Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал долдугаар сарын 21-нд Д.Сүхбаатарын талбайд болж Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын цэргийн алба хаагчид оролцсон юм. Цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хэлсэн үгэндээ,
“...Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе. 
Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.
“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж байна” хэмээгээд цаашдын ажил албанд их амжилт хүсэн ерөөсөн юм.
2017 оны 07 сарын 24 | Үзсэн : 376