Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Ч.ЖАЗАГ АГСАНЫ НЭРЭМЖИТ ТАНХИМ НЭЭГДЛЭЭ

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ инновацийн газар, Хүндэт хилчин, түүхийн ухаан доктор, Гарваа овогт Ч.Жазагийн гэр бүлийн санаачилгаар тус сургуульд түүний нэрэмжит ёс зүйн танхимыг арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Ч.Жазаг агсаны гэр бүл, үр хүүхэд, хамтран ажиллаж байсан нөхдөөс нь гадна түүний номын садан болох Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, Б.Догмид, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хүрэлцэн ирсэн юм. Ч.Жазаг нь 1967 оноос Хил хамгаалах байгууллага болон МАХН-ын төв хороо, Цагдаагийн дээд сургууль, хувийн хэвшилд тасралтгүй 49 жил  ажилласан. Тэрбээр улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, хилчдийг сургаж хүмүүжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Түүний бичсэн есөн боть “Гэгээн судар” ном залуу хойч үеийг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Шинжлэх ухааны ажилтны өдөр нээлтээ хийсэн уг танхим нь цаашдаа ХСИС-ийн эрдэмтэн багш, сонсогч, суралцагчдын ном хаялцдаг, алжаалаа тайлдаг, хичээлээ давтдаг гэгээн өргөө байх болно.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СГЗ Т.ГАЛСАН: -Ч.Жазаг агсан ардын уран зохиолч, СГЗ Б.Догмидтой цуг санхүүгийн сургууль төгссөн. Тэрбээр бидний бичээгүй цоо шинэ судар бүтээсэн юм. Ч.Жазаг агсан хэл шинжлэл, гүн ухааны эрдэмтэн биш атлаа хүн болохын тулд юу хэрэгтэй вэ гэсэн гол сэдвийг дэлхийн гүн ухаантнуудын бүтээлээс түүвэрлэж аваад “Гэгээн судар” номоо бүтээсэн байдаг. Хууль сахиулахын их сургууль ийм гайхамшигтай эрдэмтнийг төрүүлсэнд баяр хүргэе. Цаашид сургуулийнхаа сургалтын програмд түүний зохиосон есөн боть “Гэгээн судар” номыг оруулж, нийт сонсогчдоороо уншуулаарай гэж хэлмээр байна. Бурхан хүнийг бүтээсэн. Хүн номыг бүтээсэн. Бурхан нар бүтээсэн. Тэр нар хүнийг гаднаас нь гэрэлтүүлдэг. Харин хүний бүтээсэн ном дотроос нь гэгээрүүлдэг юм шүү. Тийм л нарыг энэ орчлонд бүтээж үлдээсэн хүн бол Ч.Жазаг юм.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦ-Би Ч.Жазагтайгаа багш шавь болон ном үзэж эхэлснээс хойш нөхөрлөсөн. Түүнд их сайхан чанар бий. Ямар ч ажлыг орхигдуулахгүй гүйцэлдүүлдэг. Ч.Жазаг маань дөрвөн хүүхдээ их сайхан хүмүүжүүлсэн. Түүний бичсэн ном ирээдүйн залууст оюуны  маш их хөрөнгө оруулалт болсон юм шүү. Монгол хүнийг хүн болгох талаар би Ч.Жазагийг дуурайж нэг ном тууривсан. Гэхдээ яг түүний хэмжээнд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ийм гайхамшигтай хүнтэй нэгэн цаг үед нөхөрлөж явсандаа бахархаж явдаг шүү.

ГЭРГИЙ С.ДҮҮРИЙМАА:-Өнөөдөр ханийнхаа нэрэмжит танхимыг ХСИС-д нээлээ. Энэ танхим сурах мэдэхийг эрхэм зорилгоо болгосон хэн бүхэнд нээлттэй, ая тухтай орчин үүсгэхийг бид хичээнгүйлэн зорьсон. Хэн бүхэнд үргэлж нээлттэй байхуйц өвөрмөц шийдэлтэй танхим маань мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, боловсролоо ахиулж, эрдмийн зэрэг цол горилж, шалгалт шүүлгэндээ бэлтгэж буй эрдэм номын хорхойтнуудын тухлах дуртай орчин нь байгаасай. Цаашид “Гарваа” сангаас ХСИС-ийн ахисан түвшний академик боловсрол эзэмшиж байгаа сонсогч нараас жил бүр нэг төгсөгчийг шалгаруулж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Ч.Жазаг агсны нэрэмжит мөнгөн шагнал, алтан медаль олгож байхаар болж байна.

2017 оны 11 сарын 27 | Үзсэн : 90