Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
УЛСЫН ХИЛИЙН МУЗЕЙД СОЁМБОТ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарлиг ёсоор Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг болох Дорнод аймгийн нутаг Соёлз уулын Модтой хамар, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой, баруун захын цэг Алтай таван богд уулын Цаст даваа, хойд захын цэг Монгол шарын даваанд мөнхлөн үлдээсэн билээ. Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон хилийн шугам байдаг. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршдог хил залгаа улсууд олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажин, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог. 1921 оны Ардын хувьсгалын түүхэн гавьяа нь дэлхийн олон улсын тавцанд тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсыг дахин гаргаж улсын хил хязгаар, газар нутаг, ард түмний уламжлалт зан заншил, өв соёлыг баттай авч хадгалж үлдээсэнд оршдог. 1962 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр /хуучин нэрээр/ “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ” батлуулж, 1964 оны зургадугаар сарын 30-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан. БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хилийн тухай “Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ. 
1962 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн гарын үсэг зурсан хоёр улсын хилийн гэрээ нь НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны аравдугаар сарын 9-нд бүртгэгдсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байдаг. 
Монгол, Оросын хил нь Монгол Улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1727 оны Буурийн гэрээ, “Хиагтын гэрээ”, 1864 оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон. Энэ тогтоогдсон хилийг баримтлан Монгол Улсын хойд хил нь /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд батлуулсан 1958, 1976 оны хилийн гэрээн дээр шинэчилэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд хоёр улсын хилийн тухай 1958 оны гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-1979 онд хийгдэж, улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд дуусгасан байна.
Ийнхүү Монгол Улсын хил зуу зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар XX зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон байна. Улсын хилийн музейд энэхүү Соёмбот хөшөө сүндэрлэж, музейн сан хөмрөгт хосгүй сайн бүтээл нэгээр нэмэгдэж байгаад хилчид баярлаж байна. Соёмбот хөшөөг уран барималч ТШ, УГЗ Л.Ганхуяг бүтээжээ.
2017 оны 10 сарын 05 | Үзсэн : 174