Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД ХУУЛИЙНХАА ЭХ БИЧВЭРИЙГ ГАРДАН АВЛАА
Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн чуулганаар шинэчлэгдэн батлагдсан “Монгол Улсын хилийн тухай хууль” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Хилийн боомтын тухай хууль хүчингүй болсон.
Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсан бөгөөд улсын хил хамгаалалт, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчийн нийгмийн асуудлаар 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулж, улсын хил хамгаалалтыг газар орны онцлогт тохируулан бүсчилсэн байдлаар зохион байгуулах, хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард иргэдийг гэмт халдлагаас хамгаалах асуудлууд болон улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төр, орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүн, иргэний эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн юм. 
Түүнчлэн улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг Хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн.
Монгол Улсын хилийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 05-ны хооронд хилийн 27 боомтын ажлыг хүлээлцэж, Шалган нэвтрүүлэх албаны хэвийн үйл ажиллагааг хангаад байна. 
 
 
2017 оны 03 сарын 11 | Үзсэн : 444