Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Шинэхэн хөдөлмөрийн баатартаа халуун баярыг хүргэе
Монгол хүн бүрийн царайд өнөөдөр баярын мишээл тодорч байна. Нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүйгээр хамтдаа баярлаж байна. Учир нь монголчуудын хайртай тамирчин Доржсүрэнгийн Сумъяа “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” гэх эрхэм цолыг хүртэж байгаа юм. Спорт гэдэг хүн бүрийг, дэлхий нийтийг нэгтгэж чаддаг тийм л увидастай. Хил хамгаалах байгууллага, хилчдийн хувьд эгнээнээсээ дахин нэг Хөдөлмөрийн баатрыг төрүүлж чадсан бахархалт өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цол хүртээх зарлигтаа “Жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, эх оронч үзлийг залуу үедээ үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ий алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ий хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ий гурван удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатрын одонгоор шагнасугай” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Д.Сумъяа 26-хан насандаа  ахадмаар амжилт гаргасныг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт өсвөр залуу үеийнхэн, хүүхэд багачуудад эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр дуурайлал болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү” гэж хэлсэн юм. 
Ингээд Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч Д.Сумъяадаа хилчдийнхээ өмнөөс халуун баярыг хүргэе.
2017 оны 11 сарын 01 | Үзсэн : 65