Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
СҮЛДЭТ БАГАНЫН ТАЛБАЙД СҮР ЖАВХААТ 84 ЖИЛЭЭ УГТЛАА
Орчин цагийн Хил хамгаалах байгууллага 84 жилийн тэртээ байгуулагдаж Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хил хязгаарыг бататган өнө мөнхөд тасралтгүй хамгаалсаар ирсэн. Эх орноо хамгаалах ариун үүргээ үе үеийн хилчид нэр төртэй гүйцэтгэж, өнөөгийн бидэнд халаагаа өгсөн билээ.
Есдүгээр сарын 17-ны өдөр Сүлдэт багана цогцолбортоо Хил хамгаалах ерөнхий газар болон Улаанбаатар хүрээний хилийн ангиудын бие бүрэлдэхүүн Туяа тоонд бэлэн жагсжээ. Энэ жил хилчид 84 жилийн ойгоо өмнөх жилүүдээс өвөрмөцөөр тэмдэглэв. Жигдрэн жагссан хилчид энэ өдөр эгнээнээсээ төрсөн тив дэлхий, улсын аваргууддаа хүндэтгэл үзүүлэн баяр хүргэхийн сацуу шинээр байгуулагдсан Хилийн 0208, 0224 дүгээр тусгай салбарынхаа тугийг хүлээн авч залсан нь орчин цагийн Хил хамгаалах байгууллагын бас нэгэн шинэ хуудсыг нээж буйг илтгэнэ. 
Баярын жагсаалыг Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав командлан Хилийн цэргийн командлагч туяа тоог эхлүүлснээр Сүлдэт багана цогцолборт шинэ цагийн хилчид сүр хүчээ гайхуулж ёслолын буудлага буюу салютын гэрэлд яралзтал алхана. Баярын цуурайтай зэрэгцэн Хилийн 0224 дүгээр салбар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж баярын уур амьсгалыг нэмж байлаа.
Монгол Улсыг мөнх оршог гэсэндээ хилчид жилийн 365 хоногийн хором, мөч бүрт дархан хилийн халдашгүй байдлын төлөө нэгэн зорилго зүтгэлээр ирээдүйдээ тэмүүлдэг. 84 жилийн ойтойгоо учран золгосон хилчид эх орныхоо газар шороог өнөөг хүртэл найдвартай хамгаалж ирснээ тунхаглан баярын жавхаатайгаар өөрсдийн босгосон Сүлдэт баганыхаа өмнө жагсаж, өнгөрсөн түүхийнхээ яруу алдарт хилчдийг дурсан, угтах ирээдүйдээ эх орныхоо хилийн ариун дархан байдлын төлөө зүтгэхээ илэрхийлж их түүхийнхээ өмнө ёслолын буудлагыг ийнхүү үйлдлээ. 
Он цагийн хүрдэнд эргэлдэх хилийнхээ торгон зурвасыг тодоос тод зурж, ирээдүйд бидний үүргийг өвлөх хилчиддээ 8252 км хилийн зурвасыг сэвтээлгүй бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийн өмнө энэ цагийн хилчид бид бэлэн байна.
2017 оны 09 сарын 17 | Үзсэн : 280