Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХХЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭНД “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнд Хууль сахиулахын их сургуулиас “Хүндэт доктор” цол олголоо. Хууль сахиулахын их сургуулийг хөгжүүлэх үйл хэрэг болон боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дээрх цолыг хошууч генерал Ц.Сэргэлэнд олгосон байна.
Хошууч генерал Ц.Сэргэлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эх орон, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө бие сэтгэл, итгэл зүтгэлээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа Хил хамгаалах байгууллагын шилдэг удирдагчдын нэг билээ. Тэрбээр 1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийн Хилийн цэргийн командын ангийг төгсөж, улмаар 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн Команд штабын институт, ОХУ-ын Хилийн аюулгүй байдлын албаны академийн дээд курсийг Хилийн албаны оператив тактик, Арабын бүгд найрамдах Египет улсын Цагдаагийн академид террозимтэй тэмцэх ажиллагаа, Холбооны бүгд найрамдах Герман улсын Европын аюулгүй байдлын төвд кибер аюулгүй байдал, Шинэ Зеланд улсад цагаачлалын асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. 
Хошууч генерал Ц.Сэргэлэн нь 1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг онц дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгсөж, ажил амьдралын гараагаа Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн Бага хүрээгийн заставын орлогчоос эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр цагийн байдал ороо бусгаа, эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүнд үед улс орныхоо хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэргээ нэр төртэй биелүүлж, заставын орлогчоос заставын дарга, отрядын хилийн алба, уулзалтын ахлах офицер, боловсон хүчин, ангийн захирагч, ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч болтлоо дэвшсэн туршлагатай. Хошууч генерал Ц.Сэргэлэн 2009-2013 онд ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан ба 2016 онд дахин ХХЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн “Хүндэт доктор” цолоо хүлээн авсаныхаа дараа Хууль сахиулахын их сургуулийн хамт олонд хандан талархаж буйгаа илэрхийлээд Хил хамгаалах байгууллагын удирдлагаас Их сургуулийн боловсон хүчинг чадваржуулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, сургалтын орчин нөхцөлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Хил хамгаалах байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой, мэргэжлийн ур чадвартай, сэтгэхүйн өргөн цар хүрээтэй, хилийн албанд зүрх сэтгэлээ өгсөн ажилтнууд шаардлагатай. Өнөөдөр сурч байгаа сонсогчид та бүхнээс суралцаж байх хугацаандаа өөрийгөө дайчлан бидний хүсэн хүлээж байсан чадварлаг боловсон хүчин болж төгсөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
2017 оны 02 сарын 17 | Үзсэн : 1117