Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилчид сайн үйлсийн аянд
Монгол Улсын хэмжээнд долдугаар сард усархаг аадар бороо ихэнх нутгаар орж, нийслэл хот төдийгүй аймаг, сумдын барилга байшин, зам гүүр үерт автсан. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зарим ангиудын жагсаалын талбай, албаны өрөө тасалгаа, бие засах газарт үерийн ус орсон мэдээлэл “Эх орны манаа” сонин редакцид ирсэн. Үүний зэрэгцээ хилчид үерт автсан айл өрхүүдэд тусламжийн гараа сунгаж, ард иргэдээс талархал хүртсэн сайхан мэдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. 
Хилчид хэзээд ядарсан нэгэнд туслахад бэлэн байдаг тийм л халуун сэтгэлт ахан дүүс. Ниймийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйлсийн аяныг өөрийн анги байгууллага, хамт олны дунд өрнүүлж байдаг болохоор үйлс нь үргэлж өөдөө байдаг бизээ. Энэ удаад Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт хилчид орон нутгийн ард иргэдэд хэрхэн тусласан сурвалжлагыг хүргэж байна.
Хилчиддээ баярлалаа
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан. Үерт автсан 225 өрхийн 1,566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг найман байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татаад байгаа юм. 
Үерийн гамшигт өртсөн ард иргэдэд туслах ажилд Хилийн 0165 дугаар ангийн хилчид гар бие оролцсон билээ. Долдугаар сарын 14-17-ны өдрүүдэд “Аймгийн онцгой байдлын газартай харилцан ажиллах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, гамшигт өртсөн ард иргэдэд туслах хуримтлагдсан их хэмжээний үерийн усанд иргэдийн эд хөрөнгө өртөхөөс хамгаалах, үеэрийн усыг зайлуулах, дахин бороо орж үеэр буухаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5,1 км шуудуу, далан босгоход давхардсан тоогоор 15 нэгж техник, 113 алба хаагч /Офицер-21, Ахлагч-43, үйлчилгээний ажилтан-19, ХЦАХ-30/ ажилласан байна.
Ангийн хүч хэрэгслээр 450 хүн,  65 автомашиныг аюулгүй газарт татан гаргах, 73 айл, хоёр аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх, 1.5 км газар далан босгох, 60 м шуудуу татах ажлыг тус тус хийж гүйцэтгэн, дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах илүүдэл усыг цөөрөмд юүлэх ажлыг зохион байгуулжээ.
Үүний зэрэгцээ үерийн голомтод ажилласан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний анги салбаруудаас томилогдон ажиллаж байгаа нийт 250 алба хаагчдад өдөрт дөрвөн  удаа хоол ундаар үйлчилсэн. Дээрх тусламжийн арга хэмжээг цаг алдалгүй үзүүлсэнд орон нутгийн ард иргэд гүнээ талархаж байгаагаа хилчдэд маань илэрхийлээд байгаа юм.
Үерийн дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Долдугаар сарын 23-ны өдөр хуваарийн дагуу Өлгий сумын 12 дугаар багийн хэсэгт ажиллаж, 328 м.кв талбайн хог, шавар, шалбаагийг аймгийн нэгдсэн хогийн цэгт тээвэрлэн зайлуулах арга хэмжээ авсан. 
Мөн “СУАТ” ХХК-ны бохир усны машинаар 15 тн ус зөөж асгаад байна. Ангийн албан хаагчдаас үерт автсан 13  өрхийн хүмүүсийг аюулгүй газарт шилжүүлж, түр хоргодох байраар ханган шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Үерт автсан ангийн албан хаагчдад туслах зорилгоор бие бүрэлдэхүүний дунд хандивын аян өрнүүлэн хоёр сая гаруй төгрөг цуглуулан хашаа, байшин нь нурсан албан хаагчдад  хуваарилан олгож дэмжлэг үзүүлээд байгаа юм. 
2018 оны 08 сарын 01 | Үзсэн : 151