Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ЭХ ОРОН ЭРЭЛХЭГ ХҮҮГЭЭ МАРТАХГҮЙ”
Монгол Улсын Засгийн газраас Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Төлөвлөгөөт ажлын нэг болох Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан киног уран бүтээлчид нь хийж дуусган нэгдүгээр сарын 29-нд үзэгчдийн хүртээл болголоо. 
“Эх орон эрэлхэг хүүгээ мартахгүй” энэхүү баримтат уран сайхны кинонд эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүтэн байдлын төлөө 1939 онд Халхын голын дайнд оролцож, эрэлхэгээр амь үрэгдсэн VI морьт дивизийн дарга, хошууч Чимэдийн Шаарийбуугийн тухай өгүүлжээ.
Киноны гол баатар Чимэдийн Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрж, 1932 онд цэргийн албанд татагдан Тамсагбулаг дахь цэргийн ангид алба хааж байхдаа Бага даргын сургууль төгсөн жагсаалын болон сумангийн даргаар ажиллаж байгаад 1937-1939 онд ЗХУ-ын Тамбовын Морин цэргийн сургуулийг онцсайн дүнтэй төгсөн, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагийн VI дивизийн тагнуул ангийн дарга, удалгүй дивизийн даргаар томилогджээ. 1939 оны эхээр Халхын гол орчмоор Японы цэрэг дайрсан тухай мэдээ авмагц Ч.Шаарийбуугийн удирдсан дивизийг татан аваачсан бөгөөд тавдугаар сарын эхний ширүүн тулалдаануудад амжилттай оролцсон байна. Харин 1939 оны тавдугаар сарын 27-28-нд Японы талаас хийсэн хүчтэй давшилтын үеэр VI дивизийн штаб дайралтанд өртжээ. Харин Ч.Шаарийбуу сургагчийнхаа хамт сургуулийн сумангаа удирдан штабаа хамгаалан тулаанд орж, эрэлхэгээр амь үрэгдсэн байна. Түүний шарилыг зургадугаар сарын 05-нд олж Тамсагбулагт хүндэтгэлтэйгээр оршуулсан түүхтэй ажээ.
Энэхүү түүхэн баримтад уран сайхны кино зохиолыг Монголын радиогийн ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, хурандаа Г.Нэргүй нар бичиж, ерөнхий найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж, хөгжмийн зохиолчоор Б.Ганхөлөг, зураачаар Д.Батхөлөг нар ажиллажээ. Киноны нээлтэд Халхын голын ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, БХЯ, ХХЕГ-ын удирдлага, орон нутгийн төлөөлөл оролцож, Зайсан дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Урьд өмнө үзэгчдэд дэлгэгдэж байгаагүй түүхийн ховор баримтаар зохиомжлогдсон нь нэн сонирхолтой баримтад түүхэн киноны эх хувийг “Цэргийн түүхийн архив”-д хадгалуулан үлдээлээ.
2019 оны 02 сарын 02 | Үзсэн : 130