Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХУРАНДАА Д.МӨНХЧУЛУУН: ЦАХИМ ГАРЦААР 3-5 СЕКУНДЭД НЭВТЭРНЭ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар зорчиж буй Монгол Улсын иргэд цахим гарцаар хэрхэн нэвтрэх, хаана бүртгүүлэх талаар Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнхчулуунаас тодрууллаа.

-Цахим бүртгэлийн системийн талаар танилцуулахгүй юу?

-Зорчигч өөрөө өөрийгөө шалгах горим бүхий цахим гарц системийг БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлуулсан.  Уг гарцаар 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн  гадаад паспортын хүчинтэй хугацаандаа хилээр хэдэн ч удаа шалгалтгүйгээр нэвтрэх боломжтой. Энэ нь тухайн зорчигчдын цаг хугацааг хэмнэсэн арга хэмжээ юм.

-Цахим гарцыг албанд ашигласнаар ямар үр дүн гарах вэ?

-Өнөөдөр тус боомтоор оргил ачааллын үед өдөрт 74 орны 3700-4500 зорчигч, 10 орны 28-35 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Ачаалал багатай өвлийн саруудад өдөрт 43 орны 2500-3000 зорчигч, зургаан орны 17-25 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Хилээр нэвтэрч буй зорчигчид баримт бичгийн шалгагчийн кабинд дугаарлан зогсоод штамп даруулахад багагүй цаг хугацааг зарцуулж байна. Харин цахим гарцаар нэвтэрснээр 3-5 секунд болох юм.

-Хөшигтийн хөндий рүү олон улсын нисэх буудал нүүнэ. Тэнд уг гарцыг ашиглах уу?

-Цаашид цахим гарцыг тогтмол ашиглана.

-Цахим гарцаар нэвтрэхийн тулд хаана хандаж бүртгүүлэх вэ?

-“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хоёр газарт бүртгэлийг хийж эхлээд байна. Шалган нэвтрүүлэх албаны паспорт шалгах цэгт, мөн ачаа тээшийн бүртгэлийн цэгт хийж байгаа. Та бүртгүүлэхээр ирэхдээ Монгол Улсын үндэсний гадаад паспортыг авч ирэхэд болно.

 

2017 оны 11 сарын 29 | Үзсэн : 139