Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН: ХХБ ХҮНС, ХУВЦАСНЫ ХАНГАЛТЫН НОРМЫГ ЦАГ ҮЕТЭЙ НИЙЛҮҮЛЭН ИЛҮҮ ХҮНРҮҮГЭЭ ЧИГЛЭН БОЛОВСРУУЛСАН
“Хилчний хувцас хэрэглэл, хүнсний хангамжийн нормыг тогтоох тухай” тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Энэ тогтоолын талаар Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнгээс тодруулсан юм. 
 
-Хилийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар хилчний нийгэм хамгаалал, материал хэрэгслийн норм хэмжээг шинэчлэх хууль, эрх зүйн үндэс нь бүрдэж өгсөн. Үүний дагуу хилчний хувцасны, эдэлгээний хугацаа, норм Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа.
-Монгол Улсын Хилийн тухай хууль батлагдсанаар хилчдэд олон давуу тал ирж байгаа юм. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Бүсчилсэн хил хамгаалалттай уялдуулан хилчний хилийн нэмэгдэл, цалин, хангамж, материал хэрэгслийн хангалтын норм, хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан. Үүний дагуу бидний өргөн барьсан тогтоол 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Урд нь бид Батлан хамгаалах яам, ЗХЖШ зэрэг хүчний байгууллагуудтай адил нэгдсэн нэг нормыг мөрддөг байсан. Нэгдсэн нэг нормоор явахаар хилийн отряд, заставын офицер, ахлагч нар улсын хилд хоногт олон цагаар үүрэг гүйцэтгэдэг, нар салхинд явдаг, ингэхдээ хээрийн хувцсыг өдөр тутам хэрэглэдэг. Мөн говь, цөлийн бүсийн хужир, хатуулаг ихтэй ус, уулын бүсийн хад асга, ой тайгын бүсийн намаг, чийгтэй байдлаас үүдэн хилчдийн хувцас, хэрэглэл хугацаанаасаа өмнө элэгддэг, хувцас нормдоо хүрдэггүй нөхцөл бий болоод байсан юм. Тэгвэл хуулийн дагуу хилчид тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаас бие даасан хувцас хэрэглэл, эдэлгээний хугацаатай болж байгаа юм. Ингэхдээ эдэлгээ, нормыг гурав ангилж өгсөн. Тодруулбал, нэгдүгээр нормд хилийн заставын офицер, ахлагч нар багтаж байна. Энд хээрийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг багасгаж хоёр жил,  албаны хувцасны эдэлгээний хугацааг нэмэгдүүлж дөрвөн жил болгосон. Хоёрдугаар нормд, отрядын төвийн офицер ахлагч нар багтаж байгаа бөгөөд албаны болон хээрийн хувцас гурав, гурван жил боллоо. Гуравдугаар нормд, Улаанбаатар хүрээний ангиуд орж байна. Энд нэгдүгээр нормын эсрэг байхаар зааж өгсөн. 
-Дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа үүрэг гүйцэтгэж буй нөхцөл байдалтай нь уялдаж өөрчлөгдөхөөс гадна сайжруулсан сайн материалаар  хийгдсэн хувцас, гутлаар хангагдах  болсон. Энэ талаар?
-Цэргийн хувцасны үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал юм. Үнэ цэнэ гэдэг материалдаа байдаг. Хувцасны материал хэдий чинээ хямд байна төдий чинээ хувцас үнэгүйддэг. Харин чанар нь сайжраад ирэхээр үнэ цэнэтэй болдог. Тиймээс чанартай, өнгө үзэмж сайтай, эдэлгээ урттай, үнэ цэнэтэй байх нь чухал. Цэргийн дүрэмт хувцасны өнгө, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталчихсан. ХХБ энэ стандартын дагуу хувцасны чанар үзүүлэлтэд нийцэхүйц жишиг материалаар хийж эхэлж байна. Мөн гутлын чанар үзүүлэлтэд ихээхэн анхаарч, АНУ-ын цэрэг армид хэрэглэдэг стандартын гутлыг бүсчилэн хангахаар болсон. Сайжруулж шинэчилсэн гутал, хувцасны материалын чанар стандарт албаны шалгуур үзүүлэлтэд хэр нийцэж буй нь тодорхой хугацааны дараа харагдана. 
-Хилчдийн хүнсний хангамжийн нэр төрөл, норм мөн адил шинэчлэгдсэн. Ямар өөрчлөлтүүд орсон бэ? 
-Засгийн газрын 2003 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан хүнсний нормын дагуу хилчдийн хүнсний хангалтыг зохион байгуулж байсан. Хилчдийн хүнсний хангамжийн хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран явуулсан судалгааны ажил, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Монгол хүний хоол тэжээлийн физиологийн норм”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн, мэргэжлийн байгууллагатай хамтран хүнсний нормыг боловсруулж шинэчилсэн байгаа. Монгол Улс 15 жилд нэг удаа “Монгол хүний хоол тэжээлийн физиологийн норм”-ыг судалж, баталж гаргадаг. Энэ нь тухайн үеийн нийгэмтэйгээ уялдан хийгдэх шаардлагатай асуудал. Дэлхий нийтээрээ эрүүл мэндийн байгууллага  мах, махан бүтээгдэхүүн, транс тос, давс, сахар, өөх тос, химийн найрлага бүхий төрөл бүрийн амтлагчийн хэрэглээг хязгаарлаж байна. Харин аминдэм, витаминаар баялаг хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа. Бид ч гэсэн энэ зарчмыг баримталж, мах өөх тосны хэрэглээг багасгаж, амин дэмээр баялаг, дархлаа сайжруулсан жимс, ногоо сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг 21-25 нэр төрлөөр олшруулахаар тусгасан. Монгол Улсад 2003 онд батлагдсан Хүнсний нормтой харьцуулахад орон нутгийн дэд бүтэц хөгжсөн, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширсон, хямд зардлаар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, чанарыг нь алдагдуулахгүйгээр тээвэрлэх, удаан хугацаагаар хадгалах боломж бүрдсэн зэрэг олон давуу тал бий болсон. Тиймээс хилчдийн хувьд ч гэсэн амин дэмээр баялаг, эрүүл мэндэд хэрэгтэй хүнсний нормыг хэрэглэх нь зүйн хэрэг юм. Шинэчилсэн нормын дагуу хилийн отряд заставыг  хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах үүднээс зориулалтын хөргөгч, тоног төхөөрөмжөөр хангана. Хилчний хүнсний нормыг дөрөв ангилсан. Тухайн застав хэддүгээр нормоор хангагдана яг тэр нормоор заставын офицер, ахлагч гээд бүгд ижил байна. Хүнсний хангалтын зааврыг ХХЕГ-ын даргын тушаалаар боловсруулж тун удалгүй гаргана. Ер нь бол шинэ норм батлагдсанаар хилчид орчин үетэйгээ хөл нийлүүлсэн материал хэрэгслээр хангагдана гэсэн үг юм. ХХБ хүнс, хувцасны хангалтын нормыг цаг үетэй нийлүүлэн илүү хүн рүүгээ чиглэн боловсруулсан.
Ярилцсан дэд ахлагч О.БАЯРМАА
2017 оны 06 сарын 22 | Үзсэн : 434