Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД АРД ИРГЭДТЭЙ ХАМТРАН ТҮЙМЭР УНТРААХ АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатжээ. Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгуулж, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм.  
Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна. Мөн ХЗДХ-ийн салбарын 30 гаруй мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Хилийн анги, салбаруудын хариуцсан хэсэгт гарч буй ой, хээрийн түймрийг унтраахад орон нутгийн ард иргэд болон Онцгой байдлын байгууллагатай хилчид хамтран ажиллаж байна. Тухайлбал, зургадугаар сард Хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг унтраахад найман автомашинтай 75 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг нэг автомашинтай 10 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан ойн түймрийг морин уналгатай есөн алба хаагч, долдугаар сард Хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг унтраахад хилийн анги, салбараас гурван автомашинтай 25 алба хаагч тус тус ажиллажээ. 
Хуурайшилтаас үүдэн зургаа, долдугаар сард гарсан түймрийг хилийн анги салбаруудаас нийтдээ 12 автомашин, 100 гаруй хилчид, орон нутгийн Онцгой байдлын байгууллага болон ард иргэдтэй хамтран унтраалаа. 
Дашрамд дурдахад, сүүлийн 56 жилийн зургадугаар саруудаас хамгийн халуун сар энэ жил тохиож байна.
 
2017 оны 07 сарын 19 | Үзсэн : 235