та зөвлөгөө өгөхгүй юу?  
- Хэл сурах нь өөрөө нэлээд тэсвэр, тэвчээр шаарддаг зүйл. Ер нь хэл сурах гэж байгаа хүн юуны өмнө түүндээ чин эрмэлзэл, урдаа тавьсан зорилготой байх нь чухал. Хэл сурахад хамгийн гол зүйл нь тууштай байдал. Монголчууд бид төдийгүй гадны хүн ч яаж сурах, тэр тусмаа цаг хугацаа хэмнэж, ядарч зүдрэлгүй сурах хамгийн амар хялбар арга юу болох талаар байнга асууж, лавладаг. Гэвч хэл сурах нь хүн бүрийн арга барил, хүлээж авах чадвар, авьяас билиг, хичээл зүтгэл гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас бүх хүнд таарах төгс төгөлдөр арга хараахан олдоогүй байна. Хэл сурахад маш олон зөвлөгөө өгч болох хэдий ч энэ удаа дараах гурван зүйлийг онцолъё. Нэгдүгээрт, гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл нь өөрийн төрөлх эх хэлээ сайн мэддэг байх. Өнөө цагт гадаад хэлтэй нь монгол хэлгүй, монгол хэлтэй нь гадаад хэлгүй болж байгаа дутагдал их ажиглагдаж байна. Эх хэлээ хоёрдугаарт тавьж болохгүй. Өөрийн хэлээ хэдий чинээ сайн гүнзгий, хэлзүйн дүрмийн дагуу мэднэ, гадаад хэл сурахад төдий чинээ амар хялбар болно. Хоёрдугаарт, аливаа хэлэнд үгийн баялаг маш чухал. Үг, хэллэгийг бүхэл бүхлээр цээжлэхээс өөр арга байхгүй. Ингэхийн тулд үг нүдэлж, шинээр сурсан үгийнхээ тайлбарыг бичиж, харагдах газар хадаж, байнга харснаар цээжлэгддэг талтай. Бас ой санамжид илүү хялбар үлддэг. Тиймээс толь бичигтэй дотно нөхөрлөх хэрэгтэй. Гуравдугаарт, сурч байгаа хэлээ аль болох байнга хэрэглэх хэрэгтэй. Эргэн тойронд байгаа зүйлсээ нэрлэхээс эхлээд дуу шүлэг цээжилж, тэмдэглэл хөтлөх нь их үр дүнтэй байдаг. Мөн өөрийн хэлний түвшинд таарсан орчуулга байнга хийвэл өөрийн хэлнээс гадна тухайн гадаад хэлний бүтэц, дүрмийг сайн ойлгодог болж, орчуулах ур чадвар сайжирна. Үүнээс гадна гадаад хэлээр ном сайн уншиж, мэдэхгүй үгээ тухай бүрт нь толь бичгээс харж, тэмдэглэх нь гэрэл, цахилгаан, интернэт гэх мэт өөрийн амьдарч буй орчин нөхцөлөөс үл хамааран хэл сурах арга юм.
-Та хүүхдүүдийн боловсролд чиглэсэн ажил хийхээс гадна эмэгтэйчүүдийн эрх ашиг, ажил эрхлэлтийн тал дээр түлхүү дугардаг хүний нэг гэж ойлгосон. Манайд “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” гэж бий. Хилчин бүсгүйчүүд маань нийгмийн хамгаалал, хүүхдийн хамгаалал, хөгжил гэх мэт олон ажлыг алслагдсан хөдөө орон нутагт санаачилан хийж байна. Харин үүнээс илүүг хийхийн тулд Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах нь зөв байх. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгөөч гэвэл...? 
-Монгол Улс хөгжиж байгаа учраас гадны хандивлагч байгууллагууд, Олон улсын байгууллагууд болон засаг хоорондын төсөл хөтөлбөрүүд их хэрэглэдэг. Эдгээр байгууллага болгон өөрийн гэсэн стандарт, журам, тогтсон хэв маягтай. Тиймээс тухайн зааварчилгаа, удирдамж дээр ямар шаардлага тавьсан байна, түүнийг дагах нь зөв. Гэхдээ төслийн санал бичих нь тийм амар зүйл биш л дээ. Ер нь тусдаа бие даасан салбар бөгөөд номын дууг нь сонсч, энэ тал дээр туршлагатай байж сайн бичнэ. Нэлээд ур чадвар шаардсан ажил. Төсөл бүр өөр учраас тэгж, ингэж бичнэ гэх ерөнхий зөвлөгөө өгөхөд хэцүү. Гэхдээ танайхан өөрсдийн холбооны үйл ажиллагаараа дамжуулан энэ чиглэлээр хүмүүсээ мэргэшүүлж болно шүү дээ. Тэгвэл илүү олон төсөл дээр ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь Олон улсын төсөл хөтөлбөрийн мэдээллийг хаанаас олж авах боломжтой вэ?
-Олон нийтэд нээлттэй төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн тухайн байгууллагын цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэлээр зарлагддаг. Тиймээс хэвлэл тогтмол захиалах нь үр дүнтэй. Мөн сүүлийн үед интернэт хил хязгаар хамаагүй холбож байгаа учраас цахим ертөнцийн мэдээллийг байнга хянах хэрэгтэй.
-Таныг олон ажил амжуулдаг гэж дуулсан. Ер нь өдрийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?
-Хүн зөвхөн өдөр тутмын ажлаа хийх нь тухайн хүний хөгжил, сэтгэл ханамжийн хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс би ажлынхаа гадуур ямар нэгэн зүйл хийж, ухаан санаагаа өөр юманд хандуулж сатаарах дуртай. Үр дүнд нь шинэ хүмүүстэй танилцаж, шинэ туршлагатай болдог. Цагийн менежментийн хувьд өмнөх туршлагадаа үндэслээд ямар ажлыг хэдэн цагийн дотор амжуулж чадах вэ гэдэг баримжаатай болдог. Түүн дээрээ үндэслэж ажлуудаа яаралтай, чухал, тайван хийж болох гэдгээр нь ангилаад, хамгийн түрүүнд гараас гаргах ёстой ажлаа хийдэг. Олон зүйл зэрэг амжуулахын тулд хамгийн гол нь ажлын цагт баригдах ёсгүй. Ажлаа тарж ирээд бага зэрэг амарчихаад суух, шөнө суух, амралтын өдөр ажиллах зэрэг бол залуу хүнд байх ёстой зүйл гэж боддог. 
-Хүмүүс цагаа юунд хий дэмий зарцуулж байна вэ. Таны цаг хэмнэх арга...?
-Миний хувьд цаг хэмнэх гол арга гэвэл хэрэггүй юманд “Үгүй” гэж хариулах асуудал байдаг. Өөрийн цагаас их хумслах хүмүүсийн гуйлт, үр ашиггүй наргиан цэнгээн, өөрийн хийж чадахгүй гэж бодсон зүйлээс зоригтой татгалздаг.Тэгснээр өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг гаргаж, түүнийгээ хэрэгтэй зүйлд зориулж чадна. Үүнээс гадна ямарваа нэгэн ажил хийж эхлэхээсээ өмнө бодох цаг гаргадаг. Энэ ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж болох талаар төлөвлөж, бодож үзэх нь илүү үр дүнтэй.Хийж чадах ажил байвал тийм, чадахгүй бол үгүй гэдгээ хэлчих хэрэгтэй. Ингэвэл аль, аль талдаа аливаа ажил амар хялбар бүтдэг. Залуучууд ихэвчлэн цаг заваа дэмий үрж буй харагддаг. Мэдээжийн хэрэг хүнд амралт, зугаалга хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ үнэтэй цагаа аль болох өөрийгөө хөгжүүлэх, ямар нэг ур чадвараа сайжруулах, спорт, урлагаар хичээллэхэд зарцуулаасай гэж хүсэх байна. 
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
Ярилцсан дэд ахлагч О.Баярмаа
2017 оны 01 сарын 31 | Үзсэн : 1018