Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэнд хилчид оролцов

Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн нэгдүгээр сарын 25-ны өдөр боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнг энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан зохион байгуулав. Үзэсгэлэнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн Хилийн 0288, 0119 дүгээр ангиуд өөрсдийн хийж, бүтээснээ танилцуулсан юм.  

Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ энэ төрлийн бусад үйлдвэрийн газруудаас ялгаатай. Энэ удаагийн үзэсгэлэнд барилга орон сууц, барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа хэлэхдээ, “Өнгөрсөн онд шинэ технологи нэвтрүүлсэн учраас энэ удаагийн үзэсгэлэнд арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдлээ. Үүний ихэнх хувийг ноос ноолууран эдлэл эзэлж байна. Мөн “Алба хаагч бүрт орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хөнгөн блокны үйлдвэрийг ашиглалтад оруулж орон сууцны м2-ийн хамгийн доод үнийг алба хаагчиддаа санал болгож эхэлсэн. Мөн энэ үзэсгэлэнг зохион байгуулснаараа үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж, борлуулалт өсөж байгаа” гэлээ. Тус үзэсгэлэнд “Цагаан шонхор” ТӨААТҮГ, Хилийн 0119, 0288 дугаар анги, ШШГЕГ-ын 12 хорих анги, дөрвөн улсын төсөвт үйлдвэрийн газар оролцож зочдод өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, газар дээр нь худалдаж, захиалга аван хамтран ажиллах талаар санал солилцсов. Харин Хилийн 0288, 0119 дүгээр ангиудын хувьд өөр өөрсдийн онцлог, мэргэжлийн ур чадварыг харуулсан бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, цэргийн дүрэмт хувцсыг энгийн нэг оёдлын үйлдвэр оёж чадахгүй. Учир нь эсгүүр, оёдол нь энгийн хувцаснаас тэс өөр, тогтсон стандартаар хэмжигддэг. Харин барилгын хувьд хилийн анги, салбаруудын газар орны байршил, бүтэц зохион байгуулалт нууцын зэрэгтэй учраас тэнд хийгдэх барилга, бүтээн байгуулалтын ажлыг гадны барилгын компанид хариуцуулж өгөх боломжгүй гэх мэтчилэн албаны онцлог, мэргэжлийн ур чадвараа харуулсан юм.

Хилийн 0288 дугаар ангийн хувьд өнгөрсөн онд Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ бүрэн биелүүлж дуусчээ. Сүүлийн хоёр жилд алба хаагчдын хувцасны шинэчлэлийн хүрээнд материалын чанар илүү сайжирч, материал, загварыг улсын стандартаар баталгаажуулсан байна. Уг үзэсгэлэнд шинээр загварыг нь гаргасан хилийн манааны нэмэгдэл хувцас, тусгай ажиллагааны хувцас, ХЦДБЧ-ын уран бүтээлчдийн хувцас, баримт бичгийн шалгагч нарын хувцасны загваруудаа дэлгэн үзүүлсэн. Мөн тус анги 2017 онд хатгамлын машин худалдан авч цэргийн хувцасны хатгамлаа бие даан оёж эхэлжээ. Энэ мэтчилэн техник, тоног төхөөрөмжийн нөхцөл боломжоо судалж, бүтээгдэхүүнээ илүү чанартай, илүү загварлаг болгохын төлөө ажиллах болно гэдгийг удирдлагуудын зүгээс тодотгож байсан юм. Харин Хилийн 0119 дүгээр анги /ТӨААТҮГ/-ийн Захирагчийн I орлогч, ерөнхий эдийн засагч, ахмад Х.Хассуурь, “Өнөөдрийн үзэсгэлэнд анги, байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны талаар болон өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг дэлгэн танилцуулж байна. Тухайлбал, Хилийн 0168 дугаар ангийн иж бүрэн цогцолбор барилга, "Харуул-Алтай" хотхоны 786 айлын орон сууц, Хилийн 0130, 0243 дугаар ангийн он дамжсан барилга угсралтын ажлууд байна.

Манай хамт олон 2019 онд Хилийн 0130, 0243 дугаар ангиудын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад өгөхийн зэрэгцээ "Харуул-Алтай" хотхонд хүүхдийн цэцэрлэгийн барилга, таун хаусын хорооллыг үргэлжлүүлэн барих ажил судалгааны түвшинд явагдаж байна" гэлээ.

 

2019 оны 01 сарын 28 | Үзсэн : 401