Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
МОНГОЛЫН ХУУЛЬЧ ЭРДЭМТЭД АНХ УДАА ЧУУЛЛАА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган тавдугаар сарын 23-ны өдөр ХСИС дээр боллоо. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд дээрх чуулганы ач холбогдол оршиж байгаа юм.
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” хэмээн онцлсон юм.
Дашрамд сонирхуулахад манай оронд 1960-аад оноос хойш өнөөг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг. Энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаар 160 гаруй эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай, залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.
Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар, хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг олон оронд мэргэжил дээшлүүлсэн монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байгаа билээ. 
2017 оны 06 сарын 01 | Үзсэн : 628