Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЗАВХАН АЙМГААС ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340, Увс аймагт байрлах Хилийн 0311 дүгээр ангийн хилийн заставуудад ажиллалаа. Завхан аймгаас цэргийн алба хааж буй цэрэг дайчидтай уулзаж Засаг дарга өөрийн гарын бэлэг, ар гэрээс нь явуулсан бэлэг, захидал зэргийг гардуулан өгч тэдний санаа сэтгэгдлийг нь сонсож, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, аймгийн ХЖТ-ийн уран бүтээлчдийн тоглолтоор үйлчлэв. 
Цэрэг дайчид маань албаа амжилттай хаах өндөр сэтгэл зүйтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагдсан байгаа нь харагдаж байсан юм. 
Мөн цэрэг эргэх ажиллагааг зохион байгуулж байгаад анги байгууллагын удирдлагаас ихээхэн сайшааж, цаг улирлын энэ хүнд нөхцөлд бэрхшээл саадыг үл харгалзан эх орны торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн хөвгүүдээ эргэж байгаад орон нутгийн удирдлагад гүнээ талархаж буйгаа илэрхийлэв. 
Аймгийн Засаг даргын зүгээс анги салбарын бүтээн байгуулалт, цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцлийг сайжруулах талаар хийж байгаа ажилд нь дэмжлэг  болох үүднээс тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, дэд хурандаа Ц.Нацагдорж, хошууч Г.Бавуудорж, аймгийн Засаг даргын туслах Б.Хосбаяр, аймгийн ХЖТ-ийн гоцлол дуучин СТА н.Одмаа, дуучин н.Нямсүрэн, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Галбаяр, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Галцог, жолооч П.Бямбасүрэн, Б.Ариунбат, н.Дарханбаатар нар ажиллав.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ 
2018 оны 04 сарын 12 | Үзсэн : 180