Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
СОЛОНГЫН ӨНГӨӨР ЧИМСЭН ТОГЛОЛТООР ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮДЭД БЭЛЭГ БАРИЛАА
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин МУСТА, ахлах ахлагч Л.Уранболор, ахлагч Ц.Туяацэцэг, дуучин ахлах ахлагч Ц.Мөнгөнчимэг, Г.Наранчимэг, Д.Мөнхтуяа, Н.Наранцацрал, ахлагч М.Отгонжаргал нар хамтран эрийн түшиг гэрийн чимэг, төрлийн язгуур төрийн тулгуур болсон эрхэмсэг Монголжингоо, хилчин эмэгтэйчүүддээ “Солонго” уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барилаа. Тус тоглолтыг “Солонго” хэмээн нэрлэх болсон шалтгаан нь дуурийн дуучин, уртын дуучин, эстрад дуулаачийн мэргэжлээр төгссөн өөр өөрийн гэсэн өнгө аястай долоон уран бүтээлчид хамтарч стил жанрын хувьд долоон өөр өнгө аясыг гарган дуулж байгаа учраас ийнхүү нэрлэжээ. Мөн тэртээ 1965 онд зохиогдсон Л.Мөрдоржийн хөгжим М.Чимэддоржийн шүлэг “Солонго” дууг дуулахаар сонгож тухайн нэрээр тоглолтоо “овоглосон” байна. 
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Соёлын төв”-ийн тайзан дээр солонгын өнгөөр гоёсон бүсгүйчүүд цээл сайхан хоолойгоор үзэгчдийн сэтгэл, зүрхийг хөглөн байхад огторгуйн солонго тэдний хооронд татаж байх шиг үзэсгэлэнтэй. Энэ л солонго дээгүүр цэцэг барьсан хилчин бүсгүйчүүд “чухам хэзээ, хаана ийм сайхан тоглолт үзэж байснаа сэтгэлээсээ уудлаад олсонгүй” тухай ярьж байна билээ. Хил хамгаалах гэгээн үйлсэд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн алхаж, тэдний найдвартай ар тал нь болдог хилчин бүсгүйчүүд маань энэ өдөр чин сэтгэлээсээ баярлаж догдолж байсан юм. Ийнхүү цаг наргүй ажилладаг хилчин бүсгүйчүүдийн халуун алга ташилт, инээд баясал дунд явагдсан тус тоглолтыг ХЦДБЧ-н найруулагч хошууч У.Пүрэвсүрэн найруулжээ. 
Тоглолт дууссаны дараа дуучин, уран бүтээлч долоон бүсгүйг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны “Хүндэт жуух” бичиг, Хилчин эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, “Хилчний алдар” тэмдгээр шагнаж урамшуулсан билээ.
2018 оны 03 сарын 05 | Үзсэн : 467