Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БОКСЫН УЛСЫН АВАРГА БОЛЛОО
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 02-ны хооронд Боксын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 33 байгууллагын 250 гаруй тамирчин эмэгтэй найм, эрэгтэй 10 жинд тулалдсан юм. 
Уг тэмцээнд “Хилчин” спорт хорооноос ОУХМ, ахмад Ж.Еркин дасгалжуулагчтай хоёр тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ аварга болж тэмцээний “Шилдгийн шилдэг” тамирчинаар шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд тулалдсан Ө.Батмөнх хүрэл медалийн төлөө тоглон ялагдаж тавдугаар байрт шалгарчээ. Т.Номин-Эрдэнийн хувьд ахмад Ж.Еркины анхны шавь нарын нэг бөгөөд боксын спортоор жил гаруй хичээллэж байгаа ирээдүйтэй тамирчин юм. Тэрбээр 14 настай бөгөөд жилийн хугацаанд бага насны УАШТ-ний алт, залуучуудын УАШТ-ний хүрэл, нэрэмжит тэмцээнүүдээс хэд хэдэн алтан медал хүртээд байгаа юм. 
Тэмцээний үеэр Монголын боксын холбооны удирдлагууд Т.Номин-Эрдэнийн богино хугацаанд гаргасан энэхүү амжилт, техник, авьяас чадварыг нь үнэлж, Насанд хүрэгчид болон Залуучуудын эмэгтэй шигшээ багийн бэлтгэл сургуулилтад хамруулах шийдвэрийг гаргаж, хилчин боксчдын залгамж халаа хүч түрэн орж ирж байгааг онцоллоо. 
 
2017 оны 04 сарын 06 | Үзсэн : 395