Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хууль сахиулахын их сургуулийн “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий аваргууд тодорлоо
Хууль сахиулах салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиг үүрэг бүхий Хууль сахиулахын их сургуулийн 2018 оны аварга шалгаруулах “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” Гачууртын Гүнжийн хоолой дахь сургалт, бэлтгэлийн төвд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн нь Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, албан хаагч, сонсогчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, цэргийн мэргэжлийн онцлог, ур чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлдгээрээ ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, албан хаагч, сонсогчдоос бүрдсэн 18 багийн 300 гаруй тамирчин оролцож, цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн. 
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, нормативт дасгалуудыг гүйцэтгэх, автомашинд бууж, суух, хайрцагтай сум зөөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, буудлага үйлдэх, нуувчнаас гранат шидэх, ерөнхий цэргийн саадыг туулах, химийн норматив гүйцэтгэх гэсэн төрлөөр зохион байгуулсны зэрэгцээ багш, ажилтан, албан хаагчдын баг зургаан километр замыг туулсан бол сонсогчдын баг 10 километр замыг туулж, таван цэг дээр дасгал, норматив гүйцэтгэлээ. 
Тус тэмцээний тэргүүн байранд Хилийн 0345 дугаар анги буюу Хилийн сургуулийн баг тэргүүн байр эзэлж, дэд байрт Хууль сахиулахын удирдлагын академийн суралцагчдын баг, гуравдугаар байрт Цагдаагийн сургуулийн баг шалгарсан. Мөн сонсогчдын ангилалд нийт есөн баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн нэгдүгээр баг шалгарсан бол хоёр, гуравдугаар байрт Хилийн сургуулийн нэг, хоёрдугаар багууд шалгарав. Тэмцээний нийлбэр дүнгээр доктор, профессор, хурандаа В.Жавхланцогт захиралтай Хилийн сургуулийн баг тамирчид цэргийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлсэн байна.
2018 оны 04 сарын 25 | Үзсэн : 366