Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар нар энэ сарын 02-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь үндсэн мэргэжлийн, төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтний магистр, докторын зэргийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг стандартын дагуу чанартай зохион байгуулж, мэдлэг чадвартай эмч бэлтгэх, хилийн ангиудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд эмч нарыг хамруулан чадавхжуулахад орших юм. 
Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд ХХБ-аас өгсөн захиалгын дагуу мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад ХХЕГ-ын болон хилийн отрядын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг хамруулах, доктор, магистрын сургалтад хамрагдаж буй суралцагчдын төлбөрийг 30 хүртлэх хувиар хөнгөлөх талаар тусгажээ. Уулзалтын үеэр АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар “Хил хамгаалах байгууллагын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарах болно. Бидний хамтын ажиллагаа амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлсэн юм.
2017 оны 11 сарын 03 | Үзсэн : 126