Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН ЦЭРГИЙН АНХНЫ АЛТАН ГАРТ СУВИЛАГЧИД
“Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд мөнхөрсөн Английн сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс тогтоосон байдаг. Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг "Сувилагчийн баяр" болгон тэмдэглэх, сувилагчийн ажил мэргэжлийг сурталчилах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз, асрагч эх нь гээд өвчтөнийхөө төлөө үдшийн бүрийгээс өглөөний нартай уралдан ажилладаг тийм л мэргэжил. 
Тавдугаар сарын 12-ны эл өглөө сэтгүүлч миний бие Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг /ТТАХНЭ/ зорьсон юм. Тус эмнэлэг Хилийн 0242 дугаар тусгай салбар болж, хилчдийн эгнээнд нэгдэж, цагаан халаадтай чагнуур барьсан хос тангарагтан, хилчид болсон билээ. 
Ийнхүү хилчин сувилагчдынхаа баярын өдрийг сурвалжлахаар зорьж очсон юм. Мөн Хилийн цэргийн Лазарет байх үеэс өдгөө дахин хилийн цэргийнхээ харьяанд ирэх хүртэл тасралтгүй 40 орчим жил ажилласан, хилийн цэргийн анхны мэргэжлийн дипломтой сувилагчид болох Б.Тунгалаг, Г.Бямбасүрэн, В.Лхамсүрэн гэх гурван гол дүрийн бүсгүйтэй уулзахаар цаг тохиров. 
Өглөөний 08.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үүдийг татахуйд цагаан халаадтай эмч нар өөрийн дотны туслагч, баруун гар болсон сувилагчдаа баярлуулахаар алга нижигнүүлэн тосон авч, чихэр жимсээр дайлж дээшээ дээшээ хэмээн хүндэтгэн хүлээн авч байлаа. Цааш алхвал жүжигчин Ц.Цэрэнболд цагаан сарнай сувилагч бүсгүйчүүдэд өргөн барьж, эмнэлгийн дарга баяр хүргэн дотно тэврэлт бэлэглэх нь тэр. Энэ мөчид ХЦДБЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, цагаан халаадтай хос тангарагтнууд маань хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн цангинан дуулалдан хөөр дүүрэн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх аж. Мөн энэ цаг мөчид мэргэжилдээ эзэн байж, сувилагч хэмээх хүндхэн бөгөөд хүндтэй албанд хүчин зүтгэж яваа сувилагчдын төлөөллөөс шагнаж урамшуулж байлаа. Тэднийхээ энгэр юугаа мялаасан гавьяаг дурдвал, Монголын сувилагчдын нийгэмлэгийн /МСН/ “Ард түмний гавьяат” сувилагчаар М.Энхмаа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Д.Ариунаа, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Г.Даариймаа, МСН-ийн “Алтан гарт” сувилагчаар Э.Буянхишиг, ХХЕГ-ын “Хилчний алдар-III” медалиар Б.Отгонтуяа, ХХЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр В.Лхамсүрэн, С.Цэрэнсодном, Сувилахуйн амьдрал төвийн “Аврахуйн үйлстэн” сувилагчаар Х.Мягмарсүрэн, ХХЕГ-ын “Хилийн төлөө” тэмдгээр Н.Түмэнбаяр, МСН-ийн “Хүндэт жуух” бичгээр П.Эрдэнэтулга, М.Мэнджаргал, Э.Алтанзул нар баярынхаа өдөр шагнуулсан юм. 
Шагнагдсан сувилагчдын баярт үйл явдлаас гадна ТТАХНЭ-ийн зүгээс сувилагчдынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, дадлага хийх боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн “Сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх” төвийг байгуулсан байлаа. Энэ төв нь бусад эмнэлгийн байгууллагад бараг байдаггүй гэдгээрээ бас давуу талтай аж. Ер нь эмнэлгийн байгууллага эмч нарын суралцах боломж, мэргэжил дээшлүүлэх дээр ихээхэн анхаардаг байсан. Харин одоо цагт сувилагч гэдэг эмчийн салшгүй нэг багийн гишүүн гэж үздэг болсон. Тиймээс ТТАХНЭ олон улсын байгууллагатай хамтран гадны улсаас сувилагч урьж туршлага солилцуулах, гадны болон дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гээд олон ажлуудыг зохион байгуулж байна. Дэлхийн жишигт эмч нараасаа сувилагч нар нь гурав дахин их байдаг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд хоёр дахин их аж. Сувилагчийг тариа тарьдаг, бумба тавьдаг, бариа засал хийдэг хүн л гэж ойлгодог. Гэтэл эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод ирсэн эхний өдрөөс эцсийн мөч хүртлээ авах тусламж, үйлчилгээг сувилагч үзүүлдэг. Магадгүй, хэн нэгнийг энэ ертөнцөд ирэхээс нь өмнө бас буцсаны дараа сувилагч хүн л хамгийн эхэнд зогсож байдаг гэж хэлж болно. Яаж гэхээр, ураг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс тухайн эмэгтэйг сэтгэл санаагаа хэрхэн тайван байлгах, ямар дасгал хийх, аавд нь архи, тамхи зэрэг буруу зуршлаа орхих талаар зааж зөвлөдөг бол хорвоогоос буцсаны дараа ч ар гэрийнхнийх нь сэтгэл санааг тайвшруулахад тэд л оролцдог. Иймдээ ч АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийн нэгт сувилагч багтдаг аж. Ийнхүү эмнэлгийн байгууллагын гол цөм нь болсон сувилагч нартаа эрүүлийг хамгаалах их үйлст нь амжилт хүсэн, талархан мэхийе. 
 
ХИЛИЙН ЦЭРГИЙН ХҮН ЭМНЭЛГИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН БҮСГҮЙЧҮҮД
Хилчин сувилагчдынхаа баярыг хуваалцахын зэрэгцээ Хилийн цэргийн хүн эмнэлгийн түүхийг бичилцсэн бүсгүйчүүдтэйгээ уулзах, дурсамж юуг нь хуваалцахаар энд ирсэн гэдгээ дээр дурдсан билээ. Намайг очиход Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн ахлах сувилагч В.Лхамсүрэн, Эмчилгээ, тусламж үйлчилгээний чанарын албаны лавлагаа ажилтан сувилахуйн магистр, АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын багш Г.Бямбасүрэн нар угтан авсан юм. Харин ТТАХНЭ-ийн ээлжийн сувилагч Б.Тунгалаг эгч Цэргийн госпитальд ээлжтэй байгаа тул баяртаа хүрэлцэн ирж чадаагүй гэдгээ дуулгалаа. ТТАХНЭ-ийн хэвтэн эмчлүүлэх ор одоогоор ашиглалтад ороогүй байгаа тул түр тэнд ажиллаж байгаа аж. Тиймээс Б.Тунгалаг эгчтэй ажлын байран дээр нь очиж хүүрнэхээр тохиролцсон юм. Хилийн цэрэг, хилийн цэргийн хүн эмнэлэг гээд ярихаар л гурван бүсгүй минь догдолж, залуу насандаа эргэн очсон мэт сэтгэгдлийг надад үнэхээр тэд гүн үлдээж чадсан юм. 
Хилийн цэргийн Лазарет буюу Хилийн цэргийн эмнэлэг 1980 онд анх мэргэжлийн дипломтой хоёр сувилагч сургуульд нь захиалж авсны нэг нь Б.Тунгалаг, Д.Нарантуяа нар аж. Үүнээс хойш хоёр жил дараалж 1981, 1982 онуудад Г.Бямбасүрэн, В.Лхамсүрэн нараар мэргэжлийн сувилагчийн хүрээгээ тэлжээ. Ийнхүү тэд Хилийн цэргийн эмнэлгээс ажил амьдрал, хамт олны гараагаа эхэлж, цэргийн эмнэлгийн салбарт 35-37 жилийн нүүрийг үзэж буй арвин туршлагатай сувилагчид болсон байна. 
1980 онд Б.Тунгалаг, Д.Нарантуяа нарыг Анагаах ухааны их сургуулиас Лазарентийн орлогч дарга, хошууч Д.Адууч судлан авч, дэслэгч генерал Ш.Арвайгаас үүрэг авч ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. Д.Нарантуяагийн хувьд мэргэжлээрээ ажиллаж байгаад хувийн салбарт шилжсэн байна. Харин одоо гурван сувилагч бүсгүйчүүд буурай сахин, олон арван шавь нар төрүүлэн, ажил мэргэжилдээ эзэн болон сууж байна. Хилийн цэргийн анхны дипломтой сувилагч хэмээх тод үсгээр бичигдэх Б.Тунгалагийн хувьд 37 жил тасралтгүй ээлжинд явж буйгаараа онцлог. Энэ олон жил тасралтгүй ээлжинд явж буй сувилагч Улаанбаатар хотод хоёрхон байдгийн нэг Б.Тунгаа юм. Харин В.Лхагвасүрэнгийн хувьд жирийн сувилагчаас мэдээгүйжүүлэлтийн сувилагчийн нарийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний ахлах сувилагчаас Сувилахуйн албаны дарга хүртэл дэвшин ажилласан байна. Одоо ТТАХНЭ–ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн цусны сувилагч хийдэг. Г.Бямбасүрэнгийн хувьд сувилахуйн магистр зэрэг хамгаалахын зэрэгцээ АШУҮИС-ийн төгсөлтийн дараах багшийн ажлыг хийж байна. Тулгын гурван чулуу шиг үлдсэн сувилагч бүсгүйчүүдтэй хууч хөөрөх төдий л өөрсдийгөө гэхээсээ илүүтэй Хилийн цэргийн Лазарент хэмээх 60 албан хаагчтай анхны хамт олон дарга нараа дурсан ярьж хоолой зангирах нь олонтоо. Тухайн үеийн эмнэлгийн удирдлагууд болох Эмнэлгийн дарга хурандаа М.Аюуш, тасгийн эрхлэгч, ахмад Я.Тойвгой, Ш.Лхагва, Ө.Цэнд нар гээд олон сайхан дарга нар болон тосон авсан хүн бүхэнд одоо хүртэл талархаж явдгаа дахин дахин уламжилна. Үнэхээр сургуулийн ширээнд заасан эрдмээс нь илүүтэй олон зүйлийг тэд зааж, амьдралд хөтлөн оруулсан буянтай хамт олон ажээ. Хилийн цэргийн Лазарент гэдэг бусад эмнэлгээс жижиг боловч мэс засал, дотрын тасагтай. Том эмнэлэгт л байдаг шүдний бүрэн багаж хэрэгсэлтэй, рентген аппараттай, ариутгалын өрөөтэй гээд ажиллах, хүнээ эмчлэх бүрэн цогц үйлчилгээтэй хүчирхэг эмнэлэг байсан аж. Ихэнхдээ хил дээр алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид болон сонсогч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байж. Одоо цаг хуучин цаг үеийг бодоход алба хаагчдын, тоног төхөөрөмж хэд дахин сайжирсан үе. Тухайн үед эмчээсээ сувилагч, асрагч хүртэл өөрт ямар л боломж бололцоо байна түүнийгээ дайчлан ажилладаг байжээ. Ямар сайндаа цус алдаад ирсэн цэргүүдэд сувилагч нар нь зэрэгцэж хэвтээд цусаа өгдөг. Мөн эмч нараа дагаад хил тойрон үзлэг оношилгоо хийж хэдэн сараар явдаг байсан гээд хил хилчидгүй залуу насны дурсамж тэдэнд цөөхөн ажээ. Тиймдээ ч яам командлалын шийдвэрээр НАХЯ, Цэргийн госпиталийн харьяалагдан шилжсэн хэдий ч өдий болтол хилийн цэрэг гэхээр сэтгэл нь догдолдог басхүү хилийн цэргээс өвчтөн ирлээ гэхэд ах дүү нь ирсэн юм шиг дотно санагдаж, асарч сувилдаг гээд тэдэнд хилийн цэргийн гэсэн бүхэн үнэ цэнэтэй. Одоо 30 жилийн дараа ТТАХНЭ нээгдэж, хилийн цэргийн гэх тодотголтой болж дахин хилийн цэрэг хэмээх эрхэм айлынхаа нэрээр овоглогдох болсондоо тэд тунчиг баяртай байгаагаа дуулгаж байсан юм. Хилийн цэргийн Лазарентийн түүх архивын худаснаа шарлаж үлдсэн ч энэ хамт олныг 30 гаруй жилийн турш сэтгэлдээ тээж, дурсаж үлдсэн хилийн цэргийн анхны дипломтой алтан гарт сувилагчидтай ийнхүү баярынх нь өдөр дурсамж юугаар нь багахан аяллаа. Энэ эмнэлгийн алтан түүхийн нэгэн хэсэгт хамт байсан, хилийн цэргийн хүн эмнэлгийн түүхэнд нэр нь зүй ёсоор дурсагдан үлдэх та гуравтаа ажлын амжилтыг хүсэн ерөөе. 
2017 оны 06 сарын 01 | Үзсэн : 585