Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСАГ ХИЛЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ТАЛААР ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хилийн отряд заставын зэрэглэл”, “Хилчний хувцас хэрэглэл, хүнсний хангамжийн норм, хилийн нэмэгдлийг тогтоох тухай” тогтоолуудыг хэлэлцэн баталсан юм. Уг тогтоолуудын талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэнгээс тодрууллаа.
 
-Засгийн газрын хуралдаанаар батлагдсан тогтоолуудыг батлах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар та хилчиддээ мэдээлэл өгнө үү?
Хил хамгаалах байгууллага 2017 онд “Улсын хил хамгаалалтын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэн, албаны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар Хилийн тухай хууль шинэчлэн батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хуулийн 34.4, 33.2 дахь хэсэгт хилийн отряд, заставын зэрэглэл, хилчний хилийн нэмэгдэл, цалин, хангамж, материал хэрэгслийн хангалтын норм хэмжээг Засгийн газар тогтоох эрх зүйн үндэслэлийг хуульчлан баталгаажуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Хилийн отряд, заставын зэрэглэл, хилчний хувцас хэрэглэл, хүнсний хангамжийн норм, хилийн нэмэгдлийг тогтоох тухай” тогтоолуудыг баталлаа.
-Өмнө нь хилийн отряд, заставын зэрэглэл, хилийн нэмэгдлийг хэрхэн тогтоож байсан бэ?
Хилийн отряд, заставын зэрэглэл, хилийн нэмэгдлийг 1986 онд тухайн үеийн хилийн нөхцөл байдалд үндэслэн зөвхөн өмнөд хилийн отрядуудад НАХЯ, Сангийн яамны сайдын хамтарсан А/16, Н/259 дүгээр тушаалаар тогтоосон байдаг. 1992 оноос Монгол Улсын хилийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийгмийн өөр тогтолцоонд шилжих үед хойд хил дээр шинээр хилийн отряд, заставууд байгуулагдаж тэдгээрийн зэрэглэл, хилийн нэмэгдлийг дээр дурдсан хамтарсан тушаалд нийцүүлэн тухайн үеийн ХЦУГ, ХХЕГ-ын даргын тушаалуудаар тогтоон өнөөг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд мөрдөж байна.
Дээр дурдсан хилийн тухай хуулийн үндэслэл, практик шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газраас “Хилийн отряд, заставын зэрэглэл”, “Хилчний хувцас хэрэглэл, хүнсний хангамжийн норм”, хилийн нэмэгдлийг шинэчлэн тогтоож баталлаа. Энэ тогтоолд хилийн отряд, заставын зэрэглэлийг бүсчилсэн хил хамгаалалтад нийцүүлэн хариуцсан хилийн хэсгийн цагийн байдал, байгаль цаг уур, физик газарзүйн онцлог, байршил, дэд бүтэц, албаны ачаалал зэргийг харгалзан хилийн отрядуудад нэгдүгээр, хоёрдугаар гэсэн зэрэглэл тогтоож, нэгдүгээр зэрэглэлд нийт хилийн отрядуудын 20.6 хувийг, хоёрдугаар зэрэглэлд 79.2 хувийг тус тус хамруулсан. Хилийн заставуудад онцгой нөхцлийн, нэгдүгээр, хоёрдугаар гэсэн зэрэглэл тогтоож, онцгой нөхцлийн зэрэглэлд нийт хилийн заставуудын 17.7 хувийг, нэгдүгээр зэрэглэлд 46.9 хувийг, хоёрдугаар зэрэглэлд 35.4 хувийг тус тус хамруулсан.
Хилийн отряд, заставуудын зэрэглэлд үндэслэн Засгийн газрын тогтоолоор хилчдийн хилийн нэмэгдлийг үндсэн цалингаас нэгдүгээр зэрэглэлийн хилийн отрядад 20 хувь, хоёрдугаар зэрэглэлийн хилийн отрядад 15 хувь харин онцгой нөхцлийн зэрэглэлийн хилийн заставт 50 хувь, нэгдүгээр зэрэглэлийн хилийн заставт 40 хувь, хоёрдугаар зэрэглэлийн хилийн заставт 30 хувь хүртэлх хэмжээгээр тооцож олгохоор тогтоосон.
Хилийн цэргийн штаб, Улаанбаатар хүрээний хилийн анги, салбарын албан хаагчид улсын хилд тасралтгүй нэг сараас дээш хугацаагаар томилогдон ажилласан тохиолдолд тухайн отряд, заставын зэрэглэлээр хилийн нэмэгдлийг тооцож олгохоор шийдвэрлэсэн.
Мөн тодруулж хэлэхэд, өмнө нь хилийн нэмэгдлийг олгохдоо алба хаагчдын ажилласан хугацааг харгалзан тооцдог байсан бол шинэ тогтоолоор тухайн отряд заставт томилогдсон өдрөөс эхлэн дээр дурьдсан хувиар тооцож олгохоор тогтсон.
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын ач холбогдлын талаар тодруулж хэлнэ үү?
Монгол Улсын Засгийн газраас баталсан энэхүү тогтоолууд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа үед, улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой, шударга болгоход чиглэгдсэн чухал шийдвэр боллоо. Олон давуу тал байна. Ганцхан жишээ хэлэхэд хилчдийн цалин нэмэгдэж, цалингийн дунджаар бодогддог 36 сарын тэтгэмж, тэтгэвэрийн хэмжээ өндөр болж байгаа юм. Манай хилчид талархан хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Энэ боломжийг ашиглан Засгийн газрын тогтоолуудыг боловсруулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, дэмжиж ажилласан ХЗДХЯ-ны удирдлага, хамт олонд “Эх орны манаа” сониноор дамжуулан чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ярилцсан Ч.ӨЛЗИЙСАЙХАН
2017 оны 06 сарын 22 | Үзсэн : 476