Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХОШУУЧ Д.СУМЪЯА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Хилийн 0208 дугаар салбар буюу “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, монгол түмнээ баярлууллаа. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д МУГТ, хошууч Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч ялав. Аваргын алтан медалийн төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид өөрийн жингийнхээ бүх жүдочдийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт гоц мөргөн, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч П.Ньетог, хоёрдугаар тойрогтоо Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Харин хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү Жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2 минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон бөгөөд ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх монгол жүдоч боллоо.

2017 оны 08 сарын 31 | Үзсэн : 265