Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
II ЭЭЛЖИЙН ГЭРЭЭТ ХИЛЧИД СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ
Хил хамгаалах байгууллагын Гэрээт хилчний 2017 оны II ээлжийн сургалтын  төгсөлтийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт есдүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Төгсөлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, гэрээт хилчдийн ар гэрийнхэн оролцож, баяр хүргэлээ.
Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчний 2017 оны II ээлжийн анхан шатны сонгон шалгаруулалтад 160 гаруй цэргийн албан хаагч хамрагдсан юм. ХХБ-д гэрээгээр алба хаах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, хугацаат цэргийн албанаас гэрээт хилчний албанд шилжих хүсэлт ихэссэн талаар Цэргийн сургалт албаны зохион байгуулалтын хэлтсийн офицер, хурандаа Ц.Эрдэнээ онцолж байлаа. 
Тус сургалтад Улаанбаатар хот болон орон нутгаас нийтдээ 110 гаруй гэрээт хилчид хамрагдсан ба 14 хоногийн хугацаанд 12 төрлийн 96 цагийн сургалт бэлтгэлд хамруулж улсын хилд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай онолын болон дадлагын мэдлэгийг олгожээ. 
Сургалт Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдсан ба сургалтын төвийн салаадын хооронд урлагийн үзлэг, бие бүрэлдэхүүний дунд волейболын аварга шалгаруулах тэмцээн, гэрээт хилчдийн дунд “Миний эх орон” сэдэвт эссэ, “Би чадна” цэрэгжүүлсэн буухиа, эрх зүйн хичээлээр “АХА” зэрэг соёл олон нийтийн уралдаан тэмцээнийг үндсэн сургалтын хажуугаар зохион байгуулсан байна. 
Сургалтаа амжилттай төгсөж, гэрчилгээгээ гардан авсан гэрээт хилчид 2017 оны есдүгээр сарын 06-ны өдөр хилийн отрядуудад хувиарлагдан үүрэг гүйцэтгэж эхлэх аж.
2017 оны 09 сарын 04 | Үзсэн : 202