Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИН ДЕПУТАТУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТААС

 Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил өнгөрөөд байна. Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. Тиймээс ч жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирэв. Тиймээс Хилийн цэргээс Ардын их хурлын депутатаар сонгогдсон ахмад хилчидтэй хийх уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад тухайн үед нийт хилчдээ төлөөлөн БНМАУ-ын Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан эрхэм хүндэт хоёр хилчин хүрэлцэн ирсэн нь хошууч генерал Я.Пүрэвдорж, бэлтгэл хурандаа Ц.Дамцагдорж нар байлаа. Дээрх хилчдээс гадна тухайн үед хурандаа Ч.Намсрай, хурандаа М.Лхагвасүрэн, доктор П.Даш нар оролцсон байдаг юм.

Одоогоос 27 жилийн тэртээ Монгол Улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжиж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан юм. Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй. Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээсээ яс үндэс, мэдлэг боловсрол, шашин шүтлэг харгалзалгүй өргөн санал авч Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, Ардын их хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхэн сонирхолтой үйл явцыг ахмад депутатууд, эрхэм хилчид энэ үеэр сонирхуулав. Үндсэн хуулиа монголчууд "эцэг хууль" гэж нэрлэх нь бий. Тус хуулийг батлахад өөрийн дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулж явсан ахмад хилчдээс “Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдал ямар байсан, шинэ үндсэн хуультай болох нөхцөл шаардлага юунаас үүссэн, хууль батлахад депутатууд ямар үүрэг оролцоотой байсан. Ялангуяа хил, хилчдийн төлөөлөл болсны хувьд та бүхэн юун дээр голчлон анхаарсан?” зэрэг хөтлөгчийн асуултад эрхэм зочид хариулт өгч ярилцсан юм.
Хошууч генерал Я.Пүрэвдорж уулзалтын үеэр Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын “Монгол Улсын үндсэн хууль” номыг бэлэглэсэн юм. Хилчин депутатуудын төлөөлөл одоогоос 27 жилийн өмнө монгол төрийн тулгуур баримт бичгийг батлах түүхэн үйл явдалд оролцож явсныг залуу хойч үе нь ихэд хүндэтгэн үзэж байна. Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлж чадсан юм. Үндсэн хууль өөрөө ердийн нэгэн тунхаглал биш. Харин амьдралд өдөр тутам хэрэгжих ёстой хамгийн дээд хүчин чадалтай хууль байх учиртай. 
2019 оны 01 сарын 09 | Үзсэн : 75