Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилийн 0168 дугаар анги хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Эрэлхэг хилчин Э.Халтарын нэрэмжит боллоо
Г.ДАВААТОГТОХ
 
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 85 тоот тогтоолоор Хилийн 0168 дугаар анги хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Эрдэнэцогтын Халтарын нэрэмжит боллоо. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Э.Халтар нь 1917 онд одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт төржээ. Тус ангид 1941-1945 онд отрядын даргаар ажиллаж байсан бөгөөд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт отрядыг удирдан чөлөөлөх дайнд оролцсон түүхэн үүргийг гүйцэтгэсэн байна. 
1945 оны чөлөөлөх дайн эхлэхэд Э.Халтар даргатай дугаар отрядын хилчид байлдааны ямар ч үүргийг биелүүлэх чадвартай болсон байв. Тус отряд Өвөр Монголын Улаанцавын чуулганы нутагт 76 хоног байлдааны үүрэг гүйцэтгэхдээ чуулганы долоон хошууг бүрэн чөлөөлж, Батхаалга хотыг Хятадын Ардын чөлөөлөх Армийн мэдэлд шилжүүлж, Японы тагнуулын бүлэг болон орон нутгийн хэд хэдэн дээрэмчдийн  зэвсэгт  бүлгийг  устгаж,  дайсны  хамсаатан олон зуун этгээдийг баривчилжээ. Тэдгээрээс Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан японы найман офицер, тэдний хамсаатан болон халхын оргодол 50 гаруй этгээдийг баривчилж байсан түүхтэй. Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн Э.Халтарын байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавъяаны одон”-гоор хоёр удаа, “Алтан гадас одон”-гоор хоёр удаа, “Зөвлөлт холбоот улсын улаан тугийн одон”, “Байлдааны медаль”, “Бид ялав медаль”, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар шагнасан байна.
Энэхүү түүхэн гавьяатай хүний “Нэрэмжит болсон тухай” тогтоолыг хүлээн авах ажиллагааг 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ангийн байрлал дээр ёслол төгөлдөр зохион байгуулан явууллаа. Арга хэмжээнд Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр, ангийн захирагч, хурандаа П.Батбилэгт тогтоолыг ёслол төгөлдөр гардуулан өгч хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Эрдэнэцогтын Халтарын нэрэмжит анги болсныг албан ёсоор зарлалаа.  Хүндэт зочдоор хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Э.Халтарын хүү бэлтгэл дэд хурандаа Х.Баатар, үеэл дүү Ж.Галнэмэх, бэр Г.Энхцэцэг, ач охин Д.Цолмон, хүргэн С.Зоригтсайхан, Дорноговь аймгийн тагнуулын газрын дарга, хошууч М.Очирбат, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга Х.Эрдэнэболд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхцэцэг болон ахмад хилчид уригдсан. Энэ үеэр бэлтгэл дэд хурандаа Х.Баатар Хилийн 0168 дугаар ангийг аавынхаа нэрэмжит болж байгаад талархаж аавынхаа өмсөж хэрэглэж байсан гитель, одон тэмдэг, офицер цүнхийг хөрөг зургийн хамт гардуулан өгч ангийн хамт олон Хил хамгаалах байгууллагын удирдлагад баярлаж байгаагаа илэрхийллээ.
Ёслолын арга хэмжээний хүрээнд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Э.Халтарын алдар гавьяа, түүхэн замналыг сурталчлан таниулах, хилийн заставуудаас нэрэмжит манаа томилох зэрэг арга хэмжээг ангийн төв, хилийн заставуудад зохион байгуулсан.
Бэлтгэл дэд хурандаа Х.Баатар: 
-Миний аав 1945 оны чөлөөлөх дайнд Хилийн 0168 дугаар ангийг командлан бие даан оролцож японы тагнуул, эх орноосоо урвагсадыг устгахад маш их гавьяа байгуулсан хүн. Өнөөдөр отрядыг аавын минь нэрэмжит болгож байгаад үр хүүхэд бид туйлын их баяртай байна. Би 1979 онд Хилийн цэрэгт орсон юм. Аавтай минь ажиллаж явсан нөхөд нь их сайхнаар дурсан ярьдаг. Нөхөддөө байнга л зөвлөж, зааж байдаг хүн байсан талаар нь ярьдаг. Аав минь үр хүүхдүүддээ, хамт ажиллаж буй нөхөддөө өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг хүн байсан тул ийм сайхан нэр хүндтэй дурсагдаж яваа байх. 
2018 оны 01 сарын 25 | Үзсэн : 625