Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БАЙЛДАН ДАГУУЛСАН БАЙТАГ БОГД
Алс баруун хязгаарт 70 жилийн өмнө Монголын хилчид Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн төлөө олон удаагийн зэвсэгт тулгаралтыг хийж, эрэлхэгээр тулалдаж явсан түүх бий. Өдгөө тэдгээр хилчин эрс төрөлх нутгийнхаа газар шороонд мөнх нойрсож байгаа. Тэд энэ газар нутгийг үр хойчдоо үлдээхийн төлөө цэл залуу нас, дэврүүн их хүсэл мөрөөдөл, амраг хайртай бүсгүй, алаг хонгор үрс, ачтай буурал ээж, аавыгаа орхин Монгол Улсын төлөө зүтгэсэн. Тэдний байгуулсан гавьяаг үеийн үед мартаж үл болно. Өнгөрсөн түүхийг өнөөдрийн залууст нэхэн сануулах зорилго бүхий дэлгэцийн томоохон уран бүтээл бол “Жийж” болон “Фантастик” продакшны  бүтээсэн “Маш нууц 2” Байтаг богд уран сайхны кино юм. Кино өнгөрөгч гуравдугаар сарын 1-ний өдрөөс дэлгэцнээ гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан.
Киноны ерөнхий найруулагчаар МУГЖ О.Бат-Өлзий, найруулагчаар СТА Б.Тамир, ерөнхий продюссерээр МУАЖ С.Сарантуяа ажилласан юм. 
“Маш нууц 2” Байтаг богд уран сайхны кино баруун хилд болж байсан зэвсэгт тулгаралтуудаас 1948 оны долдугаар сарын 8-ны өдөр Байтаг богд уулын Бүдүүн харгайтын голын хавцлын аманд болсон тулгаралтыг харуулсан байдаг. Уг тулгаралтад Дамжигийн сумангийн дарга Майдараас үүрэг аван хилийн манаанд явсан хилчид Гоминдааны цэргүүдтэй эрэлхэгээр тулалдсан үйл явдлыг харуулдаг билээ. 
Бүдүүн харгайтын тулгаралтад улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын хилчид оролцсон. Хүч тэнцвэргүй тулгаралтад хилчид эцсийн сумаа дуустал  эрэлхэгээр хоёр цагийн турш  тулалдсан байдаг. Түүхэн баримтанд тулгуурласан “Маш нууц 2” Байтаг богд кино дэлгэцнээ гарснаас хойш Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоож байлдан дагуулж чадсан юм. 
Энэ онд баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ой болж байна. Киноны уран бүтээлчид Хил хамгаалах байгууллагад өөрсдийн бүтээлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа наймдугаар сарын 13-ны өдөр ХХЕГ-т болсон юм. Ёслолын ажиллагаанд ерөнхий найруулагч МУГЖ О.Бат-Өлзий, найруулагч СТА Б.Тамир, ерөнхий продюссер МУАЖ С.Сарантуяа, МУ-ын баатар Б.Гивааны дүрд тоглосон жүжигчин СТА Ж.Алтаншагай, МУ-ын баатар Л.Даваадоржийн дүрд тоглосон жүжигчин СТА Б.Барслхагва, МУ-ын баатар Б.Тэгшээгийн дүрд тоглосон жүжигчин Э.Одбаяр, МУ-ын баатар С.Лхагвадоржийн дүрд тоглосон жүжигчин СТА Б.Ганчулуун, Ч.Пэлжээгийн дүрд тоглосон жүжигчин Э.Баярмагнай, Н.Дандархайдавын дүрд тоглосон жүжигчин Э.Мөнхбат, Д.Чойжингийн дүрд тоглосон жүжигчин Т.Төгөлдөр, Л.Гончигзэгвэгийн дүрд тоглосон жүжигчин СТА Э.Алдар, Т.Баянгийн дүрд тоглосон жүжигчин Г.Содбаяр, Э.Архадын дүрд тоглосон жүжигчин СТА Б.Батсайхан, гоминдааны цэргийн офицерын дүрд тоглосон жүжигчин СТА М.Баярбат, Монгол бүсгүй Буянхишигийн дүрд тоглосон жүжигчин СТА Ц.Алдармаа нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. 
Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн бүрийг байлдан дагуулсан Байтаг богдын гайхамшигт түүх ийнхүү хилчдэд ирлээ.
2018 оны 08 сарын 16 | Үзсэн : 497