Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИН ТАМИРЧДЫН ДУНДААС МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ
2017 оны наймдугаар сарын 02. Энэ өдөр монгол түмэн цоо шинэхэн хөдөлмөрийн баатраа өлгийдөн авлаа. Монгол цустай, монголоо гэсэн сэтгэлтэй, спортод элэгтэй бүхний магнай тэнийн баярласан. Тэр дундаа хилчид маань уухай түрэн баярласан. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хилчдийн маань дундаас төрлөө шүү дээ. Хэвлэлийн тэргүүн хуудаснаа хилчин тамирчны маань зураг нийтлэгдэж, сошиал ертөнц даяар түүний тухай шуугисан. Үнэхээр сайхан. Баярлахгүй, бахархахгүй, омогшихгүй байхын аргагүй үйл явдал. 
Монгол Улсын Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн зүтгэлийг нь үнэлэн олимпийн хүрэл медальт, МУГТ, дэд хурандаа С.Батцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. 
Энэ өдөр төрийн ордны гадаа шинэхэн баатраа тосох ачит багш, ах дүү, анд нөхөд, ард түмний цуваа тасраагүй. Баглаа цэцэг, баярын инээд, амжилт хүссэн ерөөлийн үгс хөвөрсөн түүхэн өдөр байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй цолыг гардуулан өгөх үеэрээ “Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө. Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна. С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан. Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй” хэмээв. 
Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар, Хилийн цэргийн анхны эмэгтэй тамирчин болов. Түүнээс өмнө дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнхбат, ХХ зууны Монгол Улсын манлай тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ.
Өдгөө 27 настай С.Батцэцэг 2006 онд сумынхаа Д.Дондов багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэнээс хойш энэ спорттой амьдралаа холбожээ. Улмаар 2010 онд ДАШТ-д түрүүлэхдээ Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн амжилтын буухиаг нь 35 жилийн дараа үргэлжлүүлсэн юм. Чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн гурав дахь дэлхийн аварга болсон түүний энэ амжилтыг төр засгаас үнэлж Гавьяат тамирчин цол олгож байв. 
Хоёр жилийн дараа болсон “Лондон-2012”-ын хүрэл медалийн төлөө барилдаанд дэлхийн гурван удаагийн аварга бөхийг ялж, түүхэн амжилт үзүүлжээ. Учир нь түүнээс өмнө чөлөөт бөхөөр эмэгтэйчүүд олимпоос медаль аваагүй байсан юм. Гавьяат маань дараа жил нь дэлхийн дэвжээнд үзүүрлэн, 2015 онд амжилтаа ахиулж, хоёр дахь удаагаа түрүүлж, дэлхийн хошой аварга болсон билээ.
 
2017 оны 08 сарын 03 | Үзсэн : 233