Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ДЭСЛЭГЧ Г.ГАНЗОРИГ: АРВАН РАУНДЫН ТУРШ ЧАНСАА ШААРДСАН ТОГЛОЛТ ХИЙЖ ЯЛЛАА

Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын Байлдааны самбо, гардан тулааны сургагч, дэслэгч Г.Ганзориг мэргэжлийн боксын дэлхийн дөрвөн том холбооны нэг болох IBF-тэй гэрээ байгуулсан анхны тамирчин болжээ. Тэрбээр гэрээний дагуу БНХАУ-ын  нийслэл Бээжин хотод арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан мэргэжлийн боксын IBF-н холбооны чансаа ахиулах тулаанд ялалт байгуулаад эх орондоо ирэхэд нь ярилцлаа.

-Юуны өмнө нийт хилчдийн өмнөөс амжилт гаргасанд баяр хүргэе. Тулааны талаар сонирхуулаач?

-Тайланд улсын тамирчин Шиттхидэт Вандитай 135 lbc буюу 61.2кг жинд арван раунд тулалдан ялалт байгууллаа. Тулааны хувьд их хүнд болсон. Мэргэжлийн боксын рингэн дээр тасралтгүй арван раунд буюу бүтэн нэг цаг тулалдана гэдэг чансаа шаардсан тоглолт болдог. Миний хувьд рингэн дээр гарч тулалдаагүй олон жил болсон. Бас 16 кг жин хасаж орсон. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд ядралгүй сайхан тулаан хийгээд ирлээ. Тэмцээнд явах бэлтгэлийг хангахад ангийн удирдлага, хамт олон маш сайн дэмжиж өгсөн. Түүнийхээ үр шимийг хүртсэндээ баяртай байна.

-Мэргэжлийн боксын IBF-н холбоотой хэзээнээс гэрээ хийв. Гэрээний дагуу жилд хэчнээн тулаан хийх вэ?

-Сонирхогчдын боксоос мэргэжлийн бокс руу ороход тив дэлхий, олимпийн аварга байсан ч хамгийн доод шатнаас эхэлдэг. Миний хувьд 2005 оноос эхэлж мэргэжлийн бокс руу орсноос хойш арав гаруй удаагийн тулаан хийж 2010 онд Пан Азийн аварга болсон. Мэргэжлийн боксын холбоонууд тамирчдынхаа тулаан, чансааг судалж байгаад өөрсдөө сонгож авдаг дүрэмтэй. Үүний дагуу мэргэжлийн боксын IBF-н холбооноос гэрээ хийх саналыг надад тавьсан. Мэргэжлийн боксын тамирчид нэг тулаанаас бэртэл гэмтэл их авдаг учир гурван сар амрах ёстой байдаг. Тиймээс жилд 2-4 тоглолт л хийнэ. Миний дараагийн тэмцээн хоёр, гурван сард байх болов уу гэсэн таамагтай байгаа. Холбооны тамирчин бүр өөрийн менежертэй байдаг. Менежер нь тамирчны тоглолт, зардал, төсөв гээд бүгдийг нь зохицуулж өгдөг.

-Таны хувьд хэдэн тулаан хийсний дараа бүсний төлөө тулалдах вэ?

-Миний дараагийн тулаан шууд бүсний төлөө тоглох болов уу гэж тооцоолж байна. Учир нь энэ удаагийн тулаанд арван раундын тоглолт хийсэн. Энэ нь өндөр үзүүлэлт. Энэ удаагийнх биш юм гэхэд түүний дараагийн тулаан бүсний төлөөх тоглолт байх болно. Аваргын бүсээ авсан тохиолдолд бүсээ хамгаалах тулааныг гурван сарын дотор  гурван удаа заавал хийнэ. Мөн IBF-н холбооны Азийн аварга болох юм бол  шууд дэлхийн аваргад тулалдана.

-Мэргэжлийн боксын IBF-н холбоотой гэрээ хийсэн анхны Монгол тамирчин боллоо. Таны амжилт сайн байвал дараагийн тамирчид энэ холбоонд хөл тавих үүд хаалга нээгдэнэ гэж ойлгож байна?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд анхны гэрээ хийсэн тамирчин гэдэг утгаараа хариуцлагатай хандаж байна. Цаашид ч энэ сэтгэлээр хичээнэ.

 

2018 оны 11 сарын 07 | Үзсэн : 355