Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Эетэн” хамтлагийн ахлагч, ахлагч Т.АМАРТӨР: БИД БОЛ СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧ
Өдгөөгөөс зургаан жилийн өмнө ХЦДБЧ-т “Эетэн” хэмээх үндэсний хөгжмийн хамтлаг мэндэлж, хилчдийнхээ сонорыг морин хуурын аялгуугаар мялааж байсан. Анх гурван морин хуур, нэг их хууртай үндэсний хөгжмийн дөрвөлөөр байгуулагдсан тус хамтлагт лимбэ, цохивор хөгжимчид нэмэгдсэнээр одоо морин хуурч, ахлагч Г.Мягмардорж, морин хуурч, ахлах ахлагч Э.Чинзориг, морин хуурч, их хуурч, ахлах ахлагч С.Эрдэнэбулга, лимбэ хөгжимчин Д.Гансугар, цохивор хөгжимчин П.Цогтбаяр болон хамтлагийн ахлагч, ахлагч Т.Амартөр нарын авьяаслаг залуус “Эетэн” хамтлагийг бүрдүүлж байна. Тус хамтлаг 2012 онд буюу жилийнхээ ой дээр “365” хэмээх тоглолтоороо “Эх орны манаа” сонины уншигчидтай уулзаж байсан билээ. Энэ удаад тэд “Түүхийн салхи” хэмээх бие даасан тоглолтынхоо дараа уншигчидтайгаа ахин уулзаж байна.
 
-“Түүхийн салхи” тоглолт маш сайхан болж өнгөрлөө. Та бүхэн тоглолтын онцлох зүйл, сонин сайхнаас хуваалцаач?
-Бид анхны тоглолтоо ХЦДБЧ-ынхаа соёлын төвд хийж байсан. Тэр үед зөвхөн хилчиддээ хүргэж байсан бол “Түүхийн салхи” тоглолтоо илүү олон нийтэд хүргэх зорилготойгоор Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа. Бид хилчиддээ соёл урлагаар үйлчлэх үүрэгтэй. Түүнээс гадна Монголын ард түмэнд ХХБ-аа сурталчилах том зорилго өвөртөлж яваа. Үүний нэг хэсэг нь бидний тоглолт байлаа. “Түүхийн салхи” тоглолт ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт бидний зохиосон аянууд тоглогдсон бол хоёрдугаар хэсэгт хүмүүст хэдийн хүрчихсэн уран бүтээлүүдийг өөрсдийнхөөрөө найруулан хүргэсэн. Танхим дүүрэн үзэгчид халуун алга ташилтаар сайхан хүлээж авсан шүү. Тоглолтод маань чуулгын хөгжимчид, бүжигчид, дуучид оролцож уран бүтээлээ толилуулсан. Мөн ХЦДБЧ-ын дарга, хурандаа Б.Ганхуяг, уран сайхны удирдагч, ахмад Б.Болдбаатар болон удирдлагууд бидэнд үнэтэй зөвлөгөө, шинэ санаа өгч маш сайхан тусалсан. ХЦДБЧ-аас гадна ХХБ-ын нэр гарч байгаа учир аливаа уран бүтээлийг хийхдээ цогцоор нь чанартай хүргэх тал дээр анхаарахаас гадна тайз засал, хувцас хэрэгсэл гэх мэтчилэн нөр их ажилд тусалсан хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
-Тоглолт шинэ уран бүтээлүүдээр дүүрэн байсан байх. Хамтлагийнхаа урын санд хэчнээн уран бүтээлтэй болсон бэ?
-Одоогоор 30 гаруй уран бүтээлтэй болсон байна. Тоглолтын дараа уран бүтээлчид ихэвчлэн хэсэг хугацаанд амардаг. Бидний хувьд тоглолтоос авсан эрчээрээ дараагийнхаа уран бүтээл рүү орж байгаа. Шинэ бүтээлүүдээрээ CD гаргах, клип хийлгэх ажлуудаа төлөвлөж байна.
-Үндэсний хөгжмийн хамтлагуудаас “Эетэн” хамтлаг юугаараа онцлог бол?
-Манайх аль ч хамтлагтай адилхан биш, өөрсдийн гэсэн хөг аялгуутай. Морин хуурч, их хуурч, ахлах ахлагч С.Эрдэнэбулга маань хөгжмийн зохиол бичдэг. Тийм болохоор “Эетэн” гэх өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн аялгуутай. Цаашид хэн ч бидний хөгжмийг сонсоод “Эетэн” хамтлаг байна гээд таньдаг болохын тулд тасралтгүй зүтгэнэ. Морин хуур бол монгол ахуйг илэрхийлсэн үндэсний сайхан хөгжим. Орчин үеийн хэв шинжтэй аялгуу ч бүтээж болно. Энэ хөгжмөөрөө их бахархдаг. Хилчид хилээ манадагтай адил үндэснийхээ соёлын өвийг хамгаалж яваа болохоор бид бол соёлын өв тээгчид. Бидний хийж байгаа ажил соёлын хилээ манах нэг хэлбэр юм.
-Ингэхэд “Эетэн” гэх нэрний утга учрыг тайлбарлавал?
-Эетэн гэдэг нь нэг санаа зорилготой гэсэн үг. Ингэхэд энд нэг зүйлийг залруулмаар байна. Манай хамтлагийн эмблемийг хүмүүс “Монгол” гэж уншаад байдаг. Сайн харвал ХХБ-ыг илтгэсэн оройд нь шонхор шувуу дүрслэн “Эетэн” гэж хамтлагийнхаа нэрийг бичсэн байгаа юм шүү. 
Морин хуурч, их хуурч ахлах ахлагч С.ЭРДЭНЭБУЛГА: ЭХ ОРНЫ МААНЬ БАЙГАЛЬ НАДАД СЭДЭЛ ӨГДӨГ
-Хамтлагийн бүхий л хөгжмийг бичихийн хажуугаар ХЦДБЧ-т таны оруулсан хувь нэмэр чамгүй юм билээ. Уран бүтээлийнхээ санааг хаанаас олдог вэ?
-Монгол Улсынхаа хилийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа миний хувьд их бахардаг. Хилээ тойроод явж байхад эх орны маань байгаль надад сэдэл өгдөг юм. Байгалийн онцлогуудыг бодож, албаныхаа онцлогийг өөр өөр өнцгөөс харж аялгуундаа дүрслэмж оруулан шингээж бичихийг зорьдог. Чуулгынхаа уран бүтээлүүдэд ч өөрийн өнгө аясаа оруулж өгөхийг хүсдэг дээ. Тийм болохоор дууны програм, бүжгийн ая гээд ажиллаж буй бүтээл болгондоо өнгө аясаа шингээж өгөхийг хичээж байна. “Түүхийн салхи” тоглолтын дараа уран бүтээлүүд дээр хамтран ажиллах санал их ирэх болсон. Тиймээс өөрт байгаа чадвараа мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд намраас СУИС-д хөгжмийн зохиолчийн мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа.
-Ярилцсан та бүхэнд баярлалаа. 
 
2017 оны 06 сарын 12 | Үзсэн : 331