Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын хилийн аюулгүй байдлын асуудалд манай улсын эрдэмтэд төдийгүй олон улсын судлаачид анхаарал хандууллаа. “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдав.

Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Холбооны Бүгд найрамдах Герман улсын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухааны үндэслэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг сайжруулах, хил хамгаалах, хилийн хяналтын ба хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад энэ удаагийн хурлын зорилго оршиж байв. ХСИС 2012 оноос эхлэн үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулахад тулгамдсан тодорхой асуудлыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, практик байгууллагын ажилтнуудын саналыг сонсон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж заншжээ.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, ““Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн, мэргэжилтэн, багш судлаачид та нартаа Монгол Улсын мянга мянган хилчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилье. Хил хамгаалах байгууллага нь эх орон, төр засгийн өмнө хуулиар хүлээсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын төр засгаас улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахих, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шуурхай шалган нэвтрүүлэх, хилийн хэсгийн инженерийн төхөөрөмжлөл, усан хил хамгаалалтын шинэчлэлийг хийх болон хилчдийн алба хаах нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байгаад хилчид бид баяртай байдаг юм.

Хилчид маань эх орныхоо дархан хил хязгаарыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийн хэм хэмжээнд сахин хамгаалахын зэрэгцээ манай орны найрсаг харилцаат мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай хамтарч улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах ариун үүргээ гүйцэтгэдгээрээ бахархаж байдаг билээ. Хил хамгаалах байгуллага нь улсын хил хязгаарт үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр зочид төлөөлөгчид та нарыг урьж олон улсын хил хамгаалах онол, практикийн арвин туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой гэж үзэн энэхүү эрдэм шинжилгээний хурлыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа юм. Энэ удаагийн хурлыг улсын хилийн аюулгүй байдалд тулгамдсан асуудлыг хөндөж, санал зөвлөмж дэвшүүлэхээр санаачлан зохион байгаа тус сургуулийн эрдэмтэн судлаачид, хамт олонд, хамтран зүтгэгч эрдмийн нөхдөд баяр хүргэе. Эрдэм шинжилгээний хурлын ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг төрийн захиргааны 35 байгууллага, зургаан их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 10 хүрээлэн, төрийн бус гурван байгууллагын 300 гаруй эрдэмтэн, судлаач, 350 гаруй залуу судлаач, гадаадын 20 гаруй байгууллагын зочид, төлөөлөгчид, элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын 50 гаруй ажилтан гээд нийт 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцлоо.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үндсэн хуралдаанаас гадна “Хилийн аюулгүй байдлыг хангах бодлого, түүний хэрэгжилт”, “Хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, эрх зүйн орчин, инноваци”, “Хилийн аюулгүй байдал ба хамтын ажиллагаа” сэдвүүдийн хүрээнд 20 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцсэн юм.

Хил хамгаалах ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Алтанхүү “Some lssues on Border Security of Mongolia and China”, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Чойбаатар “Монгол Улсын усан хил хамгаалалтын асуудал” сэдвээр салбарынхаа асуудлыг ярьж, санал бодлоо солилцов.

Мөн “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай, “Хилийн аюулгүй байдлыг хангахад уул уурхай, ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа нөлөөлөх нь” сэдвээр ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн дарга, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд нарын олон хилчин эрдэмтдийн илтгэл олны анхаарлыг татаж байв.

Хуралд оролцогч хил хамгаалах, хилийн хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын дунд “Монгол Улс, Оросын холбооны улсын хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд “Хил хамгаалах ба Хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Хил хамгаалах ба Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа”, “Хил хамгаалах ба Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион явуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гарсан зөвлөмжийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Энэхүү зөвлөмжид Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого болон бусад холбогдох хуулиудад Хилийн аюулгүй байдлын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагааг санамж бичиг, харилцан ажиллагааны төлөвлөгөөгөөр бус дээд шатны байгууллага, Засгийн газрын тогтоол, холбогдох яамдын сайдын баталсан журмаар зохицуулдаг эрх зүйн үндсийг бүрдүүлэх, Улсын хил орчмын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн татвар болон эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг хөнгөвчлөх, алслагдсан бүс нутгийн урамшуулал олгох замаар хилийн бүсийг эзэнтэй болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, Хил дамнасан болон хилийн бүсэд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхойлох суурь судалгааг гурван жил тутам хийж, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байх зэрэг чухал ач холбогдолтой саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулав. Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо. Энэхүү зөвлөмж нь холбогдох чиглэлд хүрч эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа эрдэмтэн судлаачид энэ үеэр илэрхийлж байв.

Мөн олон улсын төлөөлөгчид энэ удаагийн бага хурлыг цаг үеэ олсон, зохион байгуулагдах зайлшгүй шаардлагатай, нэгдмэл ойлголт бүхий сэдвийн дор явагдаж байна гэж дүгнэж байлаа. Тус хурлаар дамжуулан улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын уламжлалт хамтын ажиллагаа, харилцаа, хамтран ажиллах цар хүрээ улам өргөжин нэмэгдэж хилийн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалахад төдийгүй хөрш орнуудын бүс эдийн засгийн хөгжилд илүү хүч нэгтгэсэн баталгаа болно гэж үзэж байлаа.

 

2018 оны 10 сарын 12 | Үзсэн : 150