Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ГАШУУНСУХАЙТ БООМТООР НЭВТРЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахин хэрэгжүүлж эхэлсэн. 
Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр аливаа хүндрэл, бэрхшээлгүйгээр шуурхай шалган нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байна. 
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж боомтоор нэвтэрч байгаа зорчигч болон хүнд даацын автомашины жолооч нарын бухимдлыг ихээр төрүүлдэг байсан. Тухайлбал, эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины жолооч урт дараалал үүссэний улмаас нэг удаа хил гарахдаа дунджаар 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байв. Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгууллаа. Өмнө нь зөвхөн хоёр урсгалаар гарах чиглэлд баримт бичгийн шалгагч нар ажиллаж жолооч нар өөрсдөө ирж штампаа даруулдаг байсан бол гарах чиглэлийн зургаан эгнээнд шалгагчийн кабин байгуулснаар илүү шуурхай үйлчлэх боломжтой болж байгаа юм. 
Жолооч кабинаасаа буулгүй  хамгийн ихдээ нэг минутын хугацаанд штампаа даруулдаг болсон нь цаг хугацааны хувьд өмнөхөөсөө хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 3000 орчим автомашиныг нэвтрүүлэх боломжтой боллоо. Мөн орох чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон тус бүрт баримт бичгийн шалгагчийн кабин байгуулж, зорчигчдын тээврийн хэрэгслийг ч түргэн шуурхай нэвтрүүлж эхлээд байгаа юм. 
Баримт бичгийн шалгагчийн кабины нээлт энэ сарын 03-ны өдөр болсон бөгөөд ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр,  Хилийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Батхүү, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Сугир, Эрдэнэс тавантолгой ХК-ний ачилт, экспортын ахлах мэргэжилтэн Э.Ариунболд болон тус боомтын харилцан ажиллагаатай байгууллагын удирдлагууд оролцлоо. 
Тус кабин нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан, шаардлагатай програм бүхий компьютер, гэрэл дохио, агааржуулагч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан гэдгээрээ онцлогтой. Үүнийг дагаад алба хаагчдын ажиллах орчин эрс сайжирч байгаа юм. Суурийн хэсгийг бүрэн цутгаж бат бөх байдлаар хийсэн нь ямарваа нэгэн осол гарахад аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж хэлж болно. Эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км дараалан зогсч байж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэснээр тус боомтоор экспортлож байгаа эрдэс баялагаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм. Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна.
 
2017 оны 08 сарын 07 | Үзсэн : 411